Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн хувьд ойрын үед харласан юм гэгч болоод байна. Үргэлжлээд байна. Жудагийн Баярмаагаас уучлалт гуйх учраагаа арай чүү даваад, цаана нь гармаглаад байтал хүүгийн, бэр болох охины нь асуудал мандлаа. Монголд хоёрхон байдаг машин, хорин саяын цүнх энэ тэрийг хүү О. Тэмүүлэн нь Өгөдэйн Өгөөмөр хэмээх найз бүсгүйдээ бэлэглэсэн, эс бэлэглэсэний яг аль нь болох маргаан үргэлжилсээр.
Бас тэгээд мөнөөх хөвүүн бүсгүйдээ гэрлэх саналаа тавьсан юм байна. Цахим сүлжээ эдгээрийг Монголоор нэг гаргаж, Л. Оюун-Эрдэнээс энэхүү цалингаас нь давсан орлогын тайлбарыг нэхэж байгаа нь газар авлаа. Буруугүй л дээ ерөнхий зарчмаараа. Ертөнцөд бол төсвийн мөнгөөр чихэр авахад л Ерөнхий сайдаа огцруулдаг жишигтэй л. Л.Оюун-Эрдэнийн төрөөс авдаг цалинг хэд нугалсан мөнгөөр хүү нь найздаа бэлэг хадаг авсаныг л хүмүүс гайхаад байх нь аргагүй.
Гэхдээ Л. Оюун-Эрдэнэ тартагтаа тулсан хүн биш л дээ. Ахтайгаа нийлсэн компани нь мөнгө орлого олдог л биз. Ер нь О. Тэмүүлэн эдгээр найз хүүхэндээ зориулсан мөнгийг херо Б.Баатар авгаасаа авсан гэвэл илүү зөвдөх юм л даа. Гэтэл найз, сүйт охины нь аав Ч.Өгөөдэй гэж хүн гарч ирээд л баахан тайлбар хийлээ. Тэр нь нэг их оносонгүй. Охиноо эрхлүүлнэ, би авч өгөх л ёстой эцэг, мөнгө охиндоо шилжүүлсэн энэ тэр гээд ярьчихлаа. Аавыг ч буруутгах юм алга. Охиныхоо найз хөвүүнтэй саяхан танилцсан, тэгээд Ерөнхий сайдын хүү болохыг мэдсэн, охинтойгоо сүй тавьсаныг ч мань хүн саяхан мэдсэн гээд амандаа бохь зажлахаа азнаад ярьсан.
Эдгээр бүхэн хүний эрх чөлөөний асуудал. Нээлттэй. Хүмүүс тэгэх эрхтэй. Нэг л учир байгаа юм. Тэр бол Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хүүхэд ийм өндөр өртгөөр найз хүүхнээ “эрхлүүлж” байгаад юм. Бүр нарийн хэлбэл, Монголын ард түмний жирийн жишиг иргэний амьдралын хулдаастай энэ хээнцэрлэл харшилж байгаа юм. Онож шингэхгүй байгаа юм. Тиймээс л иргэд бухимдаад байна. Нөгөөтэйгүүр Л. Оюун-Эрдэнээс улс төрийн өшөө авагсдад энэ хүүхдүүдийн явдал том завшаан, далим болж байна. Л. Оюун-Эрдэнэ бол өөрөө ардын нь л хөвүүн. Эгэл энгийн л амьдралаас боссон хүн. Ямартаа л галчаараа дуудуулж байх вэ. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хүү, бэрийнхээ асуудлын талаар бодит тайлбар хэлчих нь аврал юм, зүгшрэл юм.
Монголд хулгайч бус маш цөөхөн улс төрч бий. Тэрний нэг нь тулдаа Л.Оюун-Эрдэнэ энд хүртэл яваа. Одоо харин энэ нэр төр хүүгийн нь тансаглалаас үүдээд цөвтөөд эхлэв үү дээ.
Эх сурвалж: www.sanuulga.mn