Миеэгомбын Энхболд “МИЕЭ БАГШ” номыг яагаад хураалгасан бэ?

Миеэгомбын Энхболд “МИЕЭ БАГШ” номыг яагаад хураалгасан бэ?


7 жил

                                                     Удам судраа мэдэхгүй хүн

ойд төөрсөн сармагчинтай адил

Ардын үг

 Эрэл

 МАН-ын дарга М.Энхболд өөрийн twitter хаяг дээрээ “Миеэ багш” хэмээх номын нүүр зургийг тавиад аавыгаа багш, эрдэмтэн хүн байсныг дурсчээ. 2003 онд Интерпресс хэвлэлийн газарт хэвлэсэн ном юм байна. Уг жиргээнээс тэр  номыг унших сэдэл төрж, олж үзэхээр номын сангуудаар явтал харин хачирхалтай зүйлтэй тулгарав. Он гарсаар бүх номын сангуудаас уг номыг хурааж, татаж авсан гэх нь тэр. МАН-ын мэдээллийн ажилтан гэх Дэмбэрэл гэж хүн тойрч яваад, хураагаад байсан гэж нэгэн номын сангийн ажилтан ам алдав. Төв номын сан, их дээд сургуулиудын номын сан хаа сайгүй яваад “Миеэ багш”-ийг олж чадсангүй.

Гэтэл нэг танил маань М.Энхболдын ээжийн талын садан О-д уг ном хадгалагдаж байгааг дуулгаснаар хэргийн ээдрээг олох сэжим үүслээ.

 Хамаатан биш хамаатны гэрчлэл

 Би тэднийд очиж, танилцаад, зорьж ирсэн учраа хэлж “Миеэ багш” номыг асуувал цаад өрөө рүүгээ ороод цайвар цэнхэр хавтастай ном авчирч өглөө. Би эрсэн зүйлээ олсондоо баярласан ч аваад явж болох эсэхийг мэдэхгүй байсан тул юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв. О гуай харин миний эргэлзээг тайлж “Чамд хэрэгтэй юм бол аваад явахгүй юу дээ” гэх нь тэр.  Би номоо шүүрээд шууд гараад явчихаж төвдсөнгүй М.Энхболдын олонд танилцуулсан намтраас жаал зугаа юм асууж шалгаасан бөгөөд О гуайн надад өгсөн мэдээллийг тоймлобол:

О гуай М.Энхболдын ээж Д.Цэдэв гуайн хойт эх Хандын дүүгийн хүүхэд аж. Тийм болохоор цусан төрлийн хамаатан биш гэдгээ дурдав. Ханд эгчтэй суух үедээ Далай ах нэг охин дагуулж ирсэн нь Цэдэв юм. Цэдэвийн ээж цэвэр хятад хүн байсан. Ханд эгч, манай аав эд нар болохоор эрлийз хүмүүс юм. Би болохоор хурлийз болж таарна хэмээн тэр илэн далангүй яриагаа эхлэлээ. Тэр Түвдэнбалжир билүү мэдэмхийрээд яваа хүн сураг төдий юм сонссоноо л яриад явах шиг байна лээ. Хотыг сайн мэдэхгүй ч байгаа юм уу. Далай ахынхыг 5-р сургуулийн тэнд байсан гэж байна лээ. Хамаагүй баруун урагшаа, одоогийн Тэнгис кино театрын хойгуур байж байгаад 1973 оны хавьд тэнд хороолол барихаар болоод хойшоо 5 буудал, дэнжийн мянга руу нүүцгээсэн юм л даа. Тэр бас Цэдэвийн хятад нэр Цэ Ду ч билүү ярьсан. Тийм хятад нэр байхгүй ээ.

Д.Цэдэв гуайн аав Далай буюу М.Энхболдын ээжийн талын өвөө нь ХХ зууны эхээр наашаа орж ирсэн монгол нэр нь Шижир гэх Ма овогтын хүүхэд гэнэ. М.Энхболд ээжийнхээ намтар түүхийг огт дурсдаггүй байснаа саяхнаас Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) сумын хүн гэж дуугарах болсон нь учиртай аж. Манжууд 1905 оноос Шинэ засгийн бодлого гэгчийг тунхагласнаар төвд, монголд хятад хүн суурьшуулахгүй хоригоо цуцалжээ. Ингээд Хараа голын дагуу тариа, ногоо тариулахаар хятад иргэд суурьшуулж эхлэхэд Шижир гуайнх хамаатан садан хэдэн айлаараа Зүүнхараад ирсэн юм байна. Түвдэнбалжир гэгч болохоор 1919 онд Сю Шү Жаны цэрэгтэй орж ирсэн гэж хадуурсан гэнэ. Ш.Далай нь Хүрээ, Зүүнхараа хоёрын хооронд хүнсний ногоо, бас бус зүйлс зөөж наймаалдаг сүүхээтэй эр байсан болохоор монголчууд “Далай наймаа” гэж дууддаг байсан ажээ. Тэр цагт монголд амьдардаг гадныханд сүү, махнаас өөр идэх юм олдохгүй хэцүү байж л дээ. Нарийн ногоо, гурил, төмс лууван зэргийг үндсэндээ Сэлэнгийн хужаа нар л хангаж байж.

 Ш.Далай наймаа хийсээр нилээд хөрөнгөжсөн нэгэн агаад хожим Цэдэвийн төрсөн ээжээс салаад Зүүнхараагаас нааш бүрмөсөн ирж Тасган овооны зүүн талд байсан Есөн гудамжинд О-гийн авга эгч Хандын хашаанд охинтойгоо ирж амьдрах болсон гэнэ. Тэр үеэс гудамжныхан нь Өндөр Далай гэж дууддаг болсон. Ер нь нуруулаг хүн байсан гэнэ. Д.Цэдэвийн төрсөн ээж харин Зүүнхараад насаараа ногоо тарьж амьдралаа өнгөрөөсөн. Би тэр хүний талаар сонсож байснаас ер хараагүй болохоор энд тэнд бичээд байдаг шиг лянхуа буюу шувуун хөлтэй хүн байсан эсэхийг мэдэхгүй гэж тэр яриагаа үргэлжлүүлэв. Ханд эгч Зүүнхараад байхын Далайтай танил байсан байх магадлалтай. Далай Цэдэвийн төрсөн ээжээс салаад төд удалгүй Хандтай нэг гэрт орцгоосон аж. Баттай зүйл нь Ханд гуай хэвийн хөлтэй байсан аж. Аав нь монгол хүн учраас тэр байх. Хандтай нийлээд гарсан хүүхэд нь Долгор. Өмнөх эхнэр нь Бадарч гэж том хүүгээ авч үлдсэн байна. Харин Хандын аав Дэлгэр нь монгол хүн байсан гэнэ. Д.Цэдэв гуай Хандыг “ээжээ” хэмээн намтар түүхэндээ бичдэг байсан нь Ю.Цэдэнбалын үеийн хавчлагатай холбоотой байсан байх гэж тэр тайлбарлав. Өвөө Дэлгэр, эгч Ханд нар бол М.Энхболдтой цусан төрлийн холбоогүй хүмүүс аж. Д.Цэдэвийн олдмол хамаатнууд гэх үү дээ. Тэгэхээр намтартаа тэднийг бичээд, дурдаад байгаа нь албан ёсны бичиг баримтаа л дагаж байгаа хэрэг бололтой. Үнэн намтар түүх бол өөр шугамаар явагдах болж байна.

Д.Цэдэв эгч 1959 онд МУИС-ыг төгсөж, эмч болсон. Миеэгомбо ах тэр хоёр  Нэгдүгээр сургуульд нэг ангид хамт сурч байсан гэдэг юм. Энэ нь бас их учиртай. Х.Чойбалсангийн шадруудын нэг Бат-очир гэж Төв аймгийн Баян сумын харъяат хүн байж. Тэр маршалын арын албанд зараал хийлгэхээр 1947 онд хоёр хүүхэд нутгаасаа авчирсны нэг нь Миеэ ах байж л дээ. Тэгээд нэгдүгээр сургуульд оруулсан. Нөгөө талаас Өндөр Далай 1946 он хавиас Х.Чойбалсангийн хувийн тогооч хийж байсан. Миеэ ах түлээ мод хөрөөдөх, ус зөөх гээд ажлуудад зарагдаж гал тогоо хавиар их эргэлддэг. Цэдэв аавынхаа ажил дээр ирээд, ажил тартал нь хичээлээ хийгээд суудаг байж л дээ. Тэгээд дотносч, хожим гэр бүл болсон юм. Х.Чойбалсан гуай Миегомбо ахыг юм сурахаар сийрүү толгойтой хүү гэж их үнэлдэг байж л дээ. Тэгсэн хятад тогоочийн охинтой дотносоод байхаар нь Бат-Очироор хэлүүлж, “Юм сурчихаар сайхан хүү алсаа бодвол дэмий дээ” гэж. Миеэгомбо ах болохоор Цэдэв эгчид их сайн болсон болохоор тэр үгийг тоогоогүй, сэтгэлээ дагасан гэдэг юм. Гэхдээ маршалын хэлснээр хожим нь албан тушаал ахих энэ тэрд нь гай болсон. Миеэ ах чинь мундаг толгойтой, чадалтай хүн - Москвагийн Их сургуулийг онц төгссөн, Зөвлөлтөд эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн цол хамгаалсан хүн ш дээ. Ерөнхий сайд, Сангийн сайд өлхөн болохоор чадалтай хүн байсан. Хятад эхнэртэй гээд Ю.Цэдэнбал дарга төрд оруулаагүй, насаар нь дээд сургуулийн багш, захирлаас хэтрүүлээгүй дарсан гэдэг юм. Гэхдээ их сайхан, хүнийг ялгаж, алагчилж үздэггүй төлөв хүн байсан гэж тэр дурсав. Хятад эхнэр авсандаа харамсаж, халаглаж байхыг нь би лав хараагүй. Эхнэртээ их сайн, халамжтай хүн байсан даа.

 О гуай харин М.Энхболдод дурамжхан явдаг гэдгээ нуусангүй. Ээжийнхээ талын хамаатнуудаас цэрвэж, уулзах дургүй байдаг гэнэ. Улс төрд орчихоороо тэгдэг юм болов уу. Уг нь хүн эцэг, эхээ сонгож төрөх биш. Үнэн юмыг юуг нь нуудаг юм бол. Би эрлийз хурлийз гэдгээ нээх нууж сүйд болж байгаагүй. Монголчууд ч намайг гадуурхаад сүйд болж байсангүй. М.Энхболд л учиргүй нуугаад эцэг талынхныгаа л налаад, тэднийгээ л харж үзээд явдаг шиг билээ гэж тэр хэллээ.  Эхийн талаас жинхэнэ эмээ, өвөөгийнх нь хамаатан гэх Ж.Эрдэнэбат, Д.Ганбат нарыг их дэмжиж Ерөнхий сайд, сайд болголоо доо. Д.Ганбатын аав нь нарийн боов их сайхан хийдэг. Танзуур, маюур, еэвэн зэрэг амттан хийдгээрээ алдартай хүн байсан гэж тэр хуучлав.

 Нууцыг хайсан нь

 Би бушуухан гэртээ ирж өнөө айхтар нууцлагдсан номыг дэлгэв. Энэ номыг МАН, М.Энхболдын багийнхан яагаад номын сангуудаас татах болов гэдэг хариултыг хайн хайн уншсанаа нуух юун. Нууц задарч эхэллээ.

