УИХ-ын гишүүн , УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б. Саранчимэг “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах , байгалийн ургамлын генобанк хадгалах барилга барих” санал гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлснээр Монгол Улсын эдийн засаг, ниймийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд дэмжигдэн батлууллаа. Ингэснээр Баянзүрх дүүрэгт байршилтай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогсонги байдлаас гарч сэргэх боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг үндсэн чиглэлд “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээх гэсэн заалт бий. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээд чуулганы хуралдаанд оруулж ирсэн. Энэ цэцэрлэгийн өнгө төрх хэцүү байдалтай байгаа. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд манай улс 1970 оноос хөрөнгө оруулалт хийж, 350 гаруй ховор ургамал тариалж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цэцэрлэг болгосон.
Одоо 20 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа ч газар дээрээ 7-8 хүн ямар ч багаж, тоног төхөөрөмжгүй ажиллаж, цэцэрлэг рүү орох гарц ч үгүй байна.
Иймд төр зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай болсон. Бүтэц төдийгүй шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлбэл Баянзүрх дүүргийн иргэдийн очдог цэцэрлэгт хүрээлэн болох юм. 2020 онд илүү их анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Тус хүрээлэн дэх 50 гаруй овгийн 141 төрөл бүхий 300 гаруй ховор ургамлыг хамгаалж эрдэм шинжилгээ, сургалт танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг тодотгосон. Түүнчлэн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэн болох юм.
Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудал тулгамдаж байгааг хэлж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх , ногоон бүс болгоход БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг анхаарал тавьж хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нийт 39 га газартай байсан ч 2013 онд 17 га-г нь ногоон байгууламжийн хамт бусдын эзэмшилд алджээ. Тус цэцэрлэгт Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад багтдаг 70 гаруй зүйлийн ургамал, 20-оод төрлийн мод, сөөг ургаж байгаа аж.
Дашрамд дурдахад, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд харьяатай , эрдэм шинжилгээ сургалт , гэгээрэл үйлчилгээ явуулах үүрэгтэй. Харин олон улсад үндэсний ургамал, байгаль хамгааллын онцгой обьектод тооцогддог юм байна.