УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2019.12.16/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн бариад буй. Тиймээс өргөн барьсан хуулийнхаа талаар мэдээлэл хийлээ.
Б.Пүрэвдорж “Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгасан” гэлээ. Мөн Сонгуулийн хуулийн талаар МАН-ын бүлгийн ойлголцлоос бүх зүйл шалтгаална. АН-ын зүгээс порпорционал элементээр сонгуулиа явуулах санал гаргасан боловч МАН дэмжээгүй. МАН-ын тогтоосон тоглоомын дүрэм, баталсан хуулиар бид сонгуульд оролцоно гэдгийг тодотгосон юм.
Монгол Улсад 1998 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасч тооцдог тогтолцоо юм.
2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа боловч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай.
Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хууль санаачлагч онцлов.