Д.Дэмбэрэл: Голланд хүн алхан хээтэй аяга хийгээд Монголд патентаа авчихсан

Д.Дэмбэрэл: Голланд хүн алхан хээтэй аяга хийгээд Монголд патентаа авчихсан


5 жил

Хэзээ нэгэн цагт таны толгойд аливаа юмыг сайжруулах, үйл ажиллагааг нь шинэчлэх, шинээр бүтээх санаа орж ирж байв уу? Та тэр саналаа дотны хүндээ, найз нөхдөдөө эсвэл ажиллаж байгаа байгууллагадаа хэлж байсан уу? Оюуны бүтээлээ өмч болгохоор Оюуны өмчийн газар хандаж байв уу? Хууль эрх зүйн орчны талаар та ямар ойлголттой байгаа вэ? 

Эдгээр асуултуудад хариулт өгөхөөр Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Д.Дэмбэрэл нь 1981 оноос хойш шинжээчээс эхлээд 39 дэх жилдээ энэ салбарт ажиллаж байна. Тэрбээр оюуны өмчийн тухай ойлголт, түүнтэй холбоотой сонирхолтой жишээ, 2020 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх Оюуны өмчийн тухай хуулийн талаар хуваалцлаа. 

Та нэг зүйл бүтээгээд түүнийгээ оюуны өмчийн газар бүртгүүлээгүй бол оюуны бүтээл болно. Харин бүртгүүлсэн бол оюуны өмч болно.

-Оюуны өмч гэж юу вэ, энэ ойлголтод юу багтааж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Хүй нэгдлийн үед хүмүүс чулуу, модыг ирлээд араатантай тэмцэж, хуурай модыг хооронд нь үрээд гал гаргаж байжээ. Хүн төрөлхтөн өөрсдөө юм бүтээж, хөдөлмөрлөж эхэлснээс оюуны бүтээл анх үүссэн гэж үздэг.

Оюуны өмч, оюуны бүтээл гэсэн хоёр ойлголт бий. Та нэг юм бүтээгээд, түүнийгээ Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй бол зүгээр л бүтээл болно. Бүртгүүлээд гэрчилгээ буюу патент авсан бол өмч болно. Нэгэнтээ таны өмч болчихсон бол худалдан борлуулах эрх нь танд хадгалагдана. Нөгөө утгаараа таны өмчийг бусад хүн таны зөвшөөрөлгүй ашиглахгүй. 

Ганц жишээ хэлье. “Тэмүүлэл биднийг хөтөлнө” гэж үг бий. Үүнийг сонсоод л шууд “Мобиком” компани санаанд орно. Бусад газар энэ үгийг хэлбэл "Манай үг шүү" гэж хэлж болох нь байна. Тэгэхээр та бүхний хэлж байгаа үг бүхэн үнэтэй. 

Оюуны бүтээл гэдэг ойлголтыг дэлхий дахинд тав хувааж үздэг. Үүнд:

1.Бүх бүтээгдэхүүн /Жишээ нь: зургийн аппарат, гар утас гэх мэт/
Аливаа бүтээгдэхүүний хийх аргад  /технологид/ нь патент өгч байна. Миний хийсэн юм хуучирч, өөр нэг хүн сайжруулдаг учраас технологийн патентыг 20 жил эзэмших эрхтэйгээр өгдөг. 

2.Гадна талын хэлбэр дүрс буюу бүтээгдэхүүний загвар
Жишээ нь: зургийн аппаратны гадна загвар, хэлбэр дүрс байж болно. Бүтээгдэхүүний загварт 10 жилийн патент өгдөг. 

3. Бараа буюу үйлчилгээний таних тэмдэг
Бараа, үйлчилгээний тэмдэгтэд 10 жилийн гэрчилгээ өгдөг. Жишээлбэл, Еagle телевиз, Монос эмийн үйлдвэр, CoCa-Cola зэрэг оноосон нэр байна. 

Та байгууллагын хэмжээнд,  Монгол Улсын хэмжээнд байгаа зүйлийн нэг хэсгийг сайжруулчихвал тэр долоон жилийн хугацаанд таны өмч болно. 

4. Ашигтай загвар буюу бүтээгдэхүүнийг сайжруулах нь
Технологи хөгжөөд шинэ бүтээл хийхэд хүндрэлтэй болсон. Тэгэхээр таны хийсэн зүйлийг би бага зэрэг сайжруулчихвал тэрийг ашигтай загвар гэж нэрлээд байна. Та байгууллагын хэмжээнд,  Монгол Улсын хэмжээнд байгаа зүйлийн нэг хэсгийг сайжруулчихвал тэр долоон жилийн хугацаанд таны өмч болно. 

Жишээ нь, цахилгаан станц нүүрс түллээ гэж бодъё. Нүүрсэнд нэг юм хольчихсон чинь дулаан ялгаруулах чанар нь нэмэгдчихлээ гэхэд тухайн станцид хэрэгтэй.  Бид ашигтай загвартай өдөр тутамдаа тулгарч байдаг ч түүнийг тоодоггүй.

Бас нэг жишээ ярья. Алхан хээг бид Монголын уламжлалт хээ гэж ярьцгаадаг. Тэгтэл Голландын хүн аяганы амсарт алхан хээтэй аяга хийгээд Монголд патентаа авчихсан. Бид хийгээгүй л байхгүй юу. Coca-Cola ундааны савыг тойруулаад алхан хээ хийчихсэн байна. Бидний хэрэглээгүй, хаячихсан зүйлийг хүн хэрэглэж байна. 

Бүх бичмэл бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална. Та ном бичсэн л бол Оюуны өмчид бүртгүүлэхгүй ч байсан болно

5. Зохиогчийн эрх
Зохиогчийн эрхийн бүтээлийг бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байдаг. Та ном бичсэн л бол оюуны өмчид бүртгүүлэхгүй ч байж болно. Зохиогчийн эрх таныг хийснээс эхлээд автоматаар үүснэ. 

Таны бичсэн нийтлэлийг бүгдийг нь хуулчихсан бол буруу. Харин эх сурвалжаа дурдаад ишлэл авсан байж болно.

-Манай улсад оюуны өмчийг хамгаалах эрх зүйн үндэс хэзээнээс тавигдсан бэ?
-Монголчууд Чингис хаанаас өмнө ган хайлж зэвсгээ хийж байсан. Тахир сэлэм монголчуудынх. Гэтэл тухайн үед үүнийг хамгаалдаг, бүртгэдэг систем байгаагүй. Анх 1823 онд Англи улс одоогийнхоор оюуны өмчийн хууль гаргасан. 1500-аад онд Итали улс Галилео Галилейд шинэ юм хийлээ гээд “Үүнийг Галилей хийсэн” гэсэн бичиг олгож байжээ. Одоогийнх шиг өмчилнө гэх юм байгаагүй. Ингэж 1400-1600 он орчимд патент үүсч хөгжсөн байдаг. 

Монгол Улсад судар бичгийн хүрээлэн байгуулсан. Үүнээс оюуны өмчийг бүртгэх ажиллагаа эхэлжээ. Албан ёсны эрх зүйн үндэс гэвэл социализмын үед Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг, сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан. Хууль гэж байхгүй.

Энэ бүгдээс санаа авч 1944 оны тавдугаар сарын 19-нд Маршал Х.Чойбалсан анхны оюуны өмчийн эрх зүйн 63-р тогтоол гаргасан. “Шинэ юмыг зохион олох ба оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар” хэмээх уг тогтоолоор шинэ бүтээлийг Улсын төлөвлөгөөний комисс /одоогийнхоор Оюуны өмчийн газарт/ бүртгэж байхыг заасан. Шагналын дээд хэмжээ нь 15 мянга, доод хэмжээ нь 5000 төгрөг байлаа. 

Дараа нь 1962 онд Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч Шинэ санаачилгын улсын комисс, 1971 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороо байгуулж, тэр хороонд шинэ бүтээл, оновчтой санааг  /ШБОС/ хариуцуулдаг болсон. 

1996 онд Зохиогчийн эрхийн газар, Патент, бараа тэмдгийн газрыг нэгтгээд Хууль зүйн яаманд Оюуны өмчийн газар байгуулсан. 

1963 онд Иргэний хуульд өөрчлөлт оруулж, зургаа, долдугаар зүйлд нь зохиогчийн эрхийн талаар оруулсан байдаг. 1994 онд Монгол Улсын их хурал Зохиогчийн эрхийн хууль, Патентын хууль баталсан. Хуульд таны бүтээсэн зүйл төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. 

-Би нэг юм бүтээгээд оюуны өмчийнхөө патентыг авчихлаа. Гэтэл өөр нэг хүн “Би чамаас өмнө бүтээчихсэн байсан шүү” гэж хэлбэл яах вэ?
-Тэр хүн бүртгүүлэх байсан. Гэтэл бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд төрөөд төрсний гэрчилгээ олгодогтой адил. Тийм учраас би түрүүнд бүтээл, өмч хоёрын талаар ярьсан. Та бүтээчих, тэрийгээ хамгаалуулахгүй байвал  байж л бай. Түрүүлээд өөр хүн хамгаалчихсан бол дараа нь сайжруулаад бүртгүүлж болно. Оюуны бүтээл хөдөлгөөнтэй, бусдад шилжиж байдаг. Таны  хийсэн зүйл тодорхой хугацаанд элэгдэлд орно.  Тийм учраас 10 жилийн хугацаатай зөвшөөрөл өгдөг.

-Тэгвэл надаас өмнө тийм зүйл бүтээсэн эсэхийг мэдэх боломжтой мэдээллийн сан байдаг уу?
-Оюуны өмчийн газарт 1961 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн зүйл бүгд бий. Цаасаараа ч байгаа, сүүлд цахимжсан. Та publish.ipom.mn мэдээллийн сан руу хандаж, хайлтын хэсэгт зохиогчийнх нь нэрийг бичээд хайж болно. Эсвэл бүтээлийнх нь нэрээр буюу “агаар дахин шатаах зуух” гэх мэтээр тодорхой үгээр бичээд хайхад бүгд байдаг. Манай улсын технологийн хөгжлийн сан юм. 

МОНГОЛ ЗАЛУУ  ГАР УТАСНЫ ДОЛГИОН БУУРУУЛАГЧ БҮТЭЭГЭЭД ШВЕДИЙН ЭРИКССОН КОМПАНИД ЗАРСАН

Дэлхийд уул уурхай, баялагтай холбоотой бүхий л патентыг Монголд авч байна. Өөрөөр хэлбэл биднийг хийхийг хорьж байна гэсэн үг. Бүдүүлгээр хэлэхэд оюуны колоничлол болж байна. 

-Би нэг сайхан санаа олоод юм бүтээе гэтэл Хятадад өөр нэг хүн хэдийнэ тэрийг бүтээгээд үйлдвэрлээд гаргачихсан байлаа. Миний санааг Монголын Оюуны өмчийн газар хүлээн авах уу?
-Тэр хятад хүн Монголд бүртгүүлээгүй бол таны бүтээлийг Монголд бүртгэнэ. Газар нутгийн хязгаарлалттай. Тэр хүн Монголд хийлгэхгүй гэсэн бол Монголд патент авчихна. Дэлхийд уул уурхай, баялагтай холбоотой бүхий л патентыг Монголд авч байна. Өөрөөр хэлбэл биднийг хийхийг хорьж байна гэсэн үг. Бүдүүлгээр хэлэхэд оюуны колоничлол болж байна. Монгол хүн ч гэсэн гадаадад бүртгүүлэх боломжтой. Тийм болохоор монголчууд гадаадад гараад гоё юм хийж байна.

Нэг жишээ ярья. Гар утаснаас долгион цацардаг. Тэгтэл Оросод цахилгаан холбооны сургууль төгссөн Магсарын Билэгт гэж залуу долгион цацардаг газар нь жаахан уусмал түрхтэл долгион 19 хувиар буурсан. Тэр хүн Шведийн Эрикссон компанид энэ санаагаа 5000 доллараар зарчихсан. Нэг өдөр орж ирээд “Би явлаа. Америкчууд намайг дуудсан” гэлээ. Одоо тэр хүн Америкийн Цахиурын хөндийд ажиллаж байна. Яаж америкчууд тэр залууг олсон бэ? Эрикссон компанийн патентыг шүүгээд энэ залууг олж холбогдсон юм билээ. 

Харин манайд даргатайгаа зөрсөн хүнийг ажлаас халчихъя л гэдэг. Оронд нь "Хөөрхий энэ хүн 20 жил зүтгэсэн юм. Алтан гадас өгчихье" гэнэ. 

Хятадын Ордост манайхан очиж ямар их юм хийж өгч байна.  Бусад улс орнууд оюуны бүтээл хийсэн хүмүүсээ маш их бөөцийлдөг. 

Шинийг санаачлагч, шинэ юм хийдэг хүнд дэлхий хүртэл тусалж байна. Та шинэ санаагаа дэлхийд бүртгүүлэх боломжтой

-Тэгэхээр Дэлхийн оюуны өмчийн байгууллага  /ДОӨБ/ ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан НҮБ нь 16 харьяа байгууллагатай. Тэдгээрийн нэг нь 1974 онд байгуулагдсан ДОӨБ /World Intellectual Property Organisation- WIPO/ юм. Энэ 16 байгууллага дундаас ДОӨБ нь ганцаараа аль ч улсаас мөнгө авдаггүй. 

Яагаад гэвэл та бидний барааны тэмдэгтийг бүртгүүлж батлуулахад зуучилж, пүүс компаниудаас ажлын хөлс авч санхүүждэг. Та шинэ бүтээл гаргаад дэлхийн олон оронд патент авмаар байдаг. Тэгвэл ДОӨБ-д бүртгүүлж, тэр байгууллага бусад орнуудад бүртгүүлж, баталгаажуулах ажлыг хийдэг. Барааны тэмдэг, загварыг бүртгүүлж болно. Хувь хүн ч бүртгүүлж болно. 

Хэвтэж байгаа чулууг утас, хөвөн болгоод гадаадад экспортолж байна.  

Шинийг санаачлагч, шинэ юм хийдэг хүнд дэлхий хүртэл тусалж байна. Манайд бол хэн нэг Болормаагийн юм гээд тоодоггүй. Уг нь тэр бүтээл Болормаад биш нийгэмд хэрэгтэй. 

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 190 гаруй гишүүн орон бий. Канад улс хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд элссэн.

-Одоогийн нийгэмд оюуны бүтээлч хөдөлмөрийн үзүүлж байгаа үр нөлөө юу байна вэ?
-Социализмын үед 400 шахуу хүнд төрийн шагнал олгосон байдаг. Тэрний 100 гаруй нь патент гэрчилгээ авсан хүмүүс. Монголын анхны шинэ бүтээл Орхон үүлдрийн хонь, Орхон сортын буудай юм. 

Манайд чацарганы тосыг шахаж гаргадаг байсан. Гэтэл ТЭСО компани тэс өөр технологиор гаргаж гадаадад экспортоор гаргаж байна. Хөгжил бол өөрийнхөө хэрэгцээг хангаад гадагшаа экспортод гаргахыг хэлнэ. 

Монгол Улс оюуны бүтээлийн үр шимийг албан ёсны тайланд тусгадаггүй учраас үр шимийг тодорхойлоход бүдэг. Нэг жишээ дурдвал, “Монгол базальт” компани хэвтэж байгаа чулууг утас, хөвөн болгоод гадаадад экспортолж байна. 

-Чулуун хөвөн л гэж яриад байдаг. Яаж тийм хөвөн болгоод байна вэ?
-Чулууг боловсруулах технологи байна. Яагаад эсгий хэрэглэхгүй байна вэ?  Ноосоор эсгий хийхээр хатуу болчихдог учраас дулаан байж чадахгүй байна. Харин чулуун хөвөнг хөвсийлгөчихөөр дулаан нь хадгалагдаж байна. Экспортод мал гаргаагүй, чулуу гаргаж байна. Л.Ариунболдыг би Хөдөлмөрийн баатар болоосой гэж боддог. 

Дарханд Б.Цэрэнчимэд гэж хүн одоо дээд зэргийн бордоо хийж байна. Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн тэр хүнтэй хамтарч ажилладаг. Хүнийг заавал шагнаж урамшуулахдаа биш. Ажиллах нөхцөлийг нь хангаад өгч болно. 

-Юм бүтээхгүйгээр шинэ санаа гаргавал тэр оюуны өмчид орох уу?
-Бүртгүүлээгүй бол өмч гэж хэлэхгүй. Оюуны бүтээл. 1990-1996 онд би 300 санаа бүртгэж авсан. Тэрний 150-иад нь патент авсан. 1996 онд намайг “Та хүний оюуны бүтээлийг бүртгэж авдаг хэн бэ? Хуульд байхгүй, боль” гээд зогсоочихсон. Уг нь тухайн хүндээ хэрэгтэй байсан юм. 

Гаднынхан шинэ санааг худалдаж авдаг. Байгууллагын хүний нөөцөд таны цоо шинэ хийсэн юмыг бүртгэдэг ажилтан байхгүй. 

Хөдөө зургаан настнууд сургуульд ороод дотуур  байранд суухад эцэг эх нь санаа зовоод байдаг. Үүнийг Завхан аймагт шийдсэн. Хүүхдүүд суудаг дотуур байранд асрагч авч ажиллуулах болсон. 

-Манай улсад шинэ санааг үнэлдэг юм уу?
-Үнэлнэ гэж яриад байх юм. Зохиогчид өөрсдөө л юмаа үнэлнэ. Жишээ нь, "Өгөөж" компани шинэ санаа гаргаж үйл ажиллагааг сайжруулсан ажилтандаа Skoda машин бэлэглэсэн. Дээр үед Ховд аймагт нэг шинийг санаачлагчийг УАЗ 469 машинаар шагнасан. Манайхан юмыг заавал албажуулж, тогтсон үнэтэй болгох гээд байдаг. 

Ард түмэн үнэлнэ гэж бас нарийн юм бий. Жишээ нь, ачааны машины кузовных нь хоёр талд урт төмөр хийгээд цоолчихсон байдаг. Тэр дундуур нь олсыг оруулж татдаг ачааны татлага хийчихдэг. Үүнийг анх Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газрын н.Цэвэгжав гэж зохион бүтээгч 1980-аад онд санаачилсан. Тэр хүнийг хийсний дараа бүх машины жолооч аваад тавьчихсан. Тэр хүнд дараа нь төрийн шагнал өгсөн.  Хэрэгтэй юм хийвэл нийгмээрээ сороод авчихдгийн нэг жишээ юм. 

IV цахилгаан станцид маш их хэмнэлт хийгээд патент авсан хүнийг шагнана гэж хэлээд шагнаагүй. Шүүхэд хандах хэрэгтэй. Гэхдээ манай шүүх оюуны юм шүүж байсан нь ховор. Герман, Япон улс патентын шүүх гэж тусдаа бие даасан шүүхтэй. 

Хөдөө зургаан настнууд сургуульд ороод дотуур  байранд суухад эцэг эх нь санаа зовоод байдаг. Үүнийг Завхан аймгийн Засаг дарга  шийдсэн. Хүүхдүүд суудаг дотуур байранд асрагч авч ажиллуулах болсон. Асрагч хичээлийг нь давтуулж анхаарал тавьж байна. Тэгэхээр эцэг эх нь сэтгэл амар малаа маллана. Завханы даргын хүүхдийн төлөө хийсэн тэр ажлыг бүтэн жил зурагтаар ярилаа. Хэрэгжүүлсэн газар байхгүй. Тэр хүн зохиогчийн гэрчилгээ авах ёстой. Асуудлыг шийдсэн байгаа биз? Тэр ажлыг бусад аймагт нэвтрүүлчих л дээ. Гэтэл тэрийг Засаг даргын хийсэн ажил гэж хүмүүс хараад байна.

Завханд өлийн цагаан оготныг машинаар утаад устгачихсан. Зардал гэвэл бага зэрэг шатахуун л зарцуулж байна. Мөн айл болгон үйлдвэрлэгч бай гээд дэлгүүр байгуулж, хүмүүсийн хийсэн юмыг аваад дэлгүүрт тавьчихлаа. Аймгаар нь зохион байгуулж чадаж байна. 

-Таныхаар Оюуны өмчийн газар хэр сайн ажиллаж байна вэ? Хүмүүсийн бүтээлийг хэр сайн үнэлж байна, хүмүүс эргээд бүтээлээ бүртгүүлэх нь хэр байдаг юм бэ?
-Би зүйрлэж хэлье. Оюуны өмчийн газар нэрнээсээ эхлээд сайхан сонсогддог. Тэнд юм хийчихсэн хүн очиж байна. Тэгэхээр элитүүд очиж байна гэж ойлгож болно. Гэтэл цагдаагийн газар согтуу эсвэл хэрэг зөрчил гаргасан хүн, эмчид өвчтэй хүн очно. Харин Оюуны өмчийн газар азтай гэж би хэлдэг.

Мэдээж сайн, муу, дутуу дулимаг юм их хийдэг. Ихэнхдээ Оюуны өмчийн газар юмаа бариад очиж байгаа хүн дэлхий дахинд тавьдаг шаардлагыг хангадаггүй, дандаа дутуу хийдэг. Хоолоор бол дутуу болгосон төмс л гэсэн үг. Тэгээд тэр хүмүүст туслах гэхээр авьяастай хүмүүс жаахан гэдгэр ааштай байдаг л даа. “Чи үүнийг мэдэхгүй юугаа хийж байсан юм?” гэнэ. 

АНУ-ын Оюуны өмчийн газар 6500 хүн ажиллаж байхад манайд дөрвөн шинжээч байна

Оюуны өмчид төрөл бүрийн мэргэжлийн хүн орж ирнэ. Жишээ нь, над дээр нэг жолооч орж ирээд дотоод шаталтын хөдөлгүүр, нэг эмч эм хийлээ гээд ирнэ. Би химич, эмч эсвэл дотоод шаталтын хөдөлгүүрийн хүн болохгүй шүү дээ. 

АНУ-д Оюуны өмчийн газарт нь 6500 гаруй хүн ажилладаг. Японд 4800 орчим. Монголд 40 хүрэхгүй ажилтантай.

Барааны тэмдгийг зурчихсан байдаг учраас бүртгэчихдэг. Мөн үнэхээр гоё дизайн гаргасан бол бүртгээд л авна. Хамгийн гол нь ашигтай загвар, шинэ бүтээл хоёрыг мөн байна уу, биш байна уу гэдгийг бусад бүтээлтэй харьцуулж гаргаж ирдэг үйл ажиллагаа их цаг авдаг юм. 

Гэтэл манай Оюуны өмчийн газар дөрвөн шинжээчтэй. Энэ олон бүтээл ирж байхад тэр дөрөв амжих уу? Нэг нь Германы Патентын байгууллагад ажиллаж байсан, 1990 оноос хойш ажилласан, нөгөө нь 1999 оноос хойш ажилласан  маш туршлагатай шинжээч нар. Тэр дөрөв дээр орон тоог нь нэмж өгмөөр байна. 

Тэгэхээр Оюуны өмчийн газар  тухайн хүний хийсэн юмны мөн чанарыг олох гэж үйлээ үзнэ. Яг эмч шиг, тодорхой хугацаа хэрэгтэй. Тийм учраас оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оюуны өмчид өгдөг ажлыг дунд нь барьж авч хийж өгдөг. Танаас аваад нэмж зардаг. Махны ченжтэй зүйрлэж хэлж болно. 

Дэлхий дахинд бүртгэлтэй 8000 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч бий. Монголд 70 гаруй  хүн бий. Тэд гаднын бүтээлийг зуучилж өгч валют авна. 

Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа нь тогтсон. Гэвч хүмүүс дандаа дутуу юм авчирдаг. Тэрийг нь боловсруулах гэж бас ажил болно. Хоёрдугаарт, чиний хийсэн юмыг хүмүүс чиний юм гээд тоодоггүй, нийгэмд хэрэгтэй юм гэж хардаггүй. 

Дэлхийд зохиогдож байгаа олон улсын уралдаануудаас 90 гаруй медалиас 70 гаруйг нь авсан нь монголчуудын оюуны чадавхийн илтгүүр юм.

Америкийн Патентын газрын даргыг тэр олон патент дээр гарын үсэг зурах ажлаас чөлөөлчихсөн. Тэр ажлыг нь нарийн бичгийн дарга нар нь хийдэг. Тэр дарга шинэ бүтээл орж ирэнгүүт салбар байгууллагаар нь судлуулах үүрэг өгдөг. Жишээ нь, эрчим хүчний бүтээл байлаа гэхэд Эрчим хүчний институтээр түвшинг нь тогтоолгож, зах зээлийн судалгааг нь хийлгэдэг.  Тэр мөнгийг төрөөс өгдөг. 

Харин манайд энэ хүн зургаа зурж  чадахгүй болохоороо өөр хүн гуйна. Мөнгө төлье гэхээр мөнгө байхгүй. Энэ зовлонгоос болоод юм хийхээ больё, наймаа хийе гэдэг. Оюуны өмчийн газар зөвхөн монголчуудтай ажилладаггүй. Монголд мэдүүлгээ өгч байгаа дэлхийн бүх оронтой ажиллаж байна. Маш сайн мэргэшсэн ч орон тоо нь дутмаг. Оюуны үзүүлэлт нь өссөн ч орон тоо нь хэвээр байна. 

Одоогоор Оюуны өмчийн газрын ямар ч нэгж орон нутагт байхгүй. Уг нь орон нутагт хуулийн хэлтэст хариуцуулах хэрэгтэй юм. Орон нутгийнхан энд хүрч ирж юмаа хийлгэж байна.  Оюуны өмчийн газар ажилдаа дарагдчихсан. 

-Тэгэхээр дэлхий болон Монголын оюуны бүтээлийн түвшинг харьцуулбал манайх ямар түвшинд байгаа вэ?
-Оюуны бүтээлийн тухай Дэлхийд зохиогдож байгаа олон улсын уралдаануудаас 90 гаруй медалиас 70 гаруйг нь авсан нь монголчуудын оюуны чадавхийн илтгүүр юм. Харин одоо монголчуудынхаа энэхүү чадавхийг үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашиглах нь өнөөгийн монголчуудын төр засгийн болоод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллага, зохион бүтээгчдийн хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарна. 

Манайх дундаж түвшинд явж байна. АНУ-ын 100 патент батлагдлаа гэхэд 37 хувь нь нэвтэрч байна. 63 хувь нь нэвтэрч чадахгүй байгаа нь хүний оюун санаа түрүүлж байгаагийн илрэл. 

Нэмж хэлэхэд Оюуны өмчийн тухай хууль нь угтвар нөхцөлийг бүрдүүлэх, эрхийн акт зайлшгүй мөн. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар  Хууль зүйн дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо хамтран бэлтгэж парламентаар батлуулсан нь нэн сайшаалтай. Одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил л үлдэж байна.  

МОНГОЛ ХҮҮХДИЙН БҮТЭЭСЭН МУРУЙ ХАЛБАГА ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС АЛТАН МЕДАЛЬ АВЧ БАЙЛАА

-Одоогоор манайд хууль эрх зүйн орчин ямар байгаа вэ?
-Оюуны өмчийн хууль бол тухайн хүний өөрийнх нь эрх ашгийн төлөө үйлчилдэг энэрэнгүй хууль. Манайх хуулиа бичихдээ дэлхий нийтийн жишиг болгож олон улсын хуулиудаас ихэнхийг нь авч оруулсан.  Яагаад гэвэл патентын хууль бол ганцхан монгол хүнд биш дэлхийн бусад хүнд үйлчлэх ёстой. Монголд мэдүүлэг өгч байгаа гаднын хүнд адилхан  үйлчилж байх ёстой.

Монголд хүн болгон брэнд гэж ярьж байна. Та ч өөрийгөө голохгүй, би ч өөрийгөө голохгүй. Гэтэл эхлээд дотооддоо бүртгүүл. Дараа нь Дэлхийн Оюуны өмчийн газарт бүртгүүлэх хэрэгтэй. Дэлхийд бүртгэлтэй Монголын 33 брэнд байгаа. 

-Энэ хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. -Хуульд орсон онцлогуудаас дурдахгүй юу? Оюуны бүтээлийг хэрхэн үнэлэх зохицуулалтыг оруулж өгсөн болов уу?
-Хүмүүсийн хийж бүтээсэн, шинийг сэдэж санаачилсан зүйлийг нэвтрүүлэх, хэрэглэхийн тулд хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагууд яаж оролцох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэрхэн дэмжихийг зохицуулсан шинэ хууль. 

Үнэлгээ гэхээр төрийн шагнал, салбарын гавьяат өгөөд орхиод байна. Одоо тухайн бүтээл ямар үнэ цэнтэй вэ гэдгийг мэргэжлийн хувь хүн болон байгууллагаас ижил төрлийн бусад бүтээлтэй харьцуулж байгаад үнэлдэг болно. 

Мөн орон нутагт хэлтэс, тасаг байгуулах талаар орсон нь маш том дэвшил гэж үзэж байна.

Хууль хэрэгжиж эхэлсний дараа тэнд аливаа асуудал гарвал түргэн түргэн нэмэлт өөрчлөлт хийгээд явбал хууль жинхэнэ органик болно. 

-УИХ-аар батлагдсан 2050 хөгжлийн хөтөлбөрт оюуны өмчийн эзлэх байр суурь үр нөлөөний талаар ярихгүй юу?
-Бид хөгжил ярьж байна. Нийгмийн дэвшил. 2050-ийг боловсруулахад маш олон шинийг санаачлагчид оролцсон байдаг. Нийгэмд хэрэгтэй, гадагшаа гаргадаг зүйлээ нэмэгдүүл. Тэгж байж 2050 хэрэгжинэ. Малчид нь малаа сайн малла, сүүг нь сайн боловсруул, тэрийг нь зөө. 

Монголд хүн болгон брэнд гэж ярьж байна. Та ч өөрийгөө голохгүй, би ч өөрийгөө голохгүй. Гэтэл эхлээд дотооддоо бүртгүүл. Дараа нь Дэлхийн Оюуны өмчийн газарт бүртгүүлэх хэрэгтэй. Дэлхийд бүртгэлтэй Говь, Гоёо, Мобиком, ТЭСО, Basaltwool зэрэг Монголын 33 брэнд байгаа. Дэлхий даяар бүртгэлтэй 1,5 сая брэнд байна.

Хөгжлийн хөтөлбөр 2050-ийн гол цөм бол патент авсан хүн, зохион бүтээгчид болон тэрийг дэмждэг хүмүүсийн хөдөлмөрөөр явах болохоос биш хэчнээн бичээд яах юм. Гол цөм нь үйлдвэрлэл юм.

-Шинийг санаачлаад, бизнесээ дөнгөж эхлүүлээд явж байгаа хүмүүст хандаж та юу хэлэх вэ?
-Болж өгвөл хорш. Оюуны өмчийн сайт руу ор. Тэднээс мэргэжлийн зөвлөгөө ав.

Би 2004 онд  Токио хотод зохиогдсон олон улсын хүүхэд залуучуудын оюуны бүтээлийн үзэсгэлэнд хүүхдийн бүтээл авч явлаа. 39 орны хүүхэд залуучууд оролцсоноос ДОӨБ-ын дээд шагнал долоон алтан медаль хүртээсний нэгийг нь Б.Санчирсүнгийн энэхүү халбага авсан. 

2004 онд  Токио хотод зохиогдсон олон улсын хүүхэд залуучуудын оюуны бүтээлийн үзэсгэлэнд 39 орны хүүхэд залуучууд оролцож, долоон алтан медаль хүртээсний нэгийг нь энэхүү халбагыг зохион бүтээсэн Б.Санчирсүнд өгсөн.

2004 онд Токио хотод зохиогдсон олон улсын хүүхэд залуучуудын оюуны бүтээлийн үзэсгэлэнд 39 орны хүүхэд залуучууд оролцож, долоон алтан медаль хүртээсний нэгийг нь энэхүү халбагыг зохион бүтээсэн Б.Санчирсүнд өгсөн.

Халбаганы иш шулуухан байдаг бол энэ хүүхэд ишийг нь 25 градус нугалчихсан.  2004 он хүртэл хүмүүс зөвхөн шулуун иштэй халбага хэрэглэж байжээ. Энэ хүүхэд одоо урилгаар Бельги улсад суралцаж байна. Ээж нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн Монгол дахь салбарт ажилладаг. Хүүхдийн санаа гэдэг гэнэн мөртлөө нийгэмд дутуу юмыг нөхдөг. 

Оюуны өмч бол хөгжлийн хөтөч, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх маш том боломж бүрдүүлэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү