2012 оноос хойш дөрвөн жилийн дотор 92 хүүхэд амиа хорложээ. Энэ бол аймшигтай тоо. Тэд депресс, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас болж амиа хорлосон байна. Ингэхдээ 80 хувь нь гадуурхлаас болон амиа хорлосон гэлээ. Түүнчлэн дөрвөн сурагч бүрийн нэг амиа хорлох тухай боддог. Долоон сурагч бүрийн нэг амиа хорлохоор төлөвлөдөг, 10 сурагч бүрийн нэг амиа хорлох оролдлого хийсэн гэх хариултыг судалгаанд өгсөн байна.
Дээрхтэй холбоотой Цахим гадуурхал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Багш нарын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийг гадуурхахгүй байх сургалтыг зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээлжээ. Бас төрийн байгууллагууд сургууль, эцэг эхчүүдтэй хамтран зөвлөл байгуулан ажиллах болсон гэжээ.
Гэхдээ амиа хорлолтын асуудал ганцхан сургалт, хөтөлбөр зохион байгуулаад дуусах юм биш. Үүнд бүхэл нийгмийг хамруулан авч үзэх хэрэгтэй. Хөтөлбөр, сургалт л ярьж байна гэдэг нэг талаараа бид энэ сэдвийг нухацтай авч үзэхгүй байна гэсэн үг.
БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Хүүхдийг цахим болон сургуулийн орчинд хэн нэгэн санаатай болон санамсаргүй байдлаар гадуурхаж, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөх нь тэднийг амиа хорлох оролдлого хийхэд хүргэдэг” гэсэн байв.