Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг сайдаар томилно


2 цаг

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.18/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцууллаа.

ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт:

-2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэн бүр хуримтлалын сантай болж, хүн бүрийн нэр дээр данс нээн байршуулсан. Өнөөдрийн байдлаар уг дансанд 175 мянган төгрөг хуримтлагдаад байна. Цаашид энэ хуримтлалыг богино хугацаанд хэрхэн өсгөх, мөн иргэд уг мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг амьдралын чухал хэрэгцээндээ хэрхэн үр ашигтай зарцуулах талаар санал, шийдлийг хамтдаа тодорхойлох нь “Баялагтаа эзэн монгол” санал асуулгын гол зорилго юм.

Энэ асуудлыг Засгийн газар дангаар шийдэх бус, орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор санал асуулгыг зохион байгуулах зөвлөлийг Засгийн газрын хуралдаанаар байгууллаа.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох иргэдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн бөгөөд нийт 43 хүн материалаа ирүүлснээс 9 гишүүнтэй зөвлөлийг байгуулах Ерөнхий сайдын захирамж гарсан байна. Тус зөвлөлд УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Хотын дарга асан Э.Бат-Үүл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Батнасан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба лам асан Д.Чойжамц, МҮХААҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, хуульч Л.Төр-Од, Р.Хатансайхан, Н.Жанцан нар багтжээ.

Тус зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, санал асуулгын хамрах хүрээ, чиглэлийг тодорхойлон асуумжийг боловсруулна. Үүний дараа орон даяар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Ингэснээр олон жил яригдсан байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

Уг мэдэгдлийн дараагаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

-Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ олсонгүй гэдэг шүүмжлэлд тайлбар өгөхгүй юу? 

-2025 оны зургадугаар сард 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар цомхотгох Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжүүлэх чиглэл өгсөн.

Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх явцад зарим агентлаг, аймаг, орон нутагт алдаа, зөрчил гарсан тохиолдлууд бий. Үүнтэй холбоотойгоор холбогдох төрийн албан хаагчид гомдол гаргаж, асуудлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон шүүхийн байгууллагуудаар шат дараатайгаар шийдвэрлүүлж байна.

Түүнчлэн дэд сайд нарын асуудал хөндөгдөж байна. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Энэ нь зөвхөн дэд сайд нарын хүрээнд хязгаарлагдахгүй, харин яамдын бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь шинэчлэх, чиг үүргийг илүү оновчтой болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг харуулж байна.

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал ямар шатанд явж байна вэ?

-Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилхоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргасан гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү