Д.Сарангэрэл: 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьсан

Д.Сарангэрэл: 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьсан


6 жил

Засгийн газрын хуралдааны дараа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. 

ЗГ-аас 2018 оны 8-р сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Улсын хэмжээнд  18 хүртэлх насны 1 сая хүүхэд бий. Хүүхдүүдийн дунд шүд цоорох эмгэгийн судалгаа явуулахад 84-96 хувь нь шүд цоорох эмгэгтэй, нэг хүүхдийн 6-8 шүд цоорсон болон ямар нэг эмгэгтэй байна гэсэн дүн гарсан. Энэ тал дээр төрөөс арга хэмжээ авахгүй бол нэг үеийг шүдний цоорлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлд оруулахаар байсан учир энэ хөтөлбөрийг баталсан. 

Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг улсын төсвөөр санхүүжүүлэн бүрэн эмчлэх зорилт тавьсан. Мөн бүх насныханд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадалд хэвшилд сургах талаар давхар ажиллана. 2019-2023 онд нийт 50 тэрбум төгрөг зарцуулна. 

2019 онд эхний 4.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтыг цахимаар явуулна. Нэг хүүхдэд 60 мянган төгрөг төсөвлөж, хувийн хэвшлийнхэнтэй зөвшилцөж асуудлаа бүрэн ойлголцсон. Эхний ээлжинд 2-6 насныхныг үзлэгт хамруулна. Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хүртэлх хувиар бууруулах зорилт тавиад ажиллаж байна. Улаанбаатар хотын 115, үлдсэн нь хөдөө орон нутгийн, нийт 199 эмнэлэг шүдний үзлэг, эмчилгээ хийнэ. 

-Нэг хүүхдийн төсөв 60 мянган төгрөгийн төсөвтэй гэхээр үүнээс илүү эмчилгээний төлбөр гарвал иргэд өөрөө төлөх үү? 
-ЭМД-аар үйлчлэх шүдний эмнэлгүүдийн жагсаалт гарсантай холбогдуулан цахим орчинд "Үнэгүй зүйл бол чанаргүй" гэсэн яриа гарсан байна. Энэ бол үнэгүй үйлчилгээ биш, улсын төсвөөс бүрэн санхүүжиж байгаа юм. 

Улсын хэмжээнд 2-12 насны 725 мянган хүүхэд бий. Хүүхдүүдийг нэг зэрэг, нэг жилд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжгүй тул эхний ээлжинд 2-6 насныхныг хамруулна. Гэхдээ яаралтай шүдний эмчилгээ шаардлагатай, ар гэрийн санхүүгийн бололцоо муутай өрхийн хүүхдэд нас харгалзахгүй ЭМД-аар үйлчилнэ.  

-2015 онд Капитал банкны санхүүгийн байдал хүндэрсэн байхад ЭМДС-гийн хөрөнгийг яагаад тус банкинд байршуулсан бэ? 
-2015 онд Капитал банкны санхүүгийн байдал хүндэрсэн тухай мэдээлэл надад байхгүй. Тэр үед би Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаагүй. 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа. 2012 оны 12 сарын 31-нд анхны 12.9 тэрбум төгрөг Капитал банкинд байршсан, 2018 он хүртэл 134.8 тэрбум төгрөг болсон.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМ-ийн даатгалын үндэсний зөвлөл шуурхай хуралдаж, Капитал банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүрэг өгсөн. 2018 он гарч, би ЭМ-ийн сайдын хувьд ЭМД-ын Үндэсний зөвлөлийг ахлах болсноос хойш сангийн нэг ч төгрөгийг Капитал банкинд хийгээгүй. 

Капитал банкинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр ЭМД-ын үндэсний зөвлөл шуурхай хуралдаж, сангийн хөрөнгийг шуурхай барагдуулах талаар Капитал банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргасан. ЭМД-ын сангийн хөрөнгө бол иргэдийн эрүүл мэнд, амь насаа даатгасан мөнгө учир сангийн хөрөнгийг нэн тэргүүнд барагдуулах ёстой гэж үзэж байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү