"Хэвлэлийн эрх чөлөө" тодотголтой О.Алтангэрэлийн "усан хууль"


6 цаг

Ойрын өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-ын байнгын хороо болон чуулганаар хэлэлцэв. Нэр болоод агуулгынхаа хувьд хэвлэл мэдээллийн салбарын одоогийн хүчин төгөлдөр хуулийг 1998 онд батласнаас хойших 5 дахь хэлэлцүүлэгдэж буй хуулийн төсөл.

Өмнө нь 4 удаа УИХ-ын чуулганаар ороод буцаагдаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл дөрөв дэхь засаглалын эрх чөлөөтэй холбоотой асуудал гэдэг утгаараа чанартай хуулийн төсөл барьж орж ирэх хүлээлт үүсчихсэн гэсэн үг.

Шинээр өргөн баригдсан уг хуулийн төсөл нь нийт 6 бүлэг 16 зүйл заалттай. Хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд уг хуулиас гялтайх хэдэн заалт байсны нэг нь тус хуулийн,

  • 4.1.8.“эх сурвалж нууцлах эрх” гэж хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлч нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж, мэдээллийг дамжуулсан арга хэрэгслийг гуравдагч этгээдэд илчлэхгүй байхыг,
  • 13.1.Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
  • 13.2.Тухайн мэдээллийн нууцалсан эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ.
  • 13.3.Төрийн байгууллага, албан тушаалтан, бусад этгээд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг албадах, тулган шаардахыг хориглоно" хэмээн эх сурвалжтай холбоотой агуулгыг нарийвчлан тусгаж өгсөн байв.

Гэхдээ нөгөө талд тус хуулийн,

"5.3.Эх сурвалжийн мэдээлэл, үзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн бол энэхүү мэдээллээс үүсэх хариуцлагыг тухайн мэдээлсэн эх сурвалж хариуцна" гэчихээр эх сурвалжийг эрсдэлд оруулах байдлаар хэвлэл мэдээлэл түгээдэг зарчим гэж хаа ч байхгүй. Хуулийн дийлэнх заалтуудад ойлгомжгүй, төөрөгдүүлсэн, аль ойлголтод нь хамааруулах нь тодорхойгүй агуулгууд ч цөөнгүй.

Өнөөдрийн нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд өөрсдөө мэдээлэл авахаа эрхээ зөрчүүлдэг, олж авахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг хэрхэн зохицуулах агуулга буюу сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг саадгүй байхад чиглэгдээгүй.

Харин хэвлэл мэдээллийн байгууллага руу чиглэсэн статусыг нь нарийн тодорхойлох гэж оролдсон хэт албадмал заалтуудтай хууль байв.

Мөн хэвлэл мэдээллийн хэт төвлөрлийн тухай заалт нь өөрөө зохицуулах, сэргийлэх гэхээсээ ёсчилсон нэрийн төдий заалт буюу "12.1.Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, хязгаарлалт тогтоох, үнэлгээ дүгнэлт гаргах, бүртгэхтэй холбогдсон харилцааг Өрсөлдөөний тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна" гэчихсэн бөгөөд улс төрийн нам эсвэл нэг томоохон компаниас хамааралтай хэд хэдэн мэдээллийн сувгууд үүсвэл түүнийг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй. Гэхчлэн хуулийн заалтуудын хоорондын уялдаа холбоо болоод агуулга, гарах үр дагавар зэрэг нь ойлгомжгүй байгаа нь уг хуулийн төслийг илүү сайн судалгаатай хийх шаардлагатайг харуулж буй юм.

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний сайн жишгүүд бий бөгөөд тухайлбал Финлянд улсын төрийн бүх байгууллагууд мэдээллээ ил тод өгдөг хуультай. Энэ нь өөрөө олон нийтийн мэдэх эрхийг хэвлэлүүд тэгш, шударга зарчмаар олж авч, мэдээлэх буюу хэвлэлийн байгууллагуудын чөлөөтэй мэдээлэх үүрэгт ч саад учирдаггүй. Мөн ихэнх улс орнууд хэвлэл мэдээллийн омбудсмэн буюу сэтгүүлчийн ёс зүйг хянадаг тогтолцоотой байдаг.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухайх асуудал нь өөрөө дан ганц хэвлэл мэдээллийн салбарынх биш буюу олон нийтийн мэдэх эрхийг хангах асуудал давхар хөндөгдөж байдаг учир ойлгомжтой хууль, сайн эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх нь чухал билээ.

Эх сурвалж: www.eguur.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү