Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схем гэх зүйлийг танилцууллаа.
Тэрбээр нэгэн схемийг үзүүлсэн бөгөөд худалдан авсан энэ үнийн дүнгийн 72.4 хувь нь төрөөс 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байж магадгүй гэлээ.
Тодруулбал, тухайн үед
- Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөгийг авсан,
- Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг зээлсэн,
- Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларын зээл,
- Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл,
- Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөгийг авсан гэв.
49 хувийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн хэмээн ярилаа. Тиймээс шүүгчийг АТГ-д шалгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон гэв.
Уг системийг нотлохоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хандахад энэ хэргийг хоёр удаа түдгэлзүүлсэн хэмээн ярилаа. Мөн тэрбээр Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна гэдгээ мэдэгдсэн юм. Харин Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ мэдээллийг үгүйсгээд байгаа билээ.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Надад тухайн үеийн Засгийн газрын хуралдааны протокол надад байна. Энд улсын мөнгөөр улсын үйлдвэрийг хэрхэн худалдан авах загварыг энэ хүмүүс гаргасан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Монголын өмч хөрөнгийг луйвардсан тухай маш тодорхой бичсэн байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг яаж улсын мөнгөөр худалдан авах уу, давуу эрхээсээ татгалзаж Худалдаа хөгжлийн банкинд өгөх үү гэдэг хуралдаанд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат оролцсон. Харин С.Эрдэнэ ийм асуудалд бүр бүлх залгисан юм шиг суусан байна. М.Энхсайхан харин хаа очиж 49 хувийг худалдаж аваад цааш нь зарах гэж байгаа юм биш биз гэж хэлсэн байна лээ. Г.Баярсайхан 49 хувийн талыг Монголын ард түмэн Засгийн газар авч болдоггүй юм уу гэж бас хэлсэн байна лээ” хэмээв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх 14 хоногт энэ асуудал эцэслэж, үнэн зөв эсэхийг нь эцэслэх бөгөөд үүний дараа бондуудын асуудлыг ч ярих болно гэдгээ хэлэв. Бондын асуудал дээр хэлмэгдсэн аж ахуйн нэгжүүд байвал төр уучлалт гуйгаад цааш явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.