Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ

Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ


4 долоо хоног

Хүмүүнлэгийн ухааны их сургууль хиймэл оюуныг сургалтдаа нэвтрүүлж, БНСУ-ын их сургуультай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлсэн зэрэг амжилтаар 45 жилийнхээ ойг угтлаа.

Энэ талаар 45 жилийнхээ ойд зориулан зохион байгуулсан “Дижитал үе дэх салбар дундын судалгаа” эрдэм шинжилгээний хурлын үеэр тодотгов. Тус сургууль нь хүмүүнлэг, нийгмийн салбарт хувирган өөрчлөх боловсрол, үр нөлөө бүхий судалгаагаар нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээлч оюуныг чадавхжуулах зорилгыг эрхэмлэн, судалгааны тэргүүлэх чиглэлд салбар дундын судалгааг чухалчлан үздэг аж.

Хиймэл оюуныг сургалтын хөтөлбөртөө хэрхэн үр бүтээлтэй ашиглаж байгаа талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн ахлах багш, доктор Б.Бат-Эрдэнээс тодруулахад, “Манай сургууль өөрсдийн зохиогчийн эрхтэйгээр, зөвхөн дотооддоо ашигладаг, хиймэл оюуны хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Нэг нь машин орчуулгын систем, нөгөөх нь хиймэл оюунт систем юм. Машин орчуулгын системийг хэл шинжлэлийн магистрын оюутнууд орчуулгын технологийн судалгаанд ашигладаг. Харин хиймэл оюуны программыг бакалавр, магистр, докторын түвшний хичээлд, төсөл бичих, даагавар хийх, код бичих, эсвэл судалгаа шинжилгээг хураангуйлах гэхчлэн шинжлэх ухааны судалгаанд ашиглаж болно. Мөн дэлхийн топ сургуулиудын сургалтын системийг ч ашигладаг. Эдгээр системээ цааш нь тэлэх зорилготой байгаа ч зарим нэг технологи, эрчим хүчнээс хамааран хязгаарлагдаад байгаа” хэмээв.

“Дижитал үе дэх салбар дундын судалгаа” эрдэм шинжилгээний хуралд ХУИС, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид дижитал үеийн онцлогт нийцсэн салбар дундын судалгааны ажлуудыг хэлэлцүүлэв.

Тухайлбал, ХУИС профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “НҮБ ирээдүйн төлөөх пакт ба дэлхий нийтийн дижитал кампакт: Зорилго, мөн чанар, санал шүүмжлэл”, мөн сургуулийн профессор А.Амаржаргал “Малчин өрхийн үйлдвэрлэл, асрахуйн үүргийн харилцан хамаарлыг загварчлах нь: Монгол Улсын жишээн дээр”, доктор Б.Бат-Эрдэнэ “UH AI” хиймэл оюунтай багшийн програмыг сургалтад хэрэглэх нь”, МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Алтангэрэл “Хэлний технологи”, ШУТИС-ийн дэд профессор доктор Б.Долгорсүрэн “Граф бүтэц ба салбар дундын судалгаан дахь түүний хэрэглээ” илтгэлээ сонирхуулсан юм. Хуралд БЯ, БЕГ, БСҮХ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, МУИС, МУБИС, ХААИС, ОТИС, ИЗОУИС болон БНСУ-ын Видео урлагийн их сургуулийн төлөөлөгчид оролцлоо.

Хүмүүнлэгийн их сургууль нь БНСУ-ын их сургуультай 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ.

БНСУ-ын Видео урлагийн их сургуулийн дэд захирал захирал Юү Жү Хиёноос 2+2 хөтөлбөрийн талаар сонирхоход, “Энэ хөтөлбөрийг гэнэт эхлүүлчихээгүй юм. Манай сургууль Хүмүүнлэгийн ухааны их сургуультай 2000 оноос хойш нягт хамтран ажиллаж байгаа. Манай хоёр сургууль өмнө нь оюутан солилцоог хэрэгжүүлдэг байсан бол цаашид ямар чиглэлд хамтарч ажиллах нь зохимжтойг судалж байгаад, энэ хичээлийн жилээс тус хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингэхдээ тухайн оюутан эхний 2 жил Хүмүүнлэгийн ухааны их сургуульд онолоо сураад, шалгуур оноогоо авч чадвал 2026 оны намраас эхлээд дараагийн 2 жилдээ манай улсын Видео урлагийн их сургуульд дадлага хийж, нэвтрүүлэг, контент бэлтгэх, техникийн талаар гүнзгий суралцах боломжтой. Манай хоёр сургууль хамтраад энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор, хоёр сургуулийн хөгжлөөс илүү оюутан бүрийн хөгжил чухал санагддаг. Тэднийг амжилтай суралцахыг хүсэж байна” гэсэн юм.

БНСУ-ын Видео урлагийн их сургууль нь 2+2 хөтөлбөрийг БНХАУ болон Тайваньд амжилттай хэрэгжүүлдэг аж. 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү