Монгол орон 28 багт хамаарах 1500 гаруй зүйл шавжтай. Тэдгээрийн дотроос сонотоос дамнуурга цэнхэр соно, хатуу далавчтаас шүтээн цох, дорнын заарт эвэр цох, хайрсан далавчтанаас аполон, эвалстаны дэвүүр, штуббендорфын дэвүүр, зүүн сэбүүрийн дэвүүр, махаон эрвээхий, бага тогосон өдөт, эгэл хошуулаг шумбуур, бэр цэцэгч шумбуур, голт борын шумбуур, сарьсан далавчитнаас хөвдний үхэр хэдгэнэ, модестус үхэр хэдгэнэ, спорадикус үхэр хэдгэнэ, байгалийн үхэр хэдгэнэ, хос далавчтнаас их эрлэг ялаа гэсэн 19 зүйл шавж Монгол орны Улаан номонд орсон.
Шавжийг байгаль, хүнд нөлөөлөх байдлаар нь ашигтай, хөнөөлт, өвчин тээх гэх мэт олон янзаар хуваан үзэж болох ч цэцэгт ургамалд тоос хүртээж, тэдгээрийн үржих боломжийг хангагч болдог ба хүний тэжээх ашиглаж байгаа шавжуудын ач холбогдлыг үнэлж баршгүй юм.
Байгаль дээр хэрэггүй, хортой, хөнөөлт гэсэн ойлголт байхгүй. Экосистемийн тэнцвэрт байдлын нэг гол үндэс бол энерги ба бодисын солилцооны тасралтгүй тэнцвэрт байдал бөгөөд түүнийг бүрдүүлэх үндэс нь идэш тэжээлийн холбоо юм. Үүнээс үзвэл иддэггүй ба идүүлдэггүй бие махбод гэж үгүй бөгөөд махчин амьтан ч, паразит өвчин үүсгэгчид ч байгальдаа жам ёсоор амьдарч байдаг.
Бидний сайн мэдэх өчүүхэн жижиг хөнөөлт шумуул устаж алга боллоо гэхэд түүнийг дагаад шумуулаар хооллогч сарьсан багваахай, сармаахай, цаашлаад тэдгээрээр хооллогч шар шувуу, ууль зэрэг амьтад идэш тэжээлгүй болж устахад хүрдэг байна.
Аполлон
Parnassius Apollo: Дэлхийн хэмжээнд ховордсон зүйл. 34-45 мм урт далавчтай, дэвсгэр өнгө нь цагаан, бүдэг саарал судалтай, уг хар. Хөвсгөл нуурын урд хэсэг, Тосонцэнгэл,Туул Баянголын хөндийгөөр ганц нэгээр тохиолдоно.
Биеийн хөгжил 6 дугаар сард дуусч хөрсөнд хүүхэлдэйлнэ. Хүүхэлдэй нь хоёр долоо хоногт бойждог. Жилд нэг удаа үржилд орно. Байршил нутаг нь мал сэлгээгүйгээр бэлчээрлэх, хадлан хадах, хараа булаасан гоёмсог тул олноор нь цуглуулах зэргээс тоо нь цөөрсөн.
Шүтээн цох
Scarab-us typhon : Ховор зүйл. Бие том, өргөн хар өнгөтэй. 16-30 мм урттай, нүүрэвч, урд шилбэ, дөрвөн нүдтэй, урд хөл сарвуугүй, дотор ирмэгтээ шүд маягийн хоёр гөвгөртэй, урд шилбэний оройн хоёр шүд доод талдаа хянгатай. Эрийн хойд шилбэний дотор ирмэг богино хар үсэн цацагтай. Сайншанд хот, Зүүнбаян, Эрдэнэ сумын хоорондох элсэрхэг хөрстэй нутагт амьдардаг.
Малын ялгадсыг өнхрүүлэн жижиг бөмбүлэг болгон нарийн хэсэгт өндгөө шахна. Авгалдай түүгээр хооллож, үлдэгдэлд хүүхэлдэйлнэ. Биеийн хөгжил нэг жил үргэлжилнэ.