ТАНИЛЦ: Үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна


2 цаг

Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр улирлын дараах дундаж болон голч цалингийн хэмжээг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 54.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 827.5 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх улирлаас 174 (0.4%)-өөр нэмэгдэж, харин ажиллагчдын тоо 8.0 (1.0%) мянгаар буурчээ.

Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад уул уурхай, олборлолт, барилга болон боловсролын салбарын ажиллагчид 0.9-2.1 (1.7%-4.5%) мянгаар буурсан нь нөлөөлжээ.

зураг

 

Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 163.9 (6.0%) мянгаар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны эцэст 235.8, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 145.3 байна. Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар нэмэгджээ.

зураг

 зураг

 

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдынх хамгийн өндөр, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 5.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 86.9 хувиар өндөр, харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 34.9 хувиар бага байгаа аж.зураг

 

Бодит цалингийн индексийг 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өмнөх улиралтай харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх хамгийн их буюу 13.3 хувиар нэмэгдсэн бол үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа болон үйлчилгээний бусад салбарынх хамгийн их буюу 5.3-26.4 хувиар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.8-4.9 хувиар их бол Баруун, Зүүн, Хангайн бүсэд 4.2-17.4 хувиар бага байна.

зураг

 

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 35.8-554.7 (1.2%-19.3%) мянган төгрөгөөр их байна. Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 311.7-1461.4 (10.8%-50.8%) мянган төгрөгөөр бага байгаа юм. 

зураг

 

зураг

 

Нэрлэсэн цалин: Хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

Бодит цалин: Нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.

Голч цалин: Ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин буюу голч цалин байх бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү