О.Бодьханд: Биднийг төрийн ордноос гарч амжаагүй зураг нийтлэгдчихсэн байсан нь улс төртэй холбоотой гэж яригдах болсон
Өнгөрсөн сард ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарч, олон нийтэд мэдээлэл нь ил болсноор нийгмийг сэртхийлгэсэн. Үүнээс үүдэн хүүхдийн хүчирхийллийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд өгөх шийтгэлийг чангаруулж, шинээр гарсан хуулийн заалтуудыг өөрчлөх санаачилгааг гаргаж зарим иргэд /ээжүүдийн төлөөлөл/ тайван жагсаалын зохион байгуулсан. Тэгвэл уг долоон эмэгтэйг зарим иргэд улс төрийн сэдэлтэй үйл ажиллагаа хийж, хахууль авсан мэтээр сөрөг сэтгэгдэл гаргах болсон. Иймээс бид уг тайван жагсаалыг санаачлагч ээжүүдийн нэг О.Бодьхандтай ярилцаж өрнөөд буй үйл явдал болон тайван жагсаалын үр дүнгийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу энэ өдрийн мэнд. Маш олон хүмүүс цугласан тайван жагсаалыг амжилттай зохион байгуулж өргөх бичгийг албаны хүмүүст өгсөнд ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн та долоон ээжийг олон нийтийн сүлжээгээр олон талаар ярих болсон. Тэгвэл та нар хэзээнээс нэгнийгээ таних вэ? Ямар харилцаатай хүмүүс вэ?
-Баярлалаа. Бид долоо нэгнийгээ огт таньдаггүй хүмүүс байсан. Ой найман сартай хүүхдийн хэрэг гарснаас хойш олон нийтээр маш их эсэргүүцэл гарч байсан. Харин бид хэд “Mom” гэсэн нэртэй фэйсбүүкийн группт хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн нийтлэлүүдийг бичсэн байсан юм. Ингээд mam группийн Одгэрэл маань бидэн рүү хувийн мессенжерээр холбогдож тайван жагсаал хамтдаа хийхийг санал болгож уриалсан юм. Ингээд л 3-р сарын 22-ний өглөө бичсэн зүйл маань тэр дорхноо ажил хэрэг болж, санал нийлсэн бид долоо тэр өдөртөө л уулзаж бүх ажлаа эхлүүлсэн юм.
- “Хүүдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын албан ёсны групп” –ийг зарим хүмүүс гар утасны групп байсныг шууд нэрийг нь өөрчилсөн байна гэх мэтээр ярьж байсан. Тэгвэл үнэхээр энэ групп-ыг өөрчилсөн үү эсвэл худалдаж авсан уу?
-Огт тийм групп худалдаж авсан зүйл байхгүй. Бид уулзаж ярилцсаны дараа энэ группийг манай Одгэрэл нээж бүхнийг эхнээс нь эхлүүлж одоо 415 мянган гишүүнтэй болсон юм шүү. Бид долоо өөр өөрсдийн гэсэн бага бага гишүүдтэй групптэй байсан . Тэр бүхэнд байсан хүмүүсийг нэгтгэж, мөн манай үйл ажиллагааг дэмжсэн хүмүүс нэгдсэнээр гурав дөрөвхөн хоногийн дотор 200 мянган гишүүнтэй болсон байсан.
-Та бүхэн том үйл ажиллагааг зохион байгуулж хүчтэй хөдөлж чадсан. Магадгүй та долоогийн ойрын эргэн тойронд хүчирхийлэлд өртөж байсан учраас эсвэл ажил мэргэжлийн хувьд ийм зүйлтэй ойр байснаас ингэж сайн ажиллаж чадав уу юу нөлөөлөв?
-Бидний хоёр нь сэтгүүлч, би эмч, бусад нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэхэд болно. Гэхдээ бидэнд нэг л нийтлэг зүйл бий. Энэ бол бид бүгд нялх хүүхэдтэй ээжүүд учраас нэгдэж чадсан юм. Ямар нэг хүчирхийлэлд өртөж байгаагүй . Харин ой наймхан сартай хүүгийн хэрэг гарч бид маш их эмзэглэж хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэх хэрэгтэй юмаа гээд нэгдэж чадсан. Энэ ажлынхаа эцсийг үзэх хүртлээ явах болно.
-Өргөх бичиг болон гарын үсгийг өгөхөд төрийн гурван өндөрлөг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Өнгөрсөн даваа гарагт өргөх бичгийг хүлээлгэн өгөхөд ерөнхийлөгч болон ерөнхий сайд хоёр байгаагүй, харин УИХ-ын дарга М.Энхболд байсан. Ерөнхийлөгчийн орлогч дэд дарга н.Саруул гэх хүн өргөх бичгийг хүлээлгэн өгсөн. Мэдээж бид УИХ-ын гишүүн албан тушаалтан гэхээсээ илүү үр хүүхэдтэй хүмүүс учраас дэмжиж байгаа гээд нааштай зүйл хэлж байсан. Харин ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх нь бидэнтэй холбогдсон бөгөөд ерөнхий сайдыг хоёр охинтой хүн ийм асуудалд маш их айдастай байдаг, тиймээс ч дэмжих болно гэж дамжуулсан. Өргөх бичгийг туслахаараа дамжуулж авсан байгаа. Харин М.Энхболд даргын хувьд өөрөө байгаа учир бидэнтэй уулзаж авсан. Харин дурсгалтай юм чинь зураг авхуулцгаая гэж байсан.
-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулсан та долоон ээжийг зарим хүмүүс улс төрийн захиалгатай зохион байгуулсан гэх болсон. Таны бодлоор хүмүүс ингэх ярих болсонд юу нөлөөлөв?
-Нэгдүгээрт: Тайван жагсаалыг зохион байгуулсан өдөр тайзны ард бидэнд урьдчилж мэдэгдээгүй маш олон хүмүүс ирж үг хэлнэ гэж дайрч, давшилж байсан. Хэрэв бид тэнд ирсэн үг хэлэх зорилготой маш олон хүмүүсээр үг хэлүүлж хүмүүсийг уриалсан бол тайван жагсаал болж чадахгүй байсан. Тайзны ард УИХ-ын гишүүн С.Жавхлан, ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулсан хүмүүс гэх мэт байсан. Тиймээс үг хэлж чадаагүй хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулсан эмэгтэй биднийг маш ихээр гүтгэж улс төртэй холбоотой гэх мэдээлэл тарааж турхирах болсон.
Ер нь бидний энэ үйл ажиллагааг улс төржүүлж, ямар нэг намын үйл ажиллагаатай болгох гэсэн хүмүүс маш их байсан.
Хоёрдугаарт: Урлагийн тоглолт болсон тайзыг өндөр өртөгтэй хөлсөлсөн байх, урлагийн тоглолтын ард ивээн тэтгэгчид нам эвсэл байна гэж харах болсон. Гэхдээ бидэнд “B production” таван сая төгрөгийн өртөгтэй хөлслүүлдэг тайзыг хямдруулан нэг сая 500 мянган төгрөг болгосон. Харин дээрх санхүү мөнгийг “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төв”-ийн хамт олон хандив цуглуулан олж өгсөн. Дуучдын хувьд A Cool хүүхдийн элч дуучин бөгөөд ICETOP хамтлагтай “Бүүвэй, Бүү ай” дуугаа дуулж өгнө гэж өөрсдөө холбогдсон. Мөн мото клубийнхэн ч адил бидэнтэй өмнө холбогдсон учир тэд оролцсон. Бид МУГЖ Т.Ариунаатай холбогдсон ч уулзаж чадалгүй тоглолтод оролцож чадаагүй. Харин "Нийтийн дуучдын нэгдсэн холбоо" болон зарим хүмүүс өмнө нь холбогдолгүй шууд ирсэн. Иймээс бид зохион байгуулалт сайн байлгах, ямар нэг сөрөг жагсаал болгохгүй нь тулд ихээхэн анхаарсан.
Гуравдугаарт: УИХ-ын дарга М.Энхболдод өргөх бичиг өгөх үеийн зургаас үүдэлтэй. Биднийг төрийн ордноос гарч амжаагүй, юу ч мэдээгүй байхад зураг нийтлэгдчихсэн байсан. Үүнээс болж биднийг М.Энхболдын хүмүүс гэх болсон.
-Та долоогийн гурвыг мөнгө авсан, гадаадад сурах гэж байгаа гэсэн байсан. Тэгвэл та бүхний хэн нэг нь үүнтэй холбоотой ч бай үгүй ч бай үнэхээр суралцахаар явах байсан уу?
-Бидний эсрэг турхираад байгаа хүмүүсийн яриагаар бид мөнгө авсан гадаадад суралцах гэж байгаа, бас хятад хүмүүс болж таарсан. Бидний хэн ч мөнгө аваагүй бас сурахгүй. Энэ үйл ажиллагаа болохоос өмнө манай нэг хүн гэр бүлийн аялалд явахаар визээ мэдүүлж жагсаал болох хугацаатай зэрэгцэж явах байсан. Гэхдээ түүнийгээ хэдэн хоногоор хойшлуулж, үйл ажиллагаанд оролцчихоод, дараа нь яваад ирчихсэн ийм л зүйл байгаа. Манай долоон гишүүдэд намын харьяатай хүн огт байхгүй.
-Нэг хүн Цаазын ялыг сэргээж байна гэж буруу ойлгосон учир шууд эсэргүүцэж байсандаа уучлалт гуйж байна. Тиймээс дараагийн үйл ажиллагаанд нь Хассуурь сангаас багахан хэмжээний хандив өргөнө гэж цахим хуудсанд түгээсэн байсан. Тэгвэл та бүхэнд хандивын данс бий юу? Бусад санхүү хурлаа хаана хийж байв?
-Бид одоо болтол өөрсдөөрөө л болгож байгаа. Дундаа нэг л машинтай байнга шар гэрэл нь асна. Хурал хийхгүй сул оффис гуйж гурван ч удаа хийсэн. Эхний хоёрт хурлаа орифлэймд дараагийн хурлаа нэг бүсгүйнхээ ажлын газар амралтын өдөр сул байгаа гэж хуралдсан. Харин тэрнээс хойш хүүхдийн хүчирхийллийн төв бидэнд хуралдах өрөө оффис гаргаж өгсөн. Мөн хачирхалтай нь бидэнд нэг хүн та бүхэнд тусалмаар байна нэг нь хувийн дансаа өгөөч гэж нэлээн гуйсан. Гэхдээ бид дундын данс нээсэн байсан болохоор тэр дансанд хийж болно гэсэн ч тэр хүн зөвхөн хувийн данс авна гэсээр байсан. Харин жагсаал дээр хэрэглэгдсэн хүмүүсийн лоозон, бичгүүдийг бид хийгээгүй иргэд өөрсдөө авчирсан байгаа.
-Хуулийн тал дээр та нар ямар хүмүүстэй хамтарсан бэ?
-Хуульчаар бидний нэг Ууганаа маань ажилласан. Мөн манай группийн аавуудын төлөөлөл н.Дуламсүрэн гэх хуульч залуу бидэнтэй хамтарч ажилласан байгаа. Зарим хүмүүс цаазын ялыг сэргээхийг дэмжиж ирсэн гэж дараа нь ярьж байсан. Гэхдээ бидний уриалгад цаазын ялыг дэмжсэн болон түдгэлзүүлсэн юм байгаагүй. Гол нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг яаж хамгаалах вэ, хуулийн заалтыг хэрхэн өөрчилж болох бол. Хамгийн эхэнд авах үр дүнтэй аргуудыг гаргаж ирсэн.
-Дээрх та бүгдийг гүтгэж, доромжилж байгаа хүмүүст ямар нэг хуулийн арга хэмжээ авах уу?
-Бид шаардлага өргөх бичгийн хариу гарсны дараа хэвлэлийн бага хурал хийнэ. Биднийг гүтгэж элдэв янзын турхирсан хүмүүсийн талаар байнга мэдээлэл хийх зав байхгүй, гэхдээ бид мэдээллийг цуглуулж байгаа.
-Жагсаалын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хөдөө орон нутагт болох хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд бид ямар нэг хариуцлага үүрэхгүй бидэнтэй холбоогүй гэж мэдэгдсэн чухам яагаад ингэж мэдэгдэх болов?
-Биднийг хотод жагсаал зохион байгуулахтай зэрэгцэж Эрдэнэт хотын залуучууд гурван хоногийн жагсаалын эрхийг хотын /Эрдэнэт хотын засаг дарга/ даргаасаа авсан. Тэнд хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулахын зэрэгцээ залуучуудын бооцоотой тэмцээнийг гурван өдөр зохион байгуулна гэсэн. Мөн Багануур дүүргийн Ардчилсан намын холбооны эмэгтэйчүүд жагсаал хийнэ гэж мэдээлсэн. Гэхдээ бид та эх хүн гэдэг үүднээс жагсаж болно. Энд ямар ч намын хамааралгүй гэж ярьж мэдэгдсэн. Гэвч эдгээр хүмүүс бүгд манай төлөөлөгч нартай муудалцаж хэл ам хийсэн байсан. Зөвхөн Улаанбаатар хотод болсон жагсаалд оролцсон иргэдийн гарын үсгийг хүлээн авах хуультай учраас бид хөдөө орон нутагт болж байгаа ямарваа нэгэн жагсаал цуглаанд хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдсэн байгаа.
-Жагсаалд нийт хэдэн хүн оролцож хэчнээн хүний гарыг үсгийг хаанаас цуглуулав. Мөн хэдэн цаг хүртэл үргэлжилсэн бэ?
-Бидний жагсаал 11-17 цаг хүртэл байсан. Гэвч 10:50 минутад маш олон хүмүүс ирсэн байсан. 12:30 минутын байдлаар цагдаагийн газраас 20 мянган хүмүүс ирсэн байна жагсаалыг дуусгахыг шаардсан. Тиймээс бид тайзнаас хууль тогтоомжид оруулах заалтуудаа танилцуулж жагсаалыг албан ёсоор 13:30 минутад дуусгасан. Биднийг тайзан дээр байх үед хүмүүс хүчээр гарч ирж, үг хэлж уриалан иргэдийг турхирахыг оролдож болзошгүй учир долоон ээж гүйхээрээ шахуу гүйж бууцгаасан.
Гарын үсгийн хувьд хөдөө орон нутаг гэлтгүй гадаадад байгаа Монголчуудаас гарын үсэг ирсэн. Жишээлбэл: АНУ-110, Франц-350, Солонгос-500, Турк-160, Швед-130 гэх мэт. Гэвч бид зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд цугласан 15590 хүний гарын үсэгтэй өргөх бичгийг хүлээлгэн өгсөн.
-Өргөх бичгийн хариуг долоо хоногийн дотор өгөхийг шаардсан шүү дээ. Тэгвэл хэрэв дэмжигдэхгүй бол цаашид ямар алхам хийх вэ?
-Бид эхлүүлсэн ажлаа ямар ч нөхцөл байдалд заавал эцсийг нь үзэх болно. Өргөх бичиг хүлээлгэн өгөхөд тэд нааштай хүлээж авч өнөөдөр /2018-04-10 мягмар гараг/ биднийг байнгын хорооны хуралд ирж суухыг хүссэн учир манай гурван ээж одоо сууж байгаа.
-Тэгвэл та бүхэн цаашлаад төрийн бус байгууллага болж өргөжин үйл ажиллагаа явуулах уу?
-Тухайн үед бид санаа нийлж хийсэн. Одоо ч бараг албан ёсоор танилцаж амжаагүй байгаа. Гэхдээ цаашдаа бидний хэдэн хүн нийлж төрийн бус байгууллагатай болохыг бид сайн мэдэхгүй.