НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав нь хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд амь нас нь эрсдэлд ороод байгаа талаар мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсээд байгаа билээ.
Харин цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлсэн. Тэгвэл Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “Иргэн О.Нарангаравыг нөхөр Б.Эрдэнэсүх нь байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гомдолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Тиймээс энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.