Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс удирдан зохион байгуулсан юм.
Чингэлтэй дүүргийн эмнэлгийн санхүүжилт шийдэгдсэн ч газрын асуудал гацаа үүсгэжээ
Зөвлөгөөний эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүрэг нь 39.113 өрх, 151.203 хүн амтай. Тус дүүрэг 19 хороотойгоос зургаа нь байшин хороолол бол 13 нь гэр хороолол байдаг. Чингэлтэй дүүргийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 26 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж буй бөгөөд энэ онд таван цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтад орсон байна.
Дүүргийн хэмжээнд короновирусийн халдварын нийт 53.395 тохиолдол бүртгэгджээ. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь 108 ажилтан бөгөөд бусад дүүрэгтэй харьцуулбал хамгийн цөөн ажилтантай гэдгийг дүүргийн Засаг дарга тодотгож байлаа. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих хөрөнгө мөнгийг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлээд багагүй хугацаа өнгөрч буй ч газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын дараагийн дугаарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчлэн барих болон газар хөдлөлтийн улмаас байр байшинд нь цууралт үүссэн сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудал байгааг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тодотгон өгүүлэв. Тус дүүргийн 198 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч удаашралтай байгаа аж.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа юм. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тодотгон өгүүлэв.
Нэг хороонд коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна. Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.