Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан эко паркийг ажиллуулж эхэлвэл ‘350 мянган тонн хог хаягдлыг шууд шатааж, эрчим хүч үйлдвэрлэнэ’ гэж news.mn-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлсэнээр эко паркийг байгуулахад 240 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг тооцоолсон бөгөөд зардлаа нөхөхийн тулд 13 жил шаардлагатай. Паркийг байгуулахын тулд хийсэн судалгаагаар гэр хорооллын хог үнс нурам ихтэй, орон сууцных нь цаасан хог ихтэй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна.
Эко паркийг Улаанбаатар хотын Захирагчийн алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран барихаар 2015 онд шийдвэрлэж байсан юм. Одоогийн байдлаар паркийг байгуулах байгаль орчны үнэлгээг батлуулах ажил Байгаль орчны яам дээр хүлээгдэж байгаагийн улмаас цаг алдаад байгаа тухай Д.Бямбасайхан тайлбарлажээ. Өмнө нь төслийн ерөнхий зохицуулагч Л.Бат-Өлзий Mongolian Economy сэтгүүлтэй нийслэлийн удирдлагууд дэмжвэл хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн тухай бас ярилцаж байв.
2020 он гэхэд дуусахаар төлөвлөсөн эко паркийг Баянзүрх дүүргийн Цагаан давааны хогийн цэг, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн Энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд барих юм. Тухайн хогийн ангилалаас хамаарч, хогийг ялган, дахин боловсруулах 22 үйлдвэрийг байгуулагдана гэж төлөвлөөд байгаа төдийгүй төсөл хэрэгжиж чадвал 1000 ажлын байр бий болох боломжтой.