МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр (2025.10.01) хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэнд хандан мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд намайг Хууль, зүй дотоод хэргийн сайдаар томилж байгааг мэдэгдсэн.
Ерөнхийлөгчид, УИХ-д танилцуулах процесс өнөөдөр болно. Ажлаа хүлээн авчхаад би улстөрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ. Одоо би товч байр суурь илэрхийлье. Манай намын Хяналтын хороо үүр шөнийн заагаар хуралдан намайг МАН-аас хөөсөн тухай мэдээллийг би хэвлэлээс олж мэдлээ.
Энэ бүтэц бүрэлдэхүүн бол нэгдүгээрт, Үндсэн хуулийн чадамжгүй. Хоёрдугаар, энэ Хяналтын хорооны шийдвэр гаргасан хүний 4-5 нь 2022 онд УИХ-аас зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс байна, үүнийг би өчигдөр л мэдлээ.
Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө. Энэ өдрүүдэд олон зүйл тодорхой болж байна. Би 7 хоногийн өмнө ярилцлага өгсөн. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Учир нь хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг нь улам бүр тодорхой болж, өөрсдөө гарч ирж илчлэгдэж байна.
Эрх мэдлийн оройд ямар ч үнээр хамаагүй залрахаар улайрч байгаа хүмүүс энэ өдрүүдэд илчлэгдэж байна. Энэ бол Монголын ард түмний ялалт” гэлээ.