Италид эмэгтэйчүүд музей, соёл үйлчилгээний газруудад үнэгүй орж, ажил ба гэрийн ажлаас чөлөөлөгджээ. Италийн Соёлын Өвийн сайд энэ жил 3-р сарын 8-ыг "эмэгтэйлэг ертөнцийг тэмдэглэх" өдөр гэж зарласан юм. Эмэгтэйчүүд музейд үнэгүй орохоос гадна музейн үзмэрүүд алдартай эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэсэн байна.
Исланд улс хүйс, үндэстэн, угсаа, сексийн чиг хандлагаас үл хамаарч тэнцүү хэмжээтэй цалин авдаг анхны улс болох хуулиа энэ сард танилцуулна гэдгээ мэдээлэв. Энэ хууль Исландад хувийн бас улсын хэвшлийн бүх байгууллагуудад хэрэгжих ёстой гэдгээрээ онцлог болж байна.
Польшийн эмэгтэйчүүд консерватив засгийн газартаа улаан кард өгөн, эмэгтэйчүүдэд төрөлтөө хянах эрхийг нь олгох, тэднийг хүндлэх бас цалингийн хэмжээг ихэсгэхийг шаардав. Жагсаал Польшийн 80 хотод болсон ба Польшийн засгийн газар Католик үнэт зүйлийг тулгаж, үр хөндөлтийг хориглох шийдвэр гаргасан ч өнгөрсөн жил олон зуун мянган эмэгтэйчүүдийн эсэргүүцлээр цуцласан юм.
Америкт олон эмэгтэйчүүд ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг эдийн засгийн шударга байдал, тэгш эрхийг шаардан жагслаа. Америк эмэгтэйчүүд Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсоны дараа 1-р сарын 21-нд түүний үр хөндөлт ба эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг шүүмжлэн жагсаж байв. Америкийн нийт хүн амын 47 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд Америк эрэгтэйчүүдтэй адилхан ажил хийдэг ч, цалингийн 80 хувийг авдаг гэсэн судалгаа 2015 онд гарсан юм.
Пакистан улсад олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр Гэртээ Суудаг Эмэгтэй Хөдөлмөрчдийн Холбооны гишүүд цугларан уулзалт хийжээ. Пакистаны эмэгтэйчүүдийн 93 хувь ямар нэгэн байдлаар сексийн хүчирхийлэлд өртсөн тухай судалгааг Лхагва гарагт танилцуулав. Пакистаны 12 сая гэртээ суудаг ажилчдын 80 хувь эмэгтэйчүүд. Тэд өдрийн 10 цагийг гутал, хувцас, нөмрөг, баримал зэргийг хийн өнгөрөөдөг аж.
Йемений дайныг эцэслэхийг шаардсан жагсаалыг эмэгтэйчүүд НҮБ-ын төв байрны гадаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдөртэй давхцуулан хийлээ. Тэд Сауди Араб тэргүүтэй эвслийн тависан де-факто хоригийг цуцлахыг шаардаж, дотоод ба олон улсын байгууллагууд Йемений ард түмнийг дэмжихийг уриалсан байна. Арабын улсуудын хамгийн ядуу улсын нэг Йеменд 2015 оноос хойш болж байгаа дайны улмаас 6.800 хүн нас барсан юм.
Туркийн Истанбулд 10.000 хүн, голдуу эмэгтэйчүүд “эрэгтэйчүүдийн үйлддэг хүчирхийллийн зогсоо”, бас “Таийп, Таийп, гүйгээрэй, гүйгээрэй, бид ирж байна” гэж давтан хэлж байв. Ирэх сарын 16-нд Туркийн ард түмэн засаглалын системийг өөрчлөхҮндсэн хуулийн өөрчлөлтөнд санал өгөх юм. Үүгээр Турк улс ерөнхийлөгчийн системтэй болж, 2029 он хүртэл Эрдоган албан тушаалдаа ажиллах ба үүнийг дэмжиж бас эсэргүүцэж олон эмэгтэйчүүд жагссан байна.
Бразилын ядуу бүсээс ирсэн ажилчин эмэгтэйчүүд шинэ ерөнхийлөгч Мишел Темерийн неолиберализмын эсрэг жагслаа. Тэд Бразилын хэд хэдэн хотуудад “Бид Бүгд Сэрсэн, “Капитал ба Хөдөө Аж Ахуйн Бизнесийн” эсрэг уриатай жагсаал хийсэн байна. Лхагва гарагт Дэлхийн Судалгааны Салбар дахь Хүйсийн Байдал судалгаагаар Бразил эмэгтэйчүүдийн хэвлүүлсэн шинжлэх ухааны шийтлэл АНУ, Их Британи, Европын Холбоог давжээ. Бразилын нийт шинжлэх ухааны нийтлэлийн тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба Бразилд эмэгтэйчүүд эрчүүдээс 7.5 цагаар илүү ажилладаг байна.