Н.Номтойбаяр: Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд хаана байна вэ?

Н.Номтойбаяр: Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд хаана байна вэ?


1 сар

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
- Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд чинь орж ирдэггүй юм уу, энэ хүн чинь л хар толгойгоороо хариуцах ёстой биз дээ. Сангийн сайд, Эдийн засгийн сайдаас биш гол нь тэр хүнээс л асуулт асуумаар байна шдээ. Төсвийн байнгын хорооны даргаас юугаа асуух юм бэ. Тэртээ тэргүй төсөв 0,7 хувийн өөрчлөлттэй орж ирсэн. Өөрөөр хэлбэл Засгаас өргөн барьсан төсөв УИХ-аар 100 хувь дамжигдаад гарч ирнэ. Төсөв батлагдмагц угаас тодотгол хийнэ. Засгийн газрын байр суурь ямар байгаа юм бэ? Нүүрсний чинь үнэ өдрөөс өдөрт унаад байна. Төлөвлөсөн төсвийн орлого чинь худлаа шд. Мэргэжлийнхэн инфляц 2 оронтой тоонд хүрнэ гээд байна. Доллар 3700₮ давна гээд байгаа, үнэн шүү дээ.

Тодотголын асуудалд гөлөг төөрүүлж байгаа юм шиг асуудалд хандаж болохгүй ээ. Бүгд гуравхан сарын өмнө сонгуулиар мөрийн хөтөлбөрөө ярьсан. Энэ бол улс төрчид ард иргэдтэйгээ хийсэн итгэлцлийн гэрээ. Гэрээгээ зөрчиж залилан хийж байгаагаас өөрцгүй. Цаашлаад хулгай хийнэ. Эвссэн гурван нам нийлээд залилан хийж байна. Шинэ хуучин гишүүдийн ялгаа гаргаж, тэр дундаа жагсаалтаа орж ирсэн хэдийгээ гөлөг болгох гээд байгаа зүйл энэ УИХ-д байж болохгүй ээ. Парламентын дархлаа, улс төрийн эрх чөлөө гэж бий. Төсөв ингэж баталдаггүй юм. Бид хэзээ ч ингэж баталж байгаагүй. Арай хэтэрч байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
- Төсвийн хүрээ, 2026-2027 оны төсвийн төсөөлөл ярьж байгаа тул Ерөнхий сайд заавал байх албагүй. Төсөв өргөн бариад хэлэлцэх, батлах, өөрчлөлт оруулах бүх асуудал УИХ-д шилжиж байгаа. Олон сонгогдсон, шинэ гишүүн гэх ялгаа зааг байх ёсгүй. Гэхдээ туршлагатай гишүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, бусдадаа зөвлөж, парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Тойргоос болон жагсаалтаар орж ирсэн гэж ялгаж болохгүй. Бүгд эрх тэгш оролцох, саналаа хэлэх ёстой. Улс төрийн намгүйгээр парламентын засаглал байх боломжгүй. Төсвийн тодотгол хийх дээр төсвийн байнгын хороо шийдвэр гаргана.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
- Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд байнга байх л ёстой. Тийм дэг жагтай шүү дээ. Асуудал үүсэнгүүт окопондоо /нуувчиндаа/ орчихдог.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү