Төрөөс эм ханган нийлүүлэх хувийн хэвшлүүдийн нийлүүлэлтийн хуримтлагдсан өрийг хоёр жил дамжин өгөлгүй явсаар банкны хүүнд дарлуулсан Монголын эм хангамжийн салбарын хувийн хэвшлийнхэн барьцааны эд хөрөнгөө эхнээс нь алдаж дампуурах дээрээ тулж ирсэн тухай бид өмнө нь бичиж байсан билээ. Энэ нь одоо улам бүр ужигарсаар Монголоороо хамтдаа гадаад талдаа, олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчдэд хүртэл нэр нүүргүй болж эхэлж байх шиг.
Нэн ховор эм тариа, хагалгаанд хэрэг болдог тоног төхөөрөмжүүд аль хэдийнэ тасарчихсан гэдгийг одоо ч ард иргэд хэлж ярьж бухимдаж байна. Тэдэнд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээс өөр үнэтэй эрх чөлөө гэж байхгүй нь ойлгомжтой. Яаралтайгаар, хүндрэлтэйгээр ирэхээс бусад тохиолдолд эрүүл мэндийн даатгалаараа эмнэлэгийн тусламж үйлчилгээ авна гэдэг хэцүү болчихсон гэдгийг дээр дооргүй ярьж эхэлж байгаа үед Эмнэлэгүүдэд олгодог ЭМД-ын сангийн үйлчилгээ ч хумигдаж эхэлсэн тухай олон нийтийн сүлжээгээр ойрын өдрүүдэд эрчимтэй ярьж, бичиж байна.
Ийнхүү Монголчуудын эрүүл мэндийн асуудал эмзэг болж ирсэнийг оролцогч талууд нэн яаралтай хэлэлцээрт орж шийдвэрлэхгүй бол ард иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг алгуурлаж хойш нь тавьсанаар хохирол улам их амсаж, хожим нь засаж залруулахад асар их хөрөнгө мөнгө цаг хугацаа шаардагддаг гэдгийг хаана хаанаа бодох цаг болжээ. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, аль эрт байгуулагдсан гэх ажлын хэсгээ идэвхжүүлж, төрөөс түр зохицуулалт хийж, өр зээлийн асуудлуудыг нь шат дараатай шийдвэрлэхгүй бол Монгол хүний амь эрсдэх асуудал өдөр хоногоор цаг минутаар хэмжигдсээр байна.
Эрүүл мэндийн, эм хангамжийн салбар элгээрээ хэвтсэнд эрх мэдэлтнүүд буруутай юу гэвэл буруутай. Ковидын үеэс эхэлж энэ салбарыг хүндрүүлсэн төрийнхний худалдан авалт, эмийн устгалын цочирдмоор баримтууд, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүссэн олон арван тэрбумын зөрчил, Эрүүл мэндийн яаманд хувиарлагдсан төсвөө зарцуулж чадалгүй буцааж байсан эрх мэдэлтнүүдийн алдаа завхрал гээд эрэн сурвалжилмаар элдэв асуудлыг энэ удаад хойш нь түр тавиад, хоолой дээр тулсан Монгол хүний үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийн асуудлыг хөндөхгүй бол үүнээс илүү үнэ цэнэ гэж үгүй билээ. Одоо нэгэнтээ нэрэлхээд, нүүрээ дарж хүүхдүүд шиг нуугдаад бие биерүүгээ түлхэх байдлаар ард иргэдээ хуураад ч нүцгэн үнэнээс зугатах аргаггүй болжээ.
Хүний мөсгүй цөөн тооны улс төрчдөөс болоод байгаа юмуу, эсвэл Засгийн газар шийдэлгүй байгаад байгаа юу, аль эсвэл мөнөөх л эмнэлэгүүдийн удирдлагуудын алдаа завхрал уу гэдгийг оролцогч талууд хамтдаа хэлэлцэж шийдвэрлэх цаг иржээ. Аугаа Монголыг бүтээхэд ард иргэд чинь амьд байх нь чухал биз дээ Г.Занданшатар Ерөнхий сайдаа. Засгийн газрын хурлын тань заавал хэлэлцэх эхний асуудал, сэдэв энэ биш гэж үү?
Д.Оюу