УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Нийслэлийнхэн боль оо, хоёрхон хүнтэй санал асуулгаар автомашины татварын хэмжээг нэмсэн гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл иргэдээс татварын хэмжээг өсгөх нь зөв үү, буруу юу гэж асуугаагүй, та нарын эрх мэдлийн л асуудал байж. Хууль тогтоомжоо хэрэгжүүлэх явцдаа алдаа гарсан уу гэдгийг асуумаар байна.
Санал асуулга явуулсан гэнэ, хоёрхон иргэн оролцсон гэх юм. Тэр хоёр иргэн нийслэлийн сая гаруй иргэнийг төлөөлж чадах юм уу. Хоёр иргэн орсныг хэдэн хүн харсан юм. Авто татварын татварыг өсгөнө гэж нийслэлийн төсөв хэлэлцэх үедээ оруулж ирсэн юм уу. Сүүлд 12 дугаар сард оруулж ирэнгүүтээ 147 мянган хүнээс санал авсан гээд байх юм.
Үүнд НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат "Захиргааны хэм хэмжээний актыг гаргахын тулд харгалздаг зүйл нь эрхзүй. Эрхзүйн хэм хэмжээг гаргах эрх олгогдсон байна уу гэдгийг харах ёстой. Хуулиар татвар тогтоох хэм хэмжээ нь бий. Хэм хэмжээний актыг гаргахдаа сонирхлын зөрчилтэй хүмүүсийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой.
Хүүхдийн ордонд 11 дүгээр сард 9 дүүргийн 242 иргэнийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн төсөв, үүнд юу юу байх тухай асуудлыг хөндсөн. Хоёр иргэний тухайд цахимаар саналаа ирүүлсэн. Хоёр иргэн ирсэн, 200 иргэн ирээгүй учраас захиргааны хэм, хэмжээний акт гаргахгүй гэдэг зохицуулалт байхгүй” гэж хариулав.