Гомбын Миеэгомбо гэх хүний овог Гомбо хэмээх нь лав эцгийн нэр бус нагац ахын нэр болж таарав. 30-р нүүрт Миегомбо/Гомбо овогтой, Гомбо нь ээжийнх нь ах Ж.С/ хэмээн зохиогч Ж.Саруулбуян зүүлт хийжээ. Мөн 135-р нүүрт Ж.Арилд гэж хүн “Овоглож байгаа Гомбо нь бол ээжийнх нь ах юм шүү дээ” гэсэн байна. 225-р хуудсан дээр Нагац ах Тогоочийн Гомбо/1956/ гэсэн фото ч бий.

Эх Дуламыг хоёрдахь хүү Миеэгомбыг төрүүлэхэд ээж Дэжид нь эх барьж авсан, лам энхрий хүүхэд байна хүмүүсээс тусгаарла гээд тусгай гэрт байлгаж хөл хорьдог байсан(19-р нүүр) гэнэ. Гэзэгт гэж нутгийн хужаа хоригийг эвдэж гэрт орсноор олноос нуухаа больсон гэж бичжээ. Миеэгомбо гуай их сонин тавилантай хүн бололтой. Амьдралынх нь зам хятад хүмүүстэй их холбоотой байжээ.

 Хамаатан О-гийн Бат-Очир гэж хүн Миеэг хөдөөнөөс авчирсан гэх яриаг Номын 40-р нүүрт батлаж байна. Харин маршалынд түлээ, мод хагалж байсан талаар ном дотор үг, өгүүлбэр алга. Маршалын хүүхдүүд түүнтэй нэг сургуульд сурдаг болохыг(42-р нүүр) мэдсэн гэх утга бол харин байна. Г.Бат-Очир ах нь маршалын туслах байсан, маршал Баян суманд очихдоо хүүхдүүдийн хацрыг чангаар сорон үнсдэг байсан, маршалын жолоочийг Сэнгэдорж гэдэг байсан гэх мэт ойрын хүрээлэлд байсныг илтгэх дурсамжууд бол байна. Маршал үе үе ирж Бат-Очиртой шатар нүүн, чихэр жимс болдог байсныг ч дурсаж. Ер нь бол маршалынд гэхээсээ Бат-Очирынд зарагдахаар хотод ирсэн байх магадлалтайг 58-р нүүр дээрх бичвэрүүд харуулна. Харин Бат-Очир юуны учир Миеэгомбыг хотод авчирсныг “нутгийнхаа хүүхдүүдийн ирээдүйг бодсондоо” гэх үнэмшилгүй тайлбар ч дагалдна.

Хамаатан О-гийн яриа ортой  ч жоохон ташаарсан байж магад болж таарав. Жишээ нь, Маршал Миеэг магтах бус Бат-очир ах нь маршалд дүүгээ магтаад хариуд нь Х.Чойбалсан “Чи хүүхдийг багаас нь биеийг тоолгочихов, хэрсүүхэн хүмүүжүүлнэ шүү” гэж зөвлөж байжээ. (59-р нүүр) О гуайн ярианаас жоохон зөрсөн бас нэг юм нь Миеэгомбо, Цэдэв нар нэг анги бус зэргэлдээ ангид сурдаг байсныг 177-р хуудсанд Д.Цэдэв гуай дурсчээ.

 49 дэх хуудаснаа Далай гуайг сайн тогооч байсныг илтгэх үгс таарав. Миеэгомбо Цэдэвийнд үе үе очиж аавынх нь хийдэг элдэв янзын хуурай хоолыг “бууддаг” байсан гэжээ. 1960 оныг хүртэл монголчууд гурилтай шөл, бүхэл мах, бууз хуушуур зэргээр голлон хооллодог, хятад ногоотой хоолыг хуурай хоол гэж нэрийддэг байжээ. Ю.Цэдэнбал Соёлын довтолгоогоор “хуурай хоол” гэж үгийг “хоёрдугаар хоол” гэх зөвлөлт үгээр солиулсан юм. 177-р хуудсан дээр Далайгийнх баян байсныг “Цэдэв хотын чинээлэг айлын охин” хэмээн тодотгож бичжээ. 178-р хуудсан дээр “Уг нь би гадаадад сургуульд явах гэж байсан. Гэтэл миний ах Сүхбаатар /Циркийн нугараач Цэнд-Аюушийн нөхөр/ намайг МУИС-ын анагаахад оруулчихсан” гэх Д.Цэдэвийн дурсамж байна. Миний өмнө уулзсан О гуай энэ хүний талаар дурсаж Цэдэвийн хойд эх Д.Хандын нэг дүү, аавынх нь ах нь байсан гэсэн юм. Д.Сүхбаатар гуай Анагаахын дээдэд олон жил багшилсан ажээ. Тэр эрлийз гэдгээ огтхон ч нуудаггүй байсан аж.

 Д.Цэдэв гуай аав, ээжийнхээ талаар маш товчхон “Аав маань өндөр насласан. Ээж маань Ханд гэдэг хүн байлаа” л гэжээ. Номын 236-р хуудас дээр Ханд гуай зээ нартайгаа зургаа авахуулсан нь байна. Аавынхаа тухайд хүнийг царайнаас нь ямар хүн болохыг мэдчихдэг, Миеэг сайн хүн гэж хараад л мэдээд, охиноо азтай гэсэн гэх мөр таарна. Нэг маш сонирхолтой зүйл байгаа нь 181-р хуудсан дээр Миегомбо гуайг орост сурахаар явахад нь гаргаж өгөхдөө аав нь “үртэс дотор суулгасан хайрцаг өндөг вагон дотор оруулж байж билээ” гэж Д.Цэдэв гуай дурссан байна. Энэ монгол ёс биш. Цэвэр тариачин, ногоочин зан үйл байх. Монгол хүн хол явж байгаа хүнд хуушуур хайрч, шууз хийж л өгөх болов уу. Үртэс дүүргэсэн хайрцагт өндөг хийх ухаан монгол хүнээс гарахгүй. Тийм хэрэглээ одоо ч байхгүй юм.

 Номд маршалыг нас барсны дараа ах Г.Бат-Очир нутагтаа буцаж, мал маллах болсон гэжээ. Харин О гуай болохоор Бат-Очирыг хятад төрхтэй гээд Ю.Цэдэнбал таашаадаггүй, хавчсаар ажлаас нь халсан гэж ярьсан. Түүний монгол биш төрхийн талаар П.Шагдарсүрэн уг ном дээр ингэж дурссан байна. 57-р хуудас. “Зөвшөөрөл аваад ортол дотоод яамны цол хувцастай, хятад царайтай, туранхай дарга өөрийгөө Бат-Очир гэж танилцуулан мэндчилээд өмнөх сандал дээрээ суухыг урив” гээд цааш нь “монголоор яасан цэвэрхэн ярьдаг хүн бэ” гэж бодсоноо дурсчээ. Тэгэхээр О гуайн яриа худал биш болж таарах нь. Нэмэлт нотлогоо нь 58 дахь хуудсан дээр Цэдэнбал дарга Бат-Очиртой ажиллахдаа дуртай байгаагүй гэсэн үг байна. Номын 226 дахь хуудсан дээр Ах Гомбын Бат-Очир, гэргийн хамт/1930-аад оны үе/ гэсэн фото хавсаргажээ.

 М.Энхболд юунд эмзэглэж энэ номыг нуун дарах болов гэдгийг хайгаад ноцтой зүйл үнэндээ олсонгүй. Г.Миеэгомбо 1957 онд Москвад оюутан байхдаа хамт сурч байсан хятад бүсгүйн хүсэлтээр хятад хүн болж Мао даргатай уулзсан гэсэн бүлэг бий. 63 дах хуудас. Гэхдээ энд эмзэглэхээр юм байхгүй л юм шиг санагдсан. Маогийн яриа, шүлгийн утгыг ойлгоод байсанд нь эмзэглээгүй байлтай. Тэрийг бол хятад найз орчуулж өгөө биз гэж таамаглалаа.

Нууцын тайлал

Энэ номонд эмзэглээд хурааж, татахаар яг юу байв аа гэсэн бодолтойгоор би уншиж дуусгалаа. Санаанд хэдэн жилийн өмнө “Өдрийн сонин”-ы сэтгүүлч  Соёлын гавъяат зүтгэлтэн асан Г.Дашрэнцэн гуайн яриа мэлсхийтэл буув. Тэрээр Төв аймгийн Баян сумын уугуул байсан. “Манай сумын намууд” гэх хоржоонтой, хөгжилтэй, егөөтэй тууж бичиж нутгаа алдаршуулж байснаар нь хүмүүс сайн санах байх. Хүү нь Gump нэрээр нийтлэл бичдэг Д.Билгүүн.

Дашка ах нутгийнхаа улс төрчдийн тухай ярьж байснаа М.Энхболдын тухай хальтардаг юм. Ах хэлж байна аа: - Энэ Энхболд ээжийн талаасаа бол яалт ч үгүй урд зүгийн цустай. Аавыг нь би манай нутгийн сайхан ханагар гэж л бодож явсан. Гэхдээ нутгийн хөгшчүүлийн яриаг сонсохоор нэг эргэлзэх зүйл бий. Гэзэгт гээд манай нутагт амьдарч байсан нэг хужаатай л Дулам гуай дотно байсан юм уу даа. Миеэгомбыг нагац ахаар нь овоглодогт ч учир бий хэмээсэн нь санаанд тод буулаа. Нээрээ бодоод байхад хаа хамаагүй хүн айлын энхрий хүүгийн тусгай гэрт давхиж орох уу? Тэр дундаа харь хүн тэгэж дураар аашлах уу? Өөриймсөж, өмчирхөж л орсон байж таарна.

Мартагдсан файлууд сэргэж байна. Сэтгүүлч ах бас Чойбалсангийн анхны эхнэр Бортолгой түүнд хятад тогоочийг(Далай) нь олж өгсөн гэж ярьсныг ч нэхэн саналаа. Х.Чойбалсан салсан хойноо ч Бортолгойн үгийг сонсдог, түүний заавраар гэр ахуйн асуудлуудаа шийддэг байсан аж.

Ингээд мэдээллүүдээ нэгтгэвэл:

- Бат-Очирын овог бас Гомбо байгаа нь М.Энхболдын эмзэглэсэн зүйл байж болох. Таамаглахад энхрий хүү Миеэгийн тусгай гэрт давхиж орсон Гэзэгт хужаа бас Бат-Очирын аав байсан байх магадлалтай юм. Ю.Цэдэнбал Г.Бат-Очирт онцгой хатуу хандаж “намаас нь хөөв”, “бид Бат-очир ахыг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болгох гээд дийлээгүйдээ” гэх харууслууд 59-р хуудаснаа дурайна. Ю.Цэдэнбал хужаа төрхнөөс нь л болоод хүнийг ажлаас халах, намаас хөөх, бүр ахмад зүтгэлтэн болгохоос татгалзна гэж байхгүй. Илүү ноцтой шалтгаан байж.

Гэзэгт хужаагийн зүгээс том хүү Бат Очирт эх өөртэй Миеэ дүүгээ анхаарч явахыг захисан. Тэр нь хожим эцгийн захиасаар дүүгээ хот руу татсан байж болохоор дүр зураг гарч байна. Энэ бол яах аргагүй М.Энхболдын эмзэглэж болох сэдэв. Гэхдээ энд яг таг нотлогоо байхгүй. Таамаглахаас цаашгүй юм.

 - М.Энхболд болон түүний баг нэр дэвшигчийн ээж, аавын талын тодорхойгүй угшлын талаар олон нийтэд ямар сөрөг ойлголт өгөхийг цээрлэж номыг хураасан байх талтай юм. Ээж нь хойт эхийнхээ талаар бүрэн мэдээлэл өгөхгүй, өөрийгөө хотын хүн гэж ном дээр тодорхойлсон байхад М.Энхболд Сэлэнгийн малчин айлын охин гэж мэдээлсэн зэрэг зөрүүтэй байдлаас улбаалж хураасан байж болохоор юм. Мөн аавын эцэг тодорхойгүй байгааг дурдалгүй, нагац ах Гомбын угшлаар өөрийнхөө намтрыг дүүргэсэн асуудлыг мэдэгдүүлэхгүй гэж хичээсэн байх магадлал байна. Ер нь бол олон нийтэд танилцуулсан намтраас Цэдэв-Далай-Шижир, Миеэгомбо-Дулам гэсэн шугам нь л бодитой. Бусад нь олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой оруулсан зүйл байна. Учир нь М.Энхболд намтартаа эмээгээ Т.Гомботой ханилан суусан гэж бичсэн нь энэ ном дээрх мэдээлэлтэй зөрж байна. Гомбо бол нагац ах нь болохыг ном дээр маш олон удаа бичсэн байгаа. Монголчууд цусан төрлүүдээ гэр бүл болгодоггүй. Д.Дуламтай албан ёсоор ханилан суусан нэг хүний тухай ном дээр дурдсан нь Б.Намжил гэх лам байгаад хэлмэгдэж 10 жил шоронд суусан хүн юм. 1947 онд ээжтэй нь суусан гэж гарч байна.

- Хятад гарвалын талаарх баттай нотлогоо уг ном дээр хоёр, гурав байгаа нь Д.Цэдэв гуай анагаахын сургуульд орсон шалтгаанаа тайлбарлахад дурдсан Д.Сүхбаатар багш юм. Цэдэвийн хойд эх Д.Хандын дүү байсан энэ хүн амьд ахуйдаа ч эрлийз гэдгээ нуудаггүй байсныг Анагаахын Дээд сургуулийн багш нар гэрчилж байна. Тэрээр “үнэнийг нуух шиг нүгэл байхгүй. Хүний гарал үүсэл бус мөн чанар л чухал” гэж ярьдаг байжээ. Бас Цэдэвийн аав нь Миеэгомбо гуайг орос руу гаргаж өгөхдөө хайрцаг өндөг өгсөн, элдэв янзын хуурай хоол сайн хийдэг байсан гэх зэрэг нотлогоо бий. Харин М.Энхболдод ээжийнх нь гарал үүслээ нотлосон энэ яриа нь таалагдаагүйгээс номыг нийтийн анхааралд оруулахыг хүсээгүй бололтой.

 Хүндлэл ба болгоомжлол

Би энэ номыг уншаад, мөн Д.Цэдэвийн хамаатан О гуайн яриаг сонссоны дараа эр хүнийхээ хувьд Г.Миеэгомбо гуайг хүндлэх сэтгэл төрлөө. Энэ хүн албаны карьерийг биш хайр сэтгэлээ эрхэмлэсэн сонголт хийж чадаж байж. Ерөнхий сайд ч болж болох байсан ч тэр хүн хайртай бүсгүйгээ илүүд үзсэн байна шүү дээ. Харин хүү нь өвөг дээдэс, ээжийнхээ гарал үүслийг төөрөгдүүлэн, карьер хөөцөлдөхийг эрхэмлэж явна.

Одоо гол асуудалдаа оръё. За, М.Энхболд хятад цустай юм байжээ гээд энд ямар ч буруу зөрүү юм алга. Монголын маш олон урлаг соёлын алдартан хятад цустай байлаа. Муу юм болсонгүй. Хятад гаралтай өчнөөн бизнес эрхлэгч монголд ажиллаж байна. Ноцтой юм алга.

 Гэвч төрийн өндөр албан тушаал, бүр төрийн тэргүүн гэхээр зөвшөөрөхөд хэцүү санагдна. Хүннү дээдсээс ярьвал 2300 жил, Чингис хаанаас хойш тооцвол 800 гаруй жилийн төрт ёсны түүхтэй, Монголын төр шүү дээ. Олон мянган жил эзэн суух гэж элдвээр хичээсэн харийнхан бараагүй өндөр суудал шүү дээ гэж бодохоор хэцүү санагдна.

М.Энхболд ч төрд ажилласан жилүүддээ ээжийнхээ талд элгэмсээд ч гэх юм уу хятад-монголын найрамдлын нийгэмлэг, УИХ дахь хятад-монголын бүлгэм зэрэг хятадтай өндөр түвшинд холбогдох сонгуульд ажлуудыг олон жил хашиж байсан. Үе үеийн хятадын удирдагчид  ч М.Энхболдод тун элгэмсүү ханддаг. М.Энхболд өөрөө боломж л гарвал ХКН-ын XIII таван жилийн төлөвлөгөөг саймшран магтах дуртай. Хятадын Ганьсу мужийн жирийн айлд очоод соёл, хөдөлмөрч чанарыг нь гайхан биширснээ нуулгүй ярьсан нь ч бий. Монголын хөдөөгийн жирийн айлыг биширснээ бол яриагүй л яваа хүн. Энд л асуудал байна.

Жаахан хүүхдэд “ээждээ хайртай юу, аавдаа хайртай юу?” гэх даажинтай асуултыг тавьдаг шиг М.Энхболдоос хувь тавилан эгзэгтэй мөчид “монгол, хятадын алинд нь хайртай вэ?” гэж асуух бол яах вэ? Одоо бол мэдээж шууд л “монголдоо л хайртай” гэж хэлж болох ч эгзэгтэй мөчид яах бол? Ерөнхийлөгч гэдэг албан тушаал Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэсэн эрх мэдлийг шууд олгодог. Ээжийн талдаа элгэмсдэг хүнд ийм аймаар эрх мэдлийг өгчихөөд бид юу бодож суух вэ?

 “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та нарт үлдээв” хэмээн маршал Х.Чойбалсан гэрээслэжээ. Гэтэл та бид эрхэмлэж явах учиртай зүйлээ харь элэгтэнд “машид итгэчихсэн” байж болох уу?

Бас нэг ноцтой юм нь МАН-ынхны өөрсдийн хийрхэл юм. 1964 оны луу жил. Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүд дэхь сөрөг хүчний хамгийн том хуйвалдаан 12 сард гарсныг НТХ-ны бүгд хурал буруушааж, Ю.Цэдэнбалын команд ялалт байгуулжээ. Энэ жил Ю.Цэдэнбалын багийн гишүүн, их эрдэмтэн Миеэгомбын гэр бүлд нуган үр мэндэлсэн нь түүний 80 насны ойн жил 1996 онд дүүргийн дарга, улмаар нийслэлийн засаг дарга болж, 2006 онд 90 насны ойгоор нь Ю.Цэдэнбалын 22 жил ажилласан Ерөнхий сайдын сэнтийд гарчээ. М.Энхболд Ю.Цэдэнбал даргын 100 насны ойн жил УИХ-ын даргад өргөмжлөгдөж төр, намын эрхийг хослон барих залгамжлагч нь болж тодорчээ” гээд л түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц,Жамбалсүрэн гэх хүн уянгалуулж эхлэхээр би эмээж байна. Илт худал ийм үгсээр будаж байгаад монголыг юу руу аваачих гэж байгаа бол гэж болгоомжилж байна. Г.Миеэгомбо Ю.Цэдэнбалын багт огт байгаагүйг “Миеэ багш” номд маш тодорхой бичсэн шүү дээ.

                                                                                                                                                                                   Сэтгүүлч Х.Нямзагд