Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
Өмнөх ярилцлагаараа бид кесар хагалнааны талаар ярилцсан билээ. Тэгвэл жирэмснээс хамгаалах аргууд олон болсон гэвч бүсгүйчүүд маань эдгээрийн алийг нь хэрэглэх хэрэгтэй, ямар ямар нөлөөтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Иймээс бүсгүйчүүддээ зориулж хэдэн асуулт зөвлөгөөг Ачит манал эмэгтэйчүүдийн эмч Ц.Болормаатай ярилцлаа.
- Жирэмснээс хамгаалах аргуудыг хэрэглэхдээ бүсгүйчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Заавал үрэвслийн шинжилгээ өгч эмчилгээ хийлгэх. Ингэснээр дараа сарын тэмдэг ирээд тав дах өдөр нь ерөндөг болон суулгацаа тавиулах юм. Ер аль ч тохиолдолд эмчтэйгээ уулзаж зөвлөлдөн, үзлэг хийлгэж жирэмснээс хамгаалах аль арга нь өөрт үр дүнтэй вэ гэдгийг л мэдээд авах хэрэгтэй. Дур мэдэн өөрийн бие физиологийн онцлогт таарахгүй зүйл хэрэглэх нь эрсдэлтэй.
- Үрэвслөө эмчлүүлэлгүй суулгац, ерөндөг тавиулан , цаашлаад хувийн ариун цэврийг муу сахивал гарах сөрөг нөлөөллийн талаар?
- Үрэвсэлтэй умайд ерөндөг суулгавал өгсөх замын халдвар болно. Ингэснээр Хоёр талын гуурсан хоолой, өндгөвч зэргийг өвчлүүлж цаашлаад жирэмсэн болоход саад учрах, мөн мэс заслын аргаар гарсан хүндрэлийг шийдэх хүртэл эрсдэлтэй.
- Ямар хүмүүс жирэмснээс хамгаалах эмийг хэрэглэж болохгүй заалттай байдаг вэ?
- Судасны тромбоз, хэт таргалалттай, чихрийн шижинтэй, дотоод шүүрлийн эмгэгтэй хүмүүс жирэмснээс хамгаалах эмийг ууж болохгүй.
Мөн өмнө нь дааврын хамааралтай хавдрын улмаас мэс засал хийлгэж байсан бол дааврын эм уух нь харьцангуй аюултай эрсдэлтэй байдаг юм шүү.
- Жирэмснээс хамгаалах эмийг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Ямарваа нэг ам тариаг хэрэглэхдээ аль болох эмчийн заавраар хэрэглэх нь маш зөв байдаг. Гэвч бүсгүйчүүд ам дамжсан яриагаар эм хэрэглэх нь элбэг. Гэвч тухайн хүн болгоны бие физиологийн онцлог өөр шүү дээ. Дур мэдэн өөрсдөө эм уух нь дараа гарах хүндрэл, эрсдэлийг бодож тооцоолдоггүй үүнийг анхаарах хэрэгтэй.
- Тэгвэл умайн хөндийн суулгацыг тавиулахад анхаарах сэрэмжлэх зүйлс?
- Умайн хөндийн ерөндөг тавиулах хүсэлтэй эмэгтэйчүүд маань өөрсдийн дааврын хэмжээнээс хамааран эмчтэйгээ зөвлөлдөж, аль төрлийн суулгацыг /нэг савхтай, хоёр савхтай, алттай, зэстэй, мөнгөжүүлсэн гэх мэт/ хэрэглэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Үүнээс үрэвсэлтэй хүмүүс, мөн бэлэг эрхтний гаж хөгжилтэй /салаа умайтай, хоёр умайтай нэг умайн хүзүүтэй гэх мэт/ хүмүүс эсрэг заалттай.
-Зарим ээжүүд гурван сарын зайтай тариулдаг, тариаг хийлгэчихдэг, таргална турна гэхгүй, гарандаа зүсэлт суулгац ч хийлгэхгүй, шинжилгээ ч өгөхгүй амар гэлцдэг. Өрх дээрээ очоод үнэгүй хийлгэнэ, завгүй бол хувийн эмнэлэг ороод тариулсан ч хямд байдаг гэдэг. Тэгвэл энэ тарианы талаар бидэнд зөвлөөч.
- Уг тариаг эмч нар аль болох эмчилгээнээс түрч гаргаж байгаа. Тариаг удаан хийлгэсний дараа жирэмсэн болох хугацаа нь удаан хүлээлттэй байдаг. Учир нь гурван сарын тариа нь өндгөвчний үйл ажиллагааг хэт дарангуйлдаг.
-Сүүлийн үед ээжүүд савны амсар боолгох талаар их сонирхох болсон. Ямар хүмүүс савны амсар боолгох боломжтой вэ?
- Энэ нь умайн гуурсан хоолойг боож байгаа юм. Эрхтэн системийн өөрчлөлт, зүрх болон элэгний өвчтэй хүмүүст өвчний заалтын дагуу шууд боох боломжтой. Бусад тохиолдолд аль болох энэ аргаас татгалзахыг зөвлөж байна. Хүний амьдралд ямар ч гэнэтийн зүйл тохиолдол болох учир маш сайн бодож, ярилцаж шийдсэний дүнд шийдвэр гаргах хэрэгтэй.
- Савны амсар боолгосныг авхуулж болох болов уу?
- Болохгүй энэ бол маш аюултай. Зарим хүмүүс савны амсар буюу гуурсан хоолойны боолтыг тайлж дурангийн хагалгаагаа хийлгэж хоолойг нээсэн тохиолдол байна гэж сонссон. Гэвч дурангийн хагалгаанд орсон хүмүүс дараа нь жирэмсэн болохдоо савны гадуурх жирэмслэлт болох нь маш өндөр байдаг.