Хүүхдийн хүмүүжилд томчууд бид асар их нөлөө үзүүлдэг. Бидний хэлж, ярьж байгаа бүхэн хүүхдийн ирээдүйг үлгэрлэж байдаг. Америкийн нэрт зохиолч Паула Спенсер их сургуулиудын гэр бүлийн эрүүл мэнд судлаач мэргэжилтнүүдтэй ярилцаж, хүүхдэд хэлж болохгүй үг, өгүүлбэрийг тогтоосон байна.
“Яв цаашаа”
Эцэг эхчүүд анхаарал болгоомж шаардсан ажил хийж байх үедээ хүүхдэдээ төдийлөн анхаарал тавьж чаддаггүй. Тэгвэл ийм үед ч гэсэн хүүхдийг гомдоолгүй, тэдэнд шаардлагатай халамж, анхаарлыг тавих ёстой байдаг. Ядаж л эцэг эхчүүд чухал ажил хийж байхад нь дэргэд нь ирээд, шаналгаад байгаа хүүхдэдээ “яв цаашаа” эсвэл үүнтэй төстэй хүүхдийн сэтгэлд сэв суулгахаар үгсийг хэлэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүд, “би завгүй байна” гэдэг үгийг ээжээсээ олон дахин сонсдог хүүхэд хэсэг хугацааны дараа ээжтэйгээ харьцах сонирхолгүй болдог хэмээн үзэж байна.
“Битгий уйлаад бай”
Ялангуяа 1 нас хүрээгүй хүүхдэд “айх хэрэггүй, битгий уйлаад бай” гэх зэргийн захирамжийн үгсийг хэрэглэхэд хүүхэд төрөлхийн рефлекс бүхий хандлагуудаа илэрхийлж чадахгүй болдог байна. “Та хүүхдийнхээ сэтгэлзүйн байдлыг сайн оношилж, түүнд өөрийгөө илэрхийлэх тэр үгийг хэлж өгч чадвал тэр өөрийнхөө байр байдлыг нэрлэн илэрхийлж чаддаг болно” хэмээн сэтгэлзүйчид үздэг. Ялангуяа даруулгатай өсгөж байна хэмээн хүүхдийн ааш араншинг хорьж, үйлдлийг нь хязгаарласны улмаас хүүхэд бүрэг, өөртөө итгэлгүй, өөрийгөө бусдын өмнө илэрхийлэх чадваргүй болдог. Хүүхдийн эрх нэг их хөндөгддөггүй гэр бүлд, эрх дураараа, чөлөөтэй өссөн хүүхэд илүү нүүрэмгий, тод чанга үг яриатай, өөртөө итгэлтэй байдаг.
“Чи яагаад ах/эгч/дүү шигээ биш юм бэ?”
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ байнга бусад хүүхэдтэйгээ харьцуулж байдаг. Бусадтай өөрийг нь харьцуулахыг сонссон эсвэл мэдэрсэн хүүхэд ирээдүйд өөртөө итгэх итгэл нь сулардаг нь судалгаагаар тогтоогдсон байна. “Өөрийг нь бусадтай харьцуулж, бусдыг илүү өргөмжилж байгааг тань сонссон хүүхэд ээж/аав минь ийм хүүхэдтэй гэдэгтэй гутарч байна” гэж боддог болохыг тогтоожээ. Иймээс хүүхдээ аль болох урамшуулж, хөхүүлэн дэмжиж, түүний дэргэд бусдыг дээдлэхгүй байхыг мэргэжлийн хүмүүс эцэг эхчүүдэд анхааруулж байна.
“Наадахаа хийхээ боль гэж байна шүү, үгүй бол чамайг зодно шүү”
Гэр бүлийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн: эцэг эхийнхээ дургүйцлийг хүргэхээр үйлдэл хийж буй хүүхдийг янз бүрийн үгсээр эцэг эх нь айлган сүрдүүлчихээд тэр айлгасан зүйлээ хийхгүй бол тухайн хүүхдийн эцэг эхдээ итгэх итгэл нь багасдаг бөгөөд дараачийн удаа дахин энэ аргаар сүрдүүлэхэд түүний сүрдэх хүч харьцангуй багасдаг болохыг анхааруулж байна. Иймээс хүүхдийг хийж чадахгүй зүйлээрээ айлган сүрдүүлэх хэрэггүй. Хийж чадна гээд үргэлж хүүхдээ сүрдүүлээд, зодоод байх нь утгагүй. Зодох бол хүмүүжүүлэх арга биш.