Тавантолгой түлш ХХК галлагааны улиралд 485.104 тонн шахмал түлш борлуулжээ

Тавантолгой түлш ХХК галлагааны улиралд 485.104 тонн шахмал түлш борлуулжээ


2 жил

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485.104,8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ.

Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй найдвартай хангах үүднээс гэрээт борлуулалтын 650 цэгийг нийслэлийн долоон дүүрэгт хүн амын тоо, байршилтай нь уялдуулан нээж ажиллуулсан байна.

Шахмал түлшний борлуулалтын оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сар байсан гэдгийг албаныхан онцолж байна. Хүйтний эрч эрс чангарсан дээрх саруудад өдөрт 2900, сард 87000 тонн шахмал түлш борлуулсан гэсэн статистик үзүүлэлт байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулж эхэлснээс хойших хугацаанд “түлш тасарлаа, олдохгүй байна. Хүрэлцэхгүй байна” гэх гомдол тасардаггүй байсан бол энэ жил иргэдийн гомдол санал бага байсан гэдгийг тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ярилаа. Хэдий зуны тэргүүн сар дөхөж байгаа ч цаг агаар дулаарахгүй байгаа учир борлуулалтын 41 цэгээр 2050 тонн түлшийг борлуулах аж.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг өмнөх оны хавраас эхлүүлдэг болоод байгаа аж. Өнгөрсөн оны тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 120.000 тонн шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 99 агуулахад нөөцөлж хадгалсан байна. Энэ нь өмнөх онуудаас харьцангуй олон тонн түлшний нөөц аж.

2023-2024 оны галлагааны улиралд зориулан 100000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд 5, 6-р сард 50.000 тонн, 8, 9-р сард 50.000 тонн шахмал түлш нөөцлөх юм байна.

Жил бүрийн хавар нүүрсний тортогт дарууллаа гэх гомдол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооныхноос гардаг байсан. Тэгвэл ийм гомдол энэ жил харьцангуй бага байгаа нь баруун үйлдвэрийн хүчин чадал, ажиллах шугамын тоог хэрэглээтэйгээ уялдуулан цөөлж, багасгажээ. Ингэснээр бутлуураас үүсэх тоосонцор багасч, агаарт хаягдах тоос эрс багассан байна. Цаашид баруун үйлдвэрийн ажиллах шугамын тоог цөөлөх бодлого барьж байгаа аж. Учир нь зүүн болон төвийн үйлдвэрт техникийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил хийж хүчин чадлыг нэмэгдүүлээд байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү