Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны төмөр өчигдөр орой /2025.07.02/ 19:00 цагийн үед хүчтэй салхинд нурж дөрвөн хүн гэмтсэн. Тодруулбал, хоёр том хүн, хоёр хүүхэд гэмтэж, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан байна. Хүүхдүүд болон нэг иргэний биеийн байдал ил харагдах хөнгөн гэмтэлтэй байсан тул хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Харин тухайн өдөр тайзыг буулгахаар ажиллаж байсан эрэгтэйн хөл бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Тэмцээний дараа тус тайзыг буулгах ажлыг эхлүүлсэн бөгөөд өчигдрийн хувьд цаг агаар тогтуун байсан учир тайзыг буулгахад бэлдэж боолтуудыг сулласан байжээ. Өнөөдрийн байдлаар тайзыг буулгах ажил үргэлжилж буй.