Кесар хагалгаагаар гурав, дөрөв, тав ч төрж болно гол нь...
Энэ удаагийн ярилцлагаар кесар хагалгаагаар төрсөн ээжүүдэд зориулан Ачит манал” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй их эмч Ц.Болормаатай ярилцлаа.
-Ээжүүд маань жирэмсний сүүл үеийн хордлого, суурь өвчин, ямарваа нэг аюултай нөхцөл байдлаас шалтгаалан кесар хагалгаанд ордог шүү дэ. Тэгвэл дахин төрөлтийн хугацаа хамгийн багадаа хэдэн сар, жил байх вэ?
- Кесар хагалгаагаар төрсөн ээжүүдийн дараагийн төрөлтийн давтамж нь практик дээр мөн судалгаанаас харвал гурван жилийн зайтай байх нь эхийн умай /энгийн хэллэгээр сав/ дахь сорви эдгэж, дараагийн жирэмсний тээлтийн явцад ямар нэгэн эрсдэл хүндрэлгүй байна гэж үздэг. Сүүлийн үед эмч нарийн ур чадвар, хагалгааны техник, мөн гэр бүлийн төлөвлөлттэй холбоотойгоор жилийн зайтай төрөх тохиолдол бий болсон.
- Чухамдаа ээжүүд кесар хагалгаагаар ойр ойрхон төрөхийн аюулыг тэр бүр сайн мэддэггүй. Энэ талаар?
- Хэтэрхий ойрхон зайтай төрвөл умайн сорвины хэврэгшил үүсдэг. Үүнээс үүдэн умай нимгэрэх, урагдах эрсдэлтэй.
Хэрвээ сорви урагдвал хүүхдээ цааш тээх боломжгүй, цаашлаад умай саваа тайруулах хүртэл хүндрэл гардаг.
Иймээс ээжүүд мэдлэг мэдээлэл тутмагаас шалтгаалан өөрийн болон хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг алдаж болохгүй юмаа. Аль болох аль болох сорви эдгэсэн хойно хүүхэд тээх нь чухал. Хэрвээ гэр бүл төлөвлөлт хожуу зохиож байгаа бол заавар зөвөлгөө авч, хагалгааны техник, хэрэглэхдэх утас, эмчийн зөвөлгөөнд анхаарах хэрэгтэй.
- Сүүийн үед хүмүүс кесар хагалгаагаар гурав, дөрөв, тав ч төрж болно гэж ярих юм. Тэгвэл яг хэд төрөх боломжтой вэ?
- Түрүүнд дурьдсан шүү дээ, хагалгааны сорви шарх, хэрэглэх утасны чанар , хагалгааны техник болон эх ямарваа нэг суурь өвчингүй, гураваас дээш жилийн дамтамжтай төрсөн бол хоёр болон гурав гэж заахгүйгээр тав , зургаа дах удаагаа төрөх боломжтой.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тав болон зургаа дах удаагаа кесар мэс засалаар төрж байсан тохиолдолууд байдаг.
- Кесар хагалгаагаар төрсөн ээжүүд өөрөө төрөх хүсэл их байдаг. Тиймээс өөрөөрөө төрөх гэж төлөвлөж буй ээжүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Өмнөх төрөлтийн явцад хүүхдэд ямарьаа нэг эрсдэл үүссэн үед хагалгаагаар төрсөн ээжүүд дараа нь өөрөөрөө төрөх хүсэлтэй байдаг. Энэ тохиолдолд ээжүүд өмнөх хагалгаанаас 3-5 жилийн зайтай жирэмслэх бөгөөд хүүхдийн жин хэт том биш байх, эхийн аарцаг ястай хүүхдийн жингийн харьцаа тохирсон байх ёстой. Мөн жирэмсний хожуу үеийн хордлого / даралт, хаван / мөн эх нь суурь өвчингүй байна. Ямарваа нэг эрсдэл, өвчин эмгэг байна гэдэг нь доогуураа төрөх боломжийг багасгах учраас эмчтэйгээ зөвлөн, эмчийн хяналтанд сайн орж хооллолт, хөдөлгөөний дэглэмээ баримтлаарай.
- Хагалгааны явцад эмч нар босоо зүсэлт, хөндлөн зүсэлт хийдэг. Энэ хоёрт ямар ялгаа байгаа бол?
- Хэвлийн өмнөд хананы зүслэгээс шалтгаалдаг. Энэ нь хэвлийн гол шугамаар босоо зүслэг, өндгөвчний дээгүүрх хөндлөн зүслэг юм. Эдгээр нь хагалгааны техник шалтгаалаад янз янзын нэртэй байдаг. Гэхдээ сүүлийн үед хэвлийн босоо зүсэлтийг хийх нь ховордсон. Ямар тохиолдолд энэ хагалгааг хийх вэ гэхээр
Эрхтэн системийн маш гүнзгий өөрчлөлттэй, цусний эргэлтийн системд өөрчлөлт үүссэн, цус бүлэгнэлтийн гажуудал үүссэн маш хүнд ээжүүдэд хийх юм.
Хэвлийн гол шугамаар босоо зүслэг хийх нь хагалгааны дараах эрсдэл хүндрэлийн бууруулж өгдөг.Харин дээрх шинж шинж тэмдэг өөрчлөлтүүд үүсээгүй тохиолдолд хөндлөн зүсэлтээр хагалгаа хийгдэж байгаа. Эмэгтэйчүүдийн гоо зүйн хувьд ч хөндлөн зүсэлт хийх нь илүү тохиромжтой юм.
Ингээд уншигч та бүхнийг багахан ч гэсэн мэдлэг, мэдээлэл авсан гэж найдъя. Мөн ярилцлаганд тусгагдаагүй асуулт байгаа бол “Ачит манал” эмнэлгийн хагас сайн өдөр бүр болох үнэ төлбөргүй сургалтанд хамрагдаж зөвөлгөө авах боломжтой. Ц.Болормаа эмч нь ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй их эмч бөгөөд одоо тикреттэй байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Төрсний дараа амрах хугацаандаа ч гэсэн өөрийн мэдлэгээ бусдад үнэ төлбөргүй түгээхдээ сэтгэл хангалуун байна” сэтгэгдэлээ хуваалцсан юм. Харин дараагийн ярилцлага эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах талаар бэлтгэгдэж байна.