Үнэт эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг, түүний ач холбогдол

Үнэт эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг, түүний ач холбогдол


8 жил

Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дарснаар үнэт металлын агуулга нь тодорхой болох бөгөөд түүнийг харсан хүмүүс итгэж үнэмшин худалдаж авдаг. 15 дугаар зууны дунд үеэс эхлэн Европын зарим оронд тухайлбал: Англид эхэлж үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд үнэт металлын агуулга буюу сорьцын цифрийг тавьж эхэлсэн. Ерөнхийдөө урт хугацааны хөгжлийн явцад үйлдвэрлэгчдийн хийсэн бүтээгдэхүүний үнэт металлын агуулга нь зохих сорьцдоо хүрэхгүй байсан нь тогтоогдсон тул түүнийг хөндлөнгийн байгууллага/Сорьцын хяналтын лаборатори/-аар хянуулах шаардлага гарснаар тэрхүү хөндлөнгийн байгууллага буюу Сорьцын хяналтын лаборатори үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулах болсон байна.

Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд дээр дарагдсан ивээн тэтгэгчийн болон үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, үнэт металлын цэврийн тэмдэг /цифр/ зэргийг баталгаажуулж дарсан сорьцын хяналтын лабораторийн тэмдгийг үнэт эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг гэнэ. Олон улсын түвшинд сорьцын баталгааны тэмдэг гэдэг ойлголтонд дараах зурагт дарагдсан тэмдгүүдийг ойлгодог.

1. Үнэт эдлэлийг үйлдвэрлэгчийн буюу ивээн тэтгэгчийн барааны тэмдэг

2. Үнэт металлын сорьцын цэврийн /цифр/ тэмдэг

3. Сорьцын хяналтын лабораторийн баталгааны тэмдэг

4. Олон улсын экспортын сорьцын баталгааны тэмдэг

Харин 2, 3 дахь буюу үнэт металлын сорьцын цэврийн болон сорьцын хяналтын лабораторийн баталгааны тэмдгүүдийг нэгтгэн нэг тэмдэг болгосон нилээд орон байдаг. Тухайлбал : Монгол, ОХУ, Португал, Голланд, Латви, Гурзин,Украйн, Эстон, гэх мэт. 

Энэхүү зураг нь Англи улсын Лондон хотын Үнэт металлын сорьц тогтоох төвөөс мөнгөн эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дарсан байдлыг харуулж байна.

Зургийн эхний LAO гэдэг London assay office гэсэн үгийн товчлол бөгөөд ивээн тэтгэгчийн тэмдэг, хоёр дахь арслангийн зураг бол үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, гуравдахь 925 гэсэн цифр бол мөнгөн эдлэлийн цэврийн тэмдэг, дөрөв дэх ирвэсийн толгой нь Лондонгийн сорьцын хяналтын төвийн сорьцын баталгааны тэмдэг болно.

Энэ зураг дээр ивээн тэтгэгчийн болон цэврийн цифр, сорьцын хяналтын төвийн тэмдгээс гадна хоёр дахь зурагт үзүүлсэн жингийн дотор байрлуулсан 925 гэсэн цифр бол Венийн конвецийн мөнгөн эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг юм. Ийм тэмдэгтэй эдлэл аль ч оронд чөлөөтэй экспортлогдож болно.

Одоогоор олон улсын түвшинд сорьцын баталгааны тэмдэг дардаг хоёр төрлийн систем үйлчилж байна.

1. Төвлөрсөн хяналтын систем : Энэ нь тухайн улс орон өөрийн олборлож, боловсруулсан үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлийг шинжилгээ хийж хянаж шалгасны үндсэн дээр баталгаажуулдаг төвлөрсөн байгууллага буюу лабораторитой түүгээрээ дамжуулан үнэт эдлэлийн үйлдвэрлэл худалдааг хянаж зохицуулж байдаг систем юм. Олон улсын хэмжээнд 1935 онд байгуулагдсан Венийн конвенцид нэгдсэн 16 орон, түүнчлэн олон улсын үнэт металлын сорьц тогтоох лабораториудын холбоо гэж 42 орны 54 төвийг нэгтгэсэн хоёр байгууллага байх бөгөөд эдгээр хоёр байгуулага нь төвлөрсөн хяналтын тогтолцоотой ажилладаг. Гэхдээ зарим оронд төвлөрсөн нэг төв биш хэд хэдэн төв байдаг. Тухайлбал : Англид 4, Испанид 6, Голланд, Польшид 2 гэх мэт. Хэдийгээр эдгээр хоёр байгуулагад элсээгүй ч мөн төвлөрсөн системээр хяналт тавьдаг олон орон бий. Тухайлбал: ОХУ Сангийн яамныхаа дэргэд үнэт металл, алмазын хороо байх бөгөөд улсаа 15 мужид хуваан, тэдгээр мужууддаа төвлөрүүлэн хяналт тавьж баталгаажуулдаг төдийгүй гадаадаас орж ирсэн үнэт эдлэлийг заавал шалган өөрийн сорьцын баталгааны тэмдэг дарж худалдаанд гаргадаг. Ер нь Венийн конвенцид нэгдсэн орнууд 1972 оноос эхлэн олон улсын түвшинд худалдаалагдах үнэт эдлэлд нэгдсэн сорьцын баталгааны тэмдэг дардаг болсон нь өнөөдөр мөрдөгдөж байна.

2. Зах зээлийн систем : Энэ нь тухайн улсын хэмжээнд төвлөрсөн хяналтын системтэй боловч үнэт эдлэлийг үйлдвэрлэгч нь өөрөө сорьцын цэврийн цифрээ дардаг боловч үйлдвэрлэгчийн болон сорьцын баталгааны тэмдгийг заавал дарах ёстой гэдэг ойлголт байхгүй. Тухайлбал : БН Турк улс гэхэд шаардлагатай үед улсын хэмжээнд ажиллах үүрэгтэй, аль ч үйлдвэрт хяналт тавих эрхтэй, өөр өөр үйлдвэрт ажилладаг, улсын байцаагчