Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох төгрөгийн тухай «1916-1983 онд хэвлэгдсэн Орос болон Монголын мөнгөн дэвсгэртүүд, өрийн бичгүүд» буюу ""Русские”, Монгольские банкноты и облигации 1916-1983 г" нэртэй нэгэн сонирхолтой ном саяхан уншигчдын хүртээл болжээ. Уг номыг зохиогч хатагтай Н.М.Никифорова Монголбанкны урилгаар Улаанбаатарт зочлоод байх үеэр таарч ярилцлаа. Тэрээр ОХУ-ын үнэт цаас үйлдвэрлэгч “Гознак” компанийн ерөнхий захирлын туслах, Хэвлэлийн даргаар ажилладаг байна.
-Таны сүүлд бичсэн энэ ном Монголын мөнгөн дэвсгэртийн тухай анхны бүрэн хэмжээний судлагаа болжээ гэж хэлэхэд буруудахгүй байх. Номоо бичихдээ хэр их бэрхшээлтэй тулгарч байв?
-Үгүй дээ, хэцүү байгаагүй. Харин бага зэргийн бэрхшээл байсан уу гэвэл байсан. Их хэмжээний материалаас хамгийн хэрэгтэй, хамгийн сонирхолтойг нь товчилж бичнэ гэдэг мэдээж хэрэг, амаргүй байлгүй яахав. Миний бодлоор хүн ямарваа нэгэн зүйл хийвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй. Дараа нь ичгэвтэр байдалд орохгүйн тулд шүү дээ. Би номондоо зөвхөн мөнгөний зураг тавиад доор нь хэвлэгдсэн оныг нь бичээд орхихыг хүссэнгүй, аль болох түүх улбаа талаас нь харуулахыг хичээсэн.
-Таны номонд 1916-1983 оны мөнгөн дэвсгэртийн талаар бичигдсэн байгаа шүү дээ. Ардын хувьсгалын үеийн Монголын анхны мөнгөн дэвсгэртийн талаар нэлээд сонирхолтой баримтууд дэлгэсэн байх гэж таамаглаж байна?
-1917 он хүртэл Монголд олон янзын мөнгөн тэмдэгт хэрэглэж байсан. Жишээлбэл, хятадын, оросын, бас алт мөнгө гээд эд зүйлсээр хүртэл бараа бүтээгдэхүүнийг солилцон наймаалцаж байсан. Анхны цаасан мөнгийг 1916 онд Монголын Засгийн газар Сибирийн банктай хамтран гаргаж байсан баримт бий. Нэг тал дээр хуучин монгол бичгээр, нөгөө тал дээр нь оросоор бичсэн мөнгөн тэмдэгтийг хийж бэлтгэсэн боловч гүйлгээнд гарч амжаагүй. Үүний талаар мэдээлэл ховор байдаг. Монголын зарим цуглуулагч нар энэ дэвсгэртийг хараагүй ч байж мэднэ. Үүний дараа 1921 онд Монголд Ардын хувьсгал ялсан үе. «Данзангийн долларууд» гэх нэртэй Монголын мөнгөн тэмдэгтийг хэвлэж, бэлтгэсэн боловч бас л гүйлгээнд гараагүй. Яагаад гараагүй талаар хэд хэдэн таамаглал бий. Тэдгээрийн нэг нь уг мөнгөн тэмдэгт дээр улс төрийн хилс хэрэгтэн Данзангийн гарын үсэг байдаг учраас гүйлгээнд гаргахаас татгалзсан гэх таамаг бий. Гэхдээ энэ мөнгө хэвлэгдсэнээс хойш дөрвөн жилийн нүүр үзсэн. Тухайн үед Монголд банк байгаагүй. Банк байхгүй учраас гүйлгээнд гаргах гүйлгээнээс татах, хадгалах зэрэг байгууллага, байшин, агуулах байгаагүйтэй холбоотой гэдэг. Харин 1924 онд Монголд Худалдаа үйлдвэрлэлийн банк байгуулагдсанаар уг мөнгийг гүйлгээнд нэвтрүүлэхээр болсон ч оронд нь өөр мөнгөний загвар гаргаж 3.5 сая “Данзангийн доллар” гүйлгээнд нэвтрээгүй юм билээ.
-Монгол төгрөгийн талаар ямар онцлог зүйлийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна вэ?
- Мөнгөн дэвсгэртээс гадна тухайн улсын өрийн бичиг миний сонирхолыг бас татдаг. Өрийн бичиг гэдэг бол тухайн улсын бас л чухал баримт бичгийн нэг шүү дээ. Үндэсний хээ угалз, өвөрмөц зураг хээгээр чимэглэж усан будгаар зурсан гоёмсог хийцтэй өрийн бичгууд олон байдаг.
-Монголын зураачид зурсан байдаг байх даа...
-Мэдээж, Монголын зураачид зурсан байж таараа. Үндэсний соёл, түүх онцлогийг мэдэхгүйгээр мөнгөн тэмдэгт хийнэ гэдэг боломжгүй зүйл л дээ. Үүний зэрэгцээ оросын мэргэжилтнүүд мөнгөн тэмдэгтийн онцлогт тохируулан дахин зурсан байж таараа. Яагаад гэхээр манай мэргэжилтнүүд илүү туршлагатай болчихсон байсан үе л дээ. Ер нь бол энэ үеийн Хаант Орос улсын мөнгөн тэмдэгтүүд одоог хүртэл хамгийн сайханд тооцогдсоор хэвээрээ байгаа. Ингээд миний бие Монголын мөнгөн тэмдэгтийг судлахын тулд монголчуудын үндэсний хээ угалзыг судлах хэрэгтэй болсон юм. Монголчуудын хээ угалз бол үнэхээр гайхамшигтай зүйл юм билээ. Миний зүрх сэтгэлийг үнэхээр хүчтэй хөдөлгөсөн шүү.
-Тийм үү, чухам юу нь таны сэтгэлийг тэгж их хөдөлгөх болов?
-Монголчуудын хээ угалз бол үнэхээр том соёл. Тэр дундаа монголчуудын эртний сүлд соёмбо бол агуу учир утгатай. Дэлхий дээр тийм сүлдтэй улс орон нэг ч үгүй гэж би хэлнэ.
-Соёмбын гайхамшиг таны бодлоор юунд нь оршиж байна вэ?
-Юу гэхээр, сүлдний утга санаанд гайхамшиг нь оршиж байгаа юм. Ард түмний эв нэгдэл, арга билиг, мандах бадрахын билиг тэмдэг гээд утга санаа нь үнэхээр агуу юм. Мөн төгсгөлгүй үргэлжлэх алхан хээ зэрэг бол үнэхээр дахин давтагдашгүй бүтээл шүү. Энэ судалгааны ажлыг хийж байхдаа би огтхон ч ядраагүй, маш их сэтгэл ханамжтай, бас баяр хөөртэй байсан. Магадгүй би зарим нэг зүйлийг сайн ойлгоогүй ч байж болох юм. Гэхдээ миний бодлоор хүний дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн нь ямарваа нэгэн алдаа эндэгдэл гаргавч түүнээс суралцах, аль хэдий нь олон нийтэд тодорхой болсон ч бай хамаагүй аливаа зүйлийг өөртөө шинээр нээж танин мэдэхэд оршдог юм. Энэ номыг хийхэд надад дэлхийн олон орноос мөнгөн тэмдэгт цуглуулагчид тусалсан. Номынхоо сүүлийн хэсэгт би тусалсан бүх хүмүүсийн нэрсийг бичсэн байгаа. Хүмүүс ч ингэж ажиллахдаа маш их сонирхолтой байсан. Тийм ч учраас энэ ном сайн судлагаатай болсон гэж боддог. Ном хэвлэгдсний дараа ч албан газрууд энэ ажилд хувь нэмрээ оруулж эхэлсэн. Москвагийн хэвлэх үйлдвэр номын ажилд маань томоохон хувь нэмэр оруулсан. Тэдний архивт Монголын мөнгөн тэмдэгтээс гадна шуудангийн марк, “Өглөө” киноны билет зэрэг олон сонирхолтой баримтууд байгааг бид олсон. Магадгүй энэ бүхэн миний дараагийн судалгааны ажлын сэдэв ч байж болох юм.
-Тийм уу, та тэгвэл заавал судлаарай! Энэ ярилцлагыг авахаар ирэх замдаа би таныг мөнгөн тэмдэгт цуглуулдаг хүн юм болов уу гэж бодож байлаа. Тэгээд л Монголын мөнгөн дэвсгэртийн талаар ном бичсэн байх гэж таамаглаж байв?
-Үгүй ээ, би цуглуулагч биш. Гэхдээ өөрийн сонирхлоороо бага сага зоосон мөнгө бас цуглуулна л даа. Манай байгууллага жилд 2 удаа зоосон мөнгөний олон улсын үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Тэр үеэр дэлхийн олон орны хүмүүстэй танилцана, найзалж нөхөрлөнө, цуглуулгаа солилцоно, бас бэлэглэнэ. Сүүлийн үед би дурсгалын мөнгөн тэмдэгт цуглуулж эхэлсэн.
-Ингэхэд та, Монголын мөнгөн тэмдэгтийг судалсан хүний хувьд манай улсын мөнгөн тэмдэгтийн талаар санал бодлоо хуваалцана үү?
-Хэдийгээр өмнө нь янз бүрийн буклет, материал хэвлэгдэж байсан боловч миний ном Монголын мөнгөн тэмдэгтийн талаар хийсэн хамгийн анхны бүрэн хэмжээний судалгааны ажил болсноороо ялгаатай. Монголын анхны мөнгөн тэмдэгтүүд маш гоё дизайнтай. Дараа үеийнх Д.Сүхбаатарын хөрөгтэй болсон, ерөнхийдөө ЗХУ-ын мөнгөн тэмдэгттэй төстэй болж ирсэн. Одоо бол Чингис хааны хөрөгтэй болсон. Монголын мөнгөн тэмдэгт 1987 он хүртэл ЗХУ-д тэр дундаа манай байгууллагад хэвлэгдэж байсан юм. Ардчилсан хувьсгалаас хойш Монгол улс барнууны орнуудтай хамтарч ажиллах болсон. 2000 оноос хойш манай байгууллага олон улсын зах зээл дээр байр сууриа нилээдгүй бэхжүүлж байна. Мөнгөн тэмдэгтээс гадна гадаадын олон улс оронд пасспортын системээр хангаж байна. Саяхан л гэхэд Лаос, Абхази зэрэг улсуудад мэдээллийн шинэ технологи нийлүүлсэн. Үүний зэрэгцээ манайх мөнгөн тэмдэгтийн өөр аль ч улсад байхгүй нууцлалын утасны патент эзэмшдэг. 1990 оноос хойш манай мөнгөн тэмдэгтийн дизайн огт өөрчлөгдөөгүй. Зөвхөн нууцлалын элементүүдийн дизайн л өөрчлөгдсөн байдаг. Оросын мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн нууцлал өндөртэй мөнгөн тэмдэгтийн нэгд зүй ёсоор тооцогддог.
Яах гэж үүнийг яриад байна вэ гэж бодож байгаа байх. Би нэг зүйл үзүүлье. /Цүнхээ уудалж монголын хорин мянгатын дэвсгэрт гаргаж ирэв/ Монголын мөнгөн дэвсгэртийн дизайныг би ийм тийм гэж үнэлэж чадахгүй. Монгол орны байгалийн өнгөд нийцсэн өнгө загвартай гэж бодож байна. Бүх юман дээр Чингис хааны хөрөг хэвлэдэг та нарын нэг сэтгэлгээний онцлог байх шиг байна. Чингис хаан агуу хүн. Маргах юм байхгүй. Харин нууцлалын хувьд зарим нэг сайжруулах шаардлагатай зүйлс анзаарагдаж байна. Тухайлбал тугалган утас байна. Оросын рублийг хуруугаараа илэхэд нэг ч сөрдийх, саад болох юм байхгүй. Рубль дээр жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэмдэглэгээ, усан тэмдэглэгээ, QR код гээд нилээд хэд хэдэн дэвшилтэт технологи бий. Ер нь бол мөнгөн дэвсгэртийн нууцлал өндөр байх тусмаа өртөг нь өндөр байдаг. Өнөөдөр хамгийн өндөр өртөгтэй, нууцлал сайтай мөнгөн дэвсгэрт бол швейцарийн франк. Оросын мөнгөн дэвсгэртууд бас өндөр өртөгөөр бүтдэг. Ямар зардлаар бүтдэг гэдгийг бол мэдээж ярихгүй. Үүнээс гадна мөнгөний дизайн хүний далд ухамсарт шууд нөлөөлж байдаг. Өдөр болгон хүн гараараа барьж, нүдээрээ харж, нэг ёсондоо гоо сайхны боловсрол олж авч байдаг гэж болно. Гэвч хэн ч энэ тухай боддоггүй. Энэ жил Орос улс шинээр 200 болон 2000 рублийн хоёр мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргана. Манай цаасан мөнгөн дээр оросын хотуудын цуврал зураг байдаг. Эдгээр хоёр шинэ дэвсгэрт дээр аль хотын зураг тавих талаар Төв Банкнаас ард иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга явуулсан. Ингээд үр дунд нь Владивосток, Севастополь хоёр хот ялсан юм.
-Сайхан хотууд шүү! Сайхан гэснээс дурсгалын мөнгөн дэвсгэрт их гоё хийцтэй байдаг байх...
-Тийм ээ, 2008 онд Хятад улс дэлхийд хамгийн анхны дурсгалын цаасан мөнгө гаргалаа гэж зарласан байдаг. Үүний дараа Сочигийн өвлийн олимпод зориулан манай улс дэлхийд хоёр дахь, өөрийн улсын анхны дурсгалын цаасан мөнгө гаргасан. Гэтэл би өнөөдөр л Монгол Улс үүнээс ч өмнө дурсгалын цаасан мөнгө гаргаж байсан гэдгийг мэдлээ. Өнөөдөр надад Монголбанкныхан тэр дурсгалын цаасан дэвсгэртээ дурсгалаа. Энэ миний дараагийн судалгааны ажил болох юм байна гэдгийг юуны түрүүнд бодоод амжсан. /Энэ байна гээд боодолтой юм үзүүлэв/.
-Ярилцсанд баярлалаа.
/Эх сурвалж: Монголбанк/