Ц.Туваан: Нефть импортлогчид тохирсноосоо буцаж үнэ нэмсэн


2 өдөр

Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр өсгөөд байна. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбар хийлээ.

-АИ-92 автобензины үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр өслөө. Үнэ өсгөсөн нь аргагүй тохиолдол байсан уу, аль эсвэл улс төрийн энэ эгзэгтэй үеийг ашиглаад нэмчихэв үү?

-Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс  баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа биензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн. Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан.

-Нефть импортлогч компаниуд ямар үндэслэл хэлж байгаа вэ? 

-Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн.

Бид бүхний зүгээс “Дөрөвдүгээр сарын  29-нд авсан үнээр дизель түлшний  үнэ хэрэглээний үнэ дээр  100 ам.доллараар буурсан байхад бусад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгадаггүй юм бэ гэдэг асуудлыг тавьсан.

“Шунхлай” компаниас эхлээд АИ-92 -оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн.

Үнэ нэмсэн асуудалд салбар яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд,  Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.

Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана.

-ОХУ-аас Монгол Улс хэдий хугацаанд хүртэл түлшийг нэгэн хэвийн үнээр  импорлох гэрээтэй байгаа билээ?

-Гэрээний хувьд маш хэцүү.  УИХ-аар онгоцны түл нийлүүлэх тухай хэлэлцээрийг хэлэлцүүлж байх үед би хэлж байсан. Уг хэлэлцээрээр нефтийн бүтээгдэхүүнээс гадна онгоцны түлш нийлүүлэх асуудал яригдсан. Хамтад нь хэрэгжүүлнэ гэдэг байдлаар ОХУ хэлсэн. Нефть бүтээгдэхүүнээр хангах хэлэлцээрийг зурсан ч нөгөө хэлэлцээрийг парламентаар  ёсчлон баталж байж, хоёр хэлэлцээр хамтдаа хэрэгжинэ. Тийм учраас импортолж авч байгаа улс талаасаа бичиг баримт хүнд байна.

-АИ-92 нийслэлд нэг литр тутамдаа 200 төгрөгөөр өсч байгаа бол орон нутагт литр тутамдаа 500 төгрөгөөр өсч байна. Нефть импортлогч компаниудад торгууль тавина гэсэн үг үү?

-Өмнө нь торгууль акт тавигдаж байсан. Торгууль тавих шаардлага үүсвэл тавь гэдэг талд нь зогсоно. Бид ард иргэдийнхээ талд байна. Ярьсан тохирсондоо хүрэлгүй шийдэж байгаа бол бид ч бас зохих арга хэмжээг авна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү