С.Бямбацогт : Сонгуулийн хуулийг ингэж батлахгүй. Нухацтай ярилцаж оруулсан саналууд унаж байна

С.Бямбацогт : Сонгуулийн хуулийг ингэж батлахгүй. Нухацтай ярилцаж оруулсан саналууд унаж байна


5 жил

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодорхой хүнд зориулсан эрх зүйн зохицуулалт төсөлд бий эсэх, сонгуулийн үеэр цахим орчныг хянах талаар тодруулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх агуулга бүхий саналын томьёолол гаргасан нь дэмжигдсэн. Харин Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулах үеэрээ уг асуудлыг дахин хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн 2008 оны дүгнэлтийн талаар хэлэлцээд дээрх заалтыг хасах санал оруулж, гуравны хоёрын саналаар дэмжлэг авсан. Цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг төсөлд огт тусгаагүй бөгөөд сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа” гэлээ. 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллын долоог нь нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэв.

Харин хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн томъёолол өөрчлөгдөж, зарим нь хасагдсан байсан нь нэлээд маргаан дагууллаа. Тухайлбал, Байнгын хорооноос дэмжсэн эвсэлд нэгдсэн намуудын олонх нь тарах шийдвэр гаргавал эвсэл тарна гэсэн саналыг оруулахгүйгээр эвсэлд нэгдсэн аль нэг нь тарах шийдвэр гаргавал эвсэл тарна гэж томьёолжээ. Энэ үеэр гишүүд Байнгын хорооноос гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулахыг дэмжсэн ч ихэнх нь эвсэлд нэгдсэн намуудын олонх нь тарах шийдвэр гаргавал эвсэл тарах саналыг дэмжсэнгүй. Ингэснээр эвсэлд нэгдсэн  аль нэг нам нь тарах шийдвэр гаргасан бол эвслийг тарсанд тооцох санал хэвээр үлдлээ.

Мөн авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг нэр дэвшүүлэхийг хориглох саналыг хасахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг оруулаагүй аж. 

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуулийн хуулийг ингэж батлахгүй. Нухацтай ярилцаж оруулсан саналууд унаж байна. Мөн зарчмын зөрүүтэй саналууд зөрүүтэй байна. Байнгын хорооны хуралдааны үеэр хураасан саналууд зөрүүтэй байна. Бидний санал хураасан авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэснийг хасах  санал энд алга. Дахин Төрийн Байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэг хуралдъя. “Бушуу туулай борвиндоо баастай” гэж яарч сонгуулийн хуулийг батлахгүй. Хаана алдаа гарсныг засчхаад чуулганыг хуралдуулъя” гээд чуулганы хуралдааныг хаах горимын санал гаргав.

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгснөөр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Өнөөдөр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дахин нягтлах юм. Үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү