УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өчигдөр Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Хуулийн төслийг өргөн барьсантай холбоотой мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Монгол Улсад зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол шийдвэр гарч байсан. 2011 онд УИХ-ын тогтоол гарч, зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20.5 хувьтай байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 16.3 болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн хугацаанд жил бүр 1 хувиар буурах ингээд 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байхаар тооцоолол гаргасан.
Түүнчлэн тэрбээр мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглаж банкны үйл ажиллагааны зардлыг бууруулна. Монголбанк болон Монголын банкуудын холбоотой хамтран судалгаа гаргасан. Зээлийн хүүгийн зардал нийт зардлын 60 хувийг эзэлж байгаа. Үүний ихэнхийг банкуудын татаж төвлөрүүлсэн хадгаламж эзэлдэг аж. Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг баталснаар хадгаламжийн хүү буурна. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх, хугацаатай хадгаламжийн хүү ч тодорхой хэмжээгээр буурна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэллээ.
УИХ-ын Г.Амартүвшин: Хадгаламжийн хүүгийн тухайд чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Тусгай нөхцөлтэй хадгаламж гэж байдаг. Тэрийг аль болохоор хязгаарлах талаар Монголбанк болон бид нар анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан байх. Бусад банкууд хэвээрээ байх гэж бодож байна Банкуудын үйл ажиллагааны зардлын тухайд энэ тогтоол батлагдангуут Монголбанк өөрийн хамааралд байгаа зардал шимтгэлээ бууруулна. Үүнийг дагаад арилжааны банкууд шимтгэлүүдээ бууруулах шаардлагатай АТМ, пос машин, гүйлгээний шимтгэлийг буулгах арга хэмжээг дорвитой авна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээгээр бууруулсан. Үүний дараа иргэд болон Монголбанкны зүгээс ч зээлийн хүүг үргэлжлүүлэн буулгах сонирхолтой буйгаа илэрхийлж буй. Банкны зүгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайн байлгах шаардлага тавьж байгаа. Бид цаашид банкны салбараа эрүүлжүүлэхийн тулд эрсдэлийн бууруулая, эх үүсвэрээ татах зардлыг багасгая, үйл ажиллагааны зардлаа бас тодорхой хэмжээгээр багасгая, банкны системд реформ хийе гэсэн зорилтууд тавьж байгаа. Энэ бичиг баримтыг хувьд банкуудтай болон хувийн хэвшилтэй сайн зөвшилцсөний үр дүнд оруулж ирж байгаа баримт бичиг.