Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хамтарсан хуралдаан болж, Хотын стандартын талаар хэлэлцлээ. Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав.
Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, ая тухтай бүтээн байгуулалтыг бий болгоход чиглэсэн хотын стандартын тогтолцоог бий болгох ажлын эхлэл бөгөөд эхний шатанд 9 бүлэгт хамаарах 38 хотын стандартыг батлах юм. Засаг даргын орлогч Р.Дагва нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтцийн талаар хот ямар стандарт мөрдөхийг танилцуулав. Мөн амины орон сууц, үер борооны усны байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, хотын соёл, дуу чимээний соёл, гудамж, зам, барилга байгууламжийн хотжилт, замын тэмдэг тэмдэглэлд стандарт мөрдүүлэх юм.
Хэлэлцэж багйаа асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид санал хэлсэн юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын АН-ын бүлгийн дарга Д. Пүрэвдаваа: Нийт төлөөлөгчид, ажлын хэсэгт орж ажилласан гишүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Хэд хэдэн санал байна.
Нэгдүгээрт, Хотын стандарт батлах санал бол зөв зүйтэй. 39 нэр төрлийн стандартыг гурван сарын дотор манай ажлын хэсэг төслүүдээ санаачилж хотын дарга захирамж гаргаж энэ нь нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуультай давхцан хийж байгаа ажил гэж харж байна. Нийтдээ 500 гаруй сая төгрөг зарцуулж 200 гаруй судлаачид ажилласан гэсэн . Ажлыг хэсгийн хурлыг тэмдэглэлийг уншиж танилцсан. Эндээс ажиглахад аж ахуй нэгжүүд салбарынхантайгаа уялдаа холбоо тааруу юм уу гэсэн дүгнэлттэй байна. Эрх баригч ардыг намын бүлэг нь өөрөө ойлгоогүй . Хоорондоо ийм уялдаа холбоогүй байгаа юм чинь иргэдтэй хэрхэн ажиллаж байгаа нь харагдана. Ажлын хэсэг дахиж энэ стандартуудаа эргэж харах байхаа гэж бодож байна.
Хоёрдугаарт, Стандарт мөрдүүлэхэд үүнтэй уялдсан процессийн журмууд батлах ёстой гэж харж байна. Журамлахгүй бол өөрсдийн танил тал хамаарал бүхий этгээд эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй харин энгийн иргэдэд үйлчилдэг, үүнийг баримтлах мөрдүүлэх хэм хэмжээ давхар орж ирээгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн санал сайн тусгагдаагүй гэж ажиглагдлаа. Аливаа нмйгэм рүү чиглэсэн стандарт хэм хэмжээг оруулж ирж байгаа бол судалгаан дээр үндэслэсэн хэрэгжүүлэх, хяналиаа тавих журамтайгаа хамт оруулж ирэх амьдралд нийцнэ гэж Ардчилсан намын бүлгийн зүгээс саналаа хэлмээр байна.
НИТХ дахь Хөдөлмөрийн үндэсний намын бүлгийн дарга Д.Гантулга анхнаасаа стандарт зөрчигдөж, хэт барилгажсан хэсгүүдэд ямар стандарт мөрдүүлэхийг тодруулсан бол, Б.Нэргүй хотын шинэ стандарт аж ахуйн нэгж, иргэдэд дарамт болохвий гэдгийг сануулсан юм. Улмаар стандарт баталснаас хойш, ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад стандартыг хатуу мөрдүүлэх ёстойг онцлов.