Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор өнөөдөр эхэллээ.
Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, НЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэв. Тэрбээр, “Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүн бүр, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарьж ургуулдаг, байгаль хамгаалагч байх ёстой” хэмээв.
Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөв бодлого, төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчээ бэлтгэх, үрслэгээ, бордоо, хүлэмжийн болон ойн аж ахуй байгуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, усан хангамж зэргийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжтой. Үүнийг даган олон ажлын байр бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна. Монгол Улсын 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна, халамжийн бодлогыг мод тарьж ургуулахтай холбоно” хэмээлээ.
Мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа иргэдэд төрийн дээд одон, медаль, шагналыг түлхүү олгож байхаар төлөвлөснөө хэлэв. Тэрбээр “Тэрбум мод” санаачилгыг талархан хүлээн авч, хамтран ажиллаж эхэлсэн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэг бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулахын зэрэгцээ нэг хүнд ногдох 5.6 м2 ногоон байгууламжийн хэмжээг ойрын жилүүдэд 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьснаа онцлов.
Ойчдын төлөөлөл эхний ээлжинд 200 мянган модны тарьц, суулгац хандивлаж байгааг академич, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржав хэллээ. Тэрбээр ирэх 10 жилд гэр бүлийнхээ хамт Шилийн богд ууланд 50 мянган шилмүүст мод тарьж ургуулахаа амлаж, үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн гэр бүлээрээ мод тарьдаг өдөртэй байх санаачилга гаргав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт энэ сарын 4-11-нд үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид нийслэлийн дөрвөн дүүргийн сонгосон байршилд мод тарилаа.
Мөн Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аянаа албан ёсоор эхэлжээ.