ЭМДЕГ: Эрт илрүүлгийг тодорхойгүй хугацаагаар зогсооно


2 долоо хоног

Эрт илрүүлэг үзлэгийг тодорхойгүй хугацаанд зогсоож байгаа талаарх албан бичгийг улсын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хүргүүлжээ. Уг албан бичигт Эрүүл мэндийн сайдын 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд тус эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтыг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өмнө нь 2024 онд мэдээлэл өгөхдөө "2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагдсан. Нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан бөгөөд энэ тоо одоо ч нэмэгдээд явж байгаа. Үүнээс эрэгтэйчүүд 43.6 хувь, эмэгтэйчүүд 56.4 хувьтай хамрагдсан байна. Энэ тоо мөн одоо ч нэмэгдэж байгаа. Нийт хүн амын 47.6 хувь нь хүүхэд, 52.4 хувь нь насанд хүрэгчид байна. Насны бүлгээр авч үзвэл, 31-60 насны иргэд идэвхтэй хамрагдсан. Эрт илрүүлгийг 2022 оны тавдугаа сарын 1-нээс эхлээгүй өмнө нь 2018 оноос эхлүүлсэн ч хамрагдалт харьцангуй бага байсан.

Эрүүл мэндийн яам, Засгийн газрын дэмжлэгээр хамгийн ихдээ 2020 онд 150 мянган хүн хамрагдаж байсан бол жилд дунджаар 500-600 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдсан байна.

Иргэн бүрийг хоёр жил тутамд эрт илрүүлэгт оруулах байдлыг хэвшүүлэхээр бодлогодоо тусгасан. Бид эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнтэй байнга танилцаж, хөтөлбөрийг шинэчилж байсан. Өртгийн судалгаагаар эмнэлгүүдэд ашиггүй гэдэг үр дүн гарсантай холбоотойгоор багцын төлбөрийг нас насан дээр  нь 20-60 хувь нэмэгдүүлсэн. Тухайлбал, 18-30 насны иргэдийн багцын төлбөр 60 мянга байсныг 2023 онд 90 мянган төгрөг болгосон. Мөн 46-60 насны багцын төлбөрийг 200 мянга хүртэл нэмсэн. Товлолын хувьд, судалгааны үр дүнг үндэслэн хүүхдийн эрт илрүүлгийн оношилгоо шинжилгээг нэмж, насанд хүрэгчдэд дээр дурангийн шинжилгээний насыг урагшуулах өөрчлөлтийг хийсэн. Эрт илрүүлэг эхлүүлэхийн өмнө бэлтгэл хангаж, улсын хэмжээнд 3000 эмч нарыг зургаан сэдвээр 11 удаа танхим болон цахимаар хамруулсан. Мөн 21 аймаг, таван дүүрэг, гурван төрөлжсөн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа нутагт нүүдлийн автомашин буюу дөрвөн эмнэлэг явуулж, эмч нарын баг ажилласан" гэдгийг хэлж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү