Энэ өвөл хүндхэн болох шинжтэй. Учир юу гэвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олон жил ажилласан атлаа салбартаа бодлогын шинэчлэлт хийж чадаагүй, хотын хэмжээнд тог цахилгааны хязгаарлалт үргэлжилсээр байгаа, дулааны станцууд нь доголдож, дулаан, халуун ус тасрах үзэгдэл хэвийн мэт болчихсон энэ үед Б.Чойжилсүрэн сайдтай улс төрийн хариуцлага тооцож, сайдын суудлаас нь чөлөөлөх ёстой гэдгийг Ерөнхий сайд Ш.Занданшатарт хандан иргэд олон нийт захиж хэлж байна.
Гэхдээ Чойжоо сайдад суудалд сууж үлдэх боломж бас байна. Хэдийгээр өөрөө унхиагүй, үлгэн салган яваа ч гэлээ салбарын гол боловсон хүчнүүдээ өөрчлөх, тэтгэвэрт гарсан хүмүүсийг салбараас үдэн гаргаж, шинэ залуу эрч хүчтэй, мэргэжлийн хүмүүсээр эрчим хүчний салбарын гол байгууллагуудыг удирдуулах хэрэгтэй. Ингэж хэмээнэ хотын хэмжээнд үүсэх эрчим хүч, дулаан цахилгааны элдэв эрсдэл, доголдол, хязгаарлалтаас эрчим хүчний салбар холдож, тэр хэрээр Чойжоо сайдын нэр хүнд өсөж, суудалдаа үлдэх боломж нэмэгдэнэ.
Тухайлбал, ажил авсан цагаасаа албан хаагчдынхаа дунд нэр хүндгүй болж, удирдаж буй дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг удаа дараа доголдуулж, хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж, төсвийн мөнгийг үргүй зарцуулж, жил бүр аудитын зөрчил гаргаж, хязгаарлалттай дүгнэлт гаргуулж, ёс зүйн болон хариуцлагын алдаа удаа дараа гаргасаар байгаа тэтгэврийн “хөгшин” ТЭЦ IV станцын захирал Ү.Төмөрхуягийг нэн даруй үүрэгт ажлаас нь чөлөөлж, наанадаж энэ байгууллагын ажилчдын эрх ашгийг хамгаалах, цаанадаж Улсын нийслэл хотын олон зуун мянган хэрэглэгчийг хохироохгүй байх боломжийг бүрдүүлэх нь чухал байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ийм байдлаар хариуцлага алдсан эрчим хүчний салбарын удирдлагуудтай нэн даруй хариуцлага тооцож, салбараа “эрүүлжүүлж”, чадварлаг боловсон хүчнийг томилж, хотын хэмжээнд тог цахилгаан, халаалт дулааныг тасалдуулалгүй өвлийг “өнтэй” давах нөхцөлийг бүрдүүлэх нь магадгүй түүний огцрох шалтгааныг “хойшлуулах” боломжийг бий болгох юм.
Ц.Мөнх
Amlalt.mn
0
0
0
0
0
0