Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Хэмжил зүйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Инновацийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл хэлэлцэнэ.
Түүнчлэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох илтгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай, Зарим байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Мягмар гаригийн Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс хойшлуулсан. Уг дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс гадна УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч, мөн хэлэлцэх бэлтгэл ажлыг нь хангамаар байна. Хоёрдугаарт, байнгын хороогоор хэлэлцэгдэх Оюутолгойн төслийн талаар шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд Оюутолгой ХХК-аас хариу тайлбарыг ирүүлсэн. Уг хариу тайлбарыг УИХ-ын гишүүдэд тараахгүй байх тал дээр УИХ-ын дарга арга хэмжээ авна уу. Ажлын хэсгийн дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцаж амжаагүй байгаа. Гэтэл эсрэгээрээ Рио-Тинтогоос ирүүлсэн хариу тайлбарыг гишүүдэд тараах нь процессын хувьд маш буруу. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс гарсан санал, зөвлөмж, дүгнэлт Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Мягмар гаригт тараагдсан. Дүгнэлтийг бусад бүх гишүүдэд бүрэн хүргэх тал дээр УИХ-ын дарга анхаарал хандуулаач гэж хүсмээр байна. Ирэх долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд гишүүд ажлын гэсэн дүгнэлттэй танилцчихсан, мэдээлэлттэй баймаар байна. Засгийн газар стратегийн орд газруудад байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, танилцах эрх нь УИХ-д бүрэн бий. Тухайн үед Оюутолгой төслийн гэрээг байгуулах үед жил бүр төслийн хэрэгжилтийг УИХ-д Засгийн газар танилцуулж байх үүргийг өгсөн байдаг. Энэ хэрэгжилт огт хангагдаж ирээгүй. Тиймээс Засгийн газар дээрх үүргээ биелүүлж ажилламаар байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Мягмар гаригт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийн хэлэлцэхээр бүх материалыг байнгын хорооны гишүүдэд тараасан. Бэлтгэл ажил хангагдсан. АТГ-ын материалаас бусад материалыг үндсэндээ байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материалыг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. “Оюутолгой” ХХК албан ёсны хүсэлт тавьсны дагуу 43 хуудас материал Оюутолгой ХХК-д өгсөн. Энэ дагуу тайлбар ирүүлсэн. Үүнийг мөн гишүүдэд тарааж байгаа. Оюутолгой ХХК-д өгсөн 43 материал нууцлалтай материал биш, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт байсан. Үүнд намайг буруутгаж хулгайгаар Оюутолгой ХХК-д аваачаад өгчихсөн зүйл байхгүй. Эдийн засгийн байнгын хороо хуулийн дагуу бэлтгэл ажил болон холбогдох материалуудыг байнгын хорооны гишүүдэд тараасан. Ирэх долоо хоногт хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй. УИХ-аар ч хэлэлцүүлэх боломжтой. Хариуцлагатай мэдэгдэл хийхгүй бол буруу зөрүү мэдээлэл их гарч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: "Оюутолгой"-н ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва ажлын хэсгийн хуралдуулж, дүгнэлт гаргаагүй. Дэд ажлын хэсгийг хуралдуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүдийн өрөөгөөр туслахаа явуулж, гарын үсэг зуруулсан. Санхүүгийн тооцоолол гаргах бүрэн боломжтой. Дубайн гэрээг өөрчлөлт шаардлагатай гэж байгаа ч гэрээн өөрчлөлт хийх талаар дурдагдаагүй. Тооцоолол дээр үндэслэж гэрээ хэлэлцээр өөрчлөх талаар УИХ хэлэлцэх ёстой. Ийм үндэслэлээр дүгнэлтэд би гарын үсэг зураагүй. Боловсруулах үйлдвэрлэл, усны асуудал тусгагдаагүй. Туйлын хангалтгүй дүгнэлт болсон. Тиймээс хэлэлцэх асуудал дээр дүгнэлтийг биш ажлын хэсгийн явцтай танилцах байсан.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Цахим бодлогын түр хорооны 26 гишүүдийг цөөлмөөр байна. Ирц хүрэхгүйгээс түр хороо хуралдаж чадахгүй байна. Энэ долоо хоногийн түр хорооны байнгын хорооны хуралдаанд зөвхөн долоон гишүүн л ирсэн. Анх цахим бодлогын түр хороог байгуулах үед бүгд л идэвх, зүтгэлтэй ажиллана гэж хэлж байсан.Ажлын хэсгийн хуралдаандаа ирэхгүй атлаа чуулганы хуралдаанаар бүгд л цахим аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын талаар ярьцгаадаг. Түр хорооны ажлыг явуулахад хүндрэлтэй байна. Хэрэв цахим бодлогын асуудал танд хамаагүй бол энэ түр хорооноос түдгэлзээд ажил явуулж өгөөч.
УИХ-ын гишүүн Л.Болд: Чуулганаар хэлэлцэх асуудалд ХЭҮК-ийн илтгэл байхгүй байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгийг гуйвуулж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сулла" гэж Түр хороо дүгнэлт гаргалаа гэж төв телевизээр худлаа мэдээллээ. Манай "Цагийн хүрд" хонгилын телевиз болсон. Эрүүдэн шүүгдээд тогтоогдсон хүмүүст суллах хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, УИХ тогтоол гаргасан ч болно.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Оюутолгой"-н асуудалд Засгийн газар хөндлөнгийн шинжээч авч ажиллуулахаар болсон байна лээ. Ажлын хэсгийн, АТГ-ын, аудитын газрын дүгнэлтүүд байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд саналаа оруулаад ир. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулна.
Ийн гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж дууссан учир УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.