Хууль сахиулахын их сургууль нь хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллах дээд, тусгай мэргэжлийн боловсролтой офицер, ахлагчдыг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн дээд боловсролын байгууллага юм. “Тогтвортой хөгжил – дээд боловсрол” улсын зөвлөгөөний хүрээнд тус их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа
- Танай сургууль Монгол Улсын ууган их сургуулиудын нэг. Их сургуулийнхаа талаар танилцуулна уу?
Хууль сахиулахын их сургууль анх 1934 онд сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 84 дэх хичээлийн жилдээ хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах байгууллагуудын мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх үүргээ биелүүлж байна. Их сургууль маань өнөөдөр Цагдаагийн, Хилийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, Онцгой байдлын, Ахлагчийн, Эрх зүй, нийгмийн ухааны, Ахисан шатны боловсролын сургууль, Хууль сахиулахын удирдлагын академи, Шинжлэн магадлахуйн институт гэсэн бүрэлдэхүүн есөн сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад алба, нэгжийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан хэлбэрээр, нийт 50 гаруй чиглэлээр сургалтын, судалгааны тэргүүлэх 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.
- Дээд боловсролын сургалтын бусад байгууллагатай харьцуулбал, Хууль сахиулахын их сургууль ямар онцлогтой вэ?
Хууль сахиулахын их сургууль нь хууль сахиулагчдыг бүх шатны сургалтаар дагнан бэлтгэдэг, хууль сахиулах, дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгааны ажил явуулдаг Монгол Улсын цорын ганц их сургууль юм. Манай их сургуулийн дүрэмд заасны дагуу багш, албан хаагч, сонсогчид нь цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын албаны нөөц хүч болж, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах зэрэг ажиллагаанд дайчлагдан ажилладгаараа онцлогтой.
- Танай их сургуулийг байгуулагдах үед өөр өөр чиг үүрэг бүхий төрийн тусгай албадын хүний нөөцийг нэг дор бэлтгэх нь оновчтой шийдэл биш гэх шүүмжлэл гарч байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
Манай сургууль их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулаад хэдхэн жил болж байна. Гэвч энэ богино хугацаанд их сургуулийн хүрсэн түвшин, ахиц дэвшил нь уг шийдэл оновчтой байсныг харуулж байна. Цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний албад угтаа Монгол Улсын “Дотоод аюулгүй байдал”-ыг хангах тогтолцооны харилцан шүтэлцээ бүхий элемэнтүүд юм. Тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдыг нэгэн дээвэр дор нэгдмэл бодлого технологиор бэлтгэснээр аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах нэгдсэн сүлжээнд харилцан ажиллах алба хаагчдын “Ирээдүйн баг”-ийг бэлтгэж байна гэж үзэж болно.
Нөгөө талаар шинжлэх ухаан технологийн давуу талаараа түншлэх, судалгааны үр дүн хэрэгцээт мэдээллээ харилцан солилцох замаар хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Тиймээс хууль сахиулагчдыг ийнхүү нэгдмэл бодлогоор бэлтгэх нь бидний бодлоор харин ч давуу тал болж байгаа бөгөөд үүнийг ч амьдрал нотлон харуулж байна.
- Нийгэмд гарч буй сөрөг үзэгдэл, гамшгийн эрсдэлийн өсөлт Хууль сахиулахын их сургуулийн өмнө шинэ сорилыг үүсгэж байна гэж үзэж болох уу?
Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах салбарын хүрээнд бий болж байгаа нэг тулгамдсан асуудал нь сорил, эрсдэл, аюул, заналын хурдацтай хувьсал юм. Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, хилийн цагийн байдал өөрчлөгдсөн, гамшгийн эрсдэл нэмэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамрах хүрээ өргөжиж, шүүх шинжилгээний эрэлт хэрэгцээ өсч, хууль сахиулах шинэ салбар, үйлчилгээ нэмэгдэж, эдийн засаг, цахим ертөнц дэх хууль бус ажиллагаа идэвхжиж байгаа нь хууль сахиулах мэргэжил олгох сургалтыг мэргэшүүлэн зохион байгуулах зайлшгүй шаардлагатайг нотолж байна. Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад их, дээд сургуулиудаас ялгарах бас нэг онцлог гэж болно.
- Хууль сахиулагчдыг мэргэшүүлэн бэлтгэх гол хүчин зүйл нь чадвартай, эрдэмжсэн багш нарын багийг бүрдүүлэх явдал байх. Энэ талаар тодруулахгүй юу?
Тиймээ. Их сургуулийн сургалтын үйл ажиллагааны гол хөдөлгүүр, үндсэн хүч нь багш нар байдаг. Тиймээс их сургуулийн багш нараа чадавхжуулах үүднээс энэ хичээлийн жилд “Багшийн хөгжлийн төв” байгуулж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, цуврал сургалт, онол, арга зүйн семинар, захиалгат сургалт, зөвлөн туслах ажиллагаа, оюуны бүтээлийг дэмжин урамшуулах, гадаад хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, эрдмийн зэрэг дээшлүүлэх, гадаад хэл сургах зэргийг дурдаж болно.
Монгол Улс нь их, дээд сургуулийн багш нарыг тусгайлан бэлтгэдэггүй орон. Энэ нь дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэхэд сөргөөр нөлөөлж байна гэж бид үздэг. Энэ бүхнийг харгалзан хууль сахиулагч, эрх зүйч мэргэжлээр сургалт зохион байгуулдаг их, дээд сургуулийн багш, судлаачдад “Багшийн дээд боловсрол” олгох сургалтыг манай их сургууль зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Ур чадвартай, зөв хандлагатай, мэргэшсэн хууль сахиулагчдыг бэлтгэх бас нэг нөхцөл бол сургалтын дэд бүтэц, таатай орчин байдаг. Их сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэх нөхцөл бүрдлээ. Хууль сахиулахын их сургууль сүүлийн жилүүдэд чадваржуулах сургалтын технологийг нэвтрүүлэх зорилгоор лаборатори, полигон, дромм зэргийг олноор байгуулж байна. “Сургалт-дадлагын цогцолбор” жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаагаа явуулдаг.
Сургалтын дэд бүтэц, таатай орчныг бүрдүүлэхэд манай их сургуулийн дэмжлэг үзүүлэх албад хичээнгүйлэн зүтгэж байна.
Манай их сургууль “Клиник сургалтын төв”-ийг байгуулан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээг багш, оюутнууд хамтран явуулж эхэлсэн нь аль аль талдаа ашигтай ажил болж байна. Түүнчлэн сургалтын түшиц газруудыг сонгож сургалтыг амьдралд ойртуулсан орчинд явуулж буй нь үр дүнгээ өгөх болно гэж бид хүлээж байгаа.
- Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны талаар та ямар бодолтой байна?
Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой ахиц гарсан. Өнгөрсөн цөөн жилүүдэд их сургууль эрдэм судлалын ажлыг явуулах бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тухайд том үр дүнг ярихад арай эрт байна. Багш, судлаачдын оюун санааны хүрээнд харин томоохон өөрчлөлт эхэлсэн гэж баттай хэлж болно. Манай хамт олон шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ бүтээгдэхүүн болгох чиглэлээр, өөрөөр хэлбэл, инновацийн үйл явцад идэвхтэй оролцох болсныг би сэтгэлгээний томоохон өөрчлөлт гэж үздэг. Энэ чиглэлээр судалгааны олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Гарааны компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлэх тодорхой алхамуудыг хийнэ. Ингэснээр их сургууль маань “Эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл” гэсэн хэв шинжид шилжих нөхцөл бүрдэнэ.
- Та эрдэмтэн, судлаачдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээс сонирхуулахгүй юу?
Тус их сургууль нь хууль сахиулах, дотоод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд манай их сургуулийн эрдэм судлалын ажил эрчимтэй өрнөж байна. Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, профессорын багууд бодлогын судалгаа, суурь болон хавсарга судалгааг тэнцвэртэй явуулах, нийгмийн өмнө тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудлуудад судалгаагаа чиглүүлэх, тэдгээрийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судлаачдыг хөгжүүлэх, гадаад, дотоод түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.
Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудтай эрдэм шинжилгээний тодорхой чиглэлээр хамтарсан судалгаа явуулах, оюуны сүлжээ үүсгэх чиглэлд бодитой ажлуудыг хийлээ.
Хууль сахиулахын их сургууль 2017 онд 50 гаруй судалгааны ажлыг хийж, олон улсын болон гадаад орны эрдэмтэн судлаачдын оролцоотой эрдэм шинжилгээний гурван хурлыг зохион байгуулан, 14 төсөл хэрэгжүүлж, оюуны өмчийн гэрчилгээ, патент арав орчмыг бүртгүүлээд байна. Хууль сахиулахуйн инновацийг нэвтрүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж арав гаруй инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж практикт нэвтрүүллээ.
- Нийгмийг түгшээсэн олон асуудлууд бий. Хэрвээ нууц биш бол, та бүхэн судалгаагаа эдгээрт чиглүүлж байгаа юу?
Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, судлаачдын явуулж буй зарим судалгааг би дурдая. Таны хэлснээр нийгмийг түгшээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олохоор манай судлаачид ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн гаралт, түүний динамик, шалтгаан, нөхцлийг тодорхойлох судалгаанууд, хилийн аюулгүй байдал, тал, хээр, ой, объектын түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх ажил, үер, усны ослын эрсдэлийн судалгаа гэх мэт олон судалгааг нэрлэж болно.
Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгээр “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох нь”, ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран “ОХУ, Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь”, АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгээр “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” судалгааны төсөл зэргийг хэрэгжүүлж байна.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Гэмт хэргийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” зэрэг олон хууль шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Эдгээр хуулиудын хэрэгжилтийн судалгааг бид Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг судалгааны байгууллагуудтай хамтран явуулна.
- “Тогтвортой хөгжил – дээд боловсрол” улсын зөвлөгөөн болж байна. Танай хамт олон их сургуулиа тогтвортой хөгжүүлэх чиглэлд ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ-наас зохион байгуулж байгаа энэ зөвлөгөөнийг бидний хувьд талархан хүлээж авсан. Үүнийг Монголын боловсролын системийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлын гарц, шийдлийг олох чухал алхам гэж харж, манай Их сургуулийн хамт олон идэвхтэй оролцож байгаа.
Хууль сахиулахын их сургууль нь цаашид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль хэрэгжүүлэх ажлын шинжлэх ухаан, боловсрол, үйлчилгээний нэгдлийг хангахуйц инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэхийг зорьж байна. Мөн судалгааны тодорхой чиглэлүүдэд тэргүүлэх байр суурьтай, зөвлөх эрхтэй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны хамт олон болон төлөвшиж, ард түмнийхээ энх амгалан байдлыг сахиулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт өөрийн хувь нэмэр оруулагч мэдлэг, оюуны төв байхад үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.