Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудын асуудлыг хэлэлцээд зарим арга хэмжээг авахаар болжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Тусгай сангуудын холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн барихыг Засгийн газраас надад даалгасан.
Нэгдүгээрт, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан гэсэн долоон санг татан буулгахаар оруулж ирж байгаа.
Хоёрдугаарт, гурван санг нэгтгэж байна. Энэ бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.
Гуравдугаарт, гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Энэ бол Улсын авто замын сан. Авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс хураамж, зарим нэг татварын тодорхой хувийг авдаг сан. Нөгөө хоёр нь Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. Боловсролын зээлийн санд маш олон диплом барьцаа маягаар байж байдаг. Гэвч диплом нь барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа. Үүн дээр шинэ зохицуулалт хийх санал боловсруулах үүргийг холбогдох сайдад нь өгсөн.
Дөрөвдүгээрт, 15 санг хэвээр нь үлдээе гэж байгаа. Энэ Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Засгийн газрын нөөц сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Соёл урлагийг дэмжих сан, Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан, Спортыг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Эрүүл мэндийн сан. Эдгээр санг хэвээр нь үлдээнэ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал маргаан дагуулж байгаа. 2016 оны арваннэгдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар банкаар явж байсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг шууд сангаас нь олгодог болгосон тогтоолыг эргэж харахаар болсон.
Засгийн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцсэнээс гадна сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр нийтдээ 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөг нь тендертэй холбоотой. Тендерийн хугацааг хуульд зааснаас хоёр дахин богино хугацаанд явуулах, гомдол ирсэн ч түүнийг хүлээж авахгүйгээр гэрээ байгуулж ажиллах зэрэг зөрчил илэрсэн. Үүнээс гадна 2014, 2015 онд тус бүр найман тэрбум төгрөг тавигдаж элеватор худалдаж авсан боловч чанарын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр өнөөдрийг хүртэл ашиглахгүй байгаа. Бага оврын тракторуудыг худалдан авч нийлүүлдэг. Үүнд нийтдээ 44 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн боловч 17 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байна.
Мал хамгаалах сангаас авсан зээлийн эргэн төлөлт нь 50 орчим хувьтай байна” гэлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Тусгай сангуудтай холбоотой хууль тогтоомжоо өөрчлөхдөө төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарах бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй байх зохицуулалт хийх үү?
-Төрийн өндөр албан тушаалтан, тухайн яамдад хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүсийг зээл авах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх тал дээр нэлээд ярилцсан. Улмаар одоо үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд журмаа өөрчлөхөөр болсон. Уг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар энэ асуудал аль хэдийн зохицуулагдчихсан. Бизнес хийх гэж байгаа хүн бол бизнесээ сонгоод явах хэрэгтэй.
-Татан буулгаж байгаа долоон санг ямар үндэслэлээр татан буулгаж байгаа юм бэ?
-Татан буугдаж байгаа сангууд бол зээл олгодог сан биш. Нэг сан байгуулчихаад янз бүрийн зардал гаргаад байдаг. Ний нуугүй хэлэхэд яамныхаа завсар үйлчилгээ, гадаад, дотоод томилгоонд зарцуулчихсан байх жишээтэй. Тиймээс тухайн сангуудыг татан буулгаж байгаа юм.