Мөргөлийн газар, суврага болон шашны гурван хэмжээст бэлгэдлүүд агуулсан дэлхийн хамгийн том дудын шашны цогцолбор-Боробудур IX зуунд баригджээ. Толгод дээр барьсан эл байгууламж өөрөө асар том пирамид бөгөөд буддагийн үй олон сийлбэр рельеф, баримал агуулна.
Боробудурыг чухам хэн, хэзээ барьсан нь тодорхой биш боловч Буддын шашны Их хөлгөний урсгалыг ивээн дэлгэрүүлэгч Сайлэндра династийн үед 825 оны орчим барьж гүйцээжээ. Архитектур барилгаа Буддын шашны суваргын хэлбэр дээр үндэслэн, улам хөгжүүлжээ.
Суварга нь дотроо хутагт хувилгаадын шарил, чандар сэлтийг агуулсан байгууламж байдаг. Харин Боробудур жижиг гүвээний дайтай бөгөөд олон шаталсан задгай, чулуун тавцангуудаас бүрдэнэ. Тавцан буюу түвшин бүр гэгээрэлд хүрэх шатыг бэлгэджээ.
Барилгын суурь нь ихэнх эгэл хүмүүсийн амьдардаг шунал тачаалын орчлонг төлөөлнө. Харин дараагийн дөрвөлжин таван давхар нь шунал тачаалаа дарж чадсан буддистуудын орчлонг бэлгэджээ. Эл хэсэгт буддагийн амьдралд болоод шашны холбогдолтой бусад сударт гардаг үйл явдалуудыг дүрслэн үзүүлсэн буй. Харин сүүлийн гурван давхар нь хэлбэргүйн орон зайг буюу буддын шашинтнуудын хүрэхийн эрмэлздэг нирвааныг төлөөлнө. Энэ хэсэгт суварга хэлбэртэй чулуун саравчин дотор Буддагийн байр 72 баримал буй.
Мөргөлчид тодорхой жаягийн дагуу явдаг бөгөөд эхлээд доод түвшингүүдээр гороолон сийлбэрүүдийг харж, буддагийн түүхийг ухаж ойлгох замаар явсаар дээд түвшинд очдог. Ийнхүү өөрчлөгдөгч гудмууд, баримлын энгийн хийц нийлэн цогцолж мөргөлчдөд хүсэл тачаалын орон зайнаас гаран илүү өндөр, дээд түвшинд очиж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.