УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Засгийн газрын маргаашийн хуралдаанд энэ асуудлыг оруулж, тоонуудаа эцэслэнэ. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлнэ. Бүлэг дээр дараах зарчмын хүсэлт гаргалаа. Үүнд, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа.
Цалин, тэтгэврийг нэмэхээр тогтлоо. Энэ удаад хавтгайруулан нэмэгдүүлэх бус цалин, тэтгэврийн зөрүү үүссэн тогтолцооны гажгийг засахад чиглэнэ. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болно. Энэ өөрчлөлтийг хийх боломж байгаа юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар өнгөрсөн онд эдийн засгийг тогтворжуулах хатуу бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авсан, тухайлбал нүүрсний худалдааг ил тод болгосноор 2022 оны төсөв оны төгсгөл рүү 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн. Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн. Эдгээр ажиллагааны үр дүнд бий болсон орлогоор цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна.
Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 250 мянга болно. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.
Төрийн албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-н, аравдугаар сарын 1-ээс хоёр үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдынхныг нэмнэ, аравдугаар сарын 1-ээс бусад шаардлагатай төрийн албан хаагчдынхны цалинг нэмнэ.
Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага байгаа талаар олон жил ярьсан. Энэ зөрүүг итгэлцүүрийн зарчмаар бүрэн шийднэ. 1990 онд тэтгэврээ тогтоолгосон багш, өнөөдөр тэтгэврээ тогтоолгож байгаа багштай ижил тэтгэвэр авна. Гол нь ажилласан жил, НДШ төлсөн жил нь адил байх шаардлага тавигдана. Үнийн өсөлттэй уялдуулж нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх асуудлыг орхиогүй. 420 тэрбум төгрөгөөр санхүүжилт хийгээд явж байгаа. Замын холбоосыг хийхэд 187 тэрбум төгрөг дутаж байгааг төвлөрүүлэлт дээр төсөв хооронд зохицуулалт хийж, шийдвэрлэхээр боллоо.
Сэлбэ сэргэлтийг тойрсон бүтээн байгуулалт хийгдэнэ. ТЭЗҮ хийгдэж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар нийслэл бонд гаргах эрхтэй болсон. УИХ-аар 2023 оны төсөвт тодотгол хийсний дараа нийслэл дагаад төсөвтөө тодотгол хийж, бонд гарган түгжрэлийг сааруулах ажлаа хийгээд явах боломжийг олгоно гэлээ.