"Харвони эмийг Архангай аймгийнханд үнэ төлбөргүй олгох нь ЭМЯ-наас гарсан санаачилга биш"

"Харвони эмийг Архангай аймгийнханд үнэ төлбөргүй олгох нь ЭМЯ-наас гарсан санаачилга биш"


8 жил

Эрүүл мэндийн яамнаас үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас элэгний С вирусийг эмчлэх Харвони эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилж байгаа нь зохисгүй үйлдэл хэмээх мэдээлэл тараад буй.

 

Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга “Энэ бол Эрүүл мэндийн яамнаас санаачилж, хийсэн ажил биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2016 оны тавдугаар сард “Элэгний С вирусгүй Архангай” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр бэлтгэсэн байдаг. Үүнийхээ дагуу АНУ-ын “Гилеад сайнс” компанийн төлөөлөгчидтэй уулзан, хүсэлт тавьсныг тус компани хүлээн авч, 3,000 ширхэг Харвони эмийг үнэ төлбөргүйгээр хандивлахаа мэдэгдсэн.

Мэдээж хэрэг уг ажил албажиж, хэрэгжихэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Ингээд хоёрдугаар сард “Гилеад сайнс” компани 1,000 хүн тун буюу 3,000 хайрцаг эмийг Монгол Улсад хүргүүлсэн. Эмийг Монгол Улсад оруулахад ЭМЯ-нд хүсэлт ирсний дагуу Засгийн газраар хэлэлцүүлээд гаалийн татвараас чөлөөлж, төслийг дэмжих чиглэлийг гаргасан” гэлээ.

Мөн тэрбээр “Манай яамнаас “Элэгний С вирусгүй Монгол” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өөрийн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндэд санаа тавьж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь хүн бүрт нээлттэй” хэмээв.

Элэгний С вирүсийг эмчлэх Харвони эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс нэг сарын хэрэглээний эмийг 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм.

Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас сарын хэрэглээ тутмаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.

Судалгаагаар манай улсад гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна. Мөн элэгний вирусийн архаг халдвартай 400 гаруй хүн байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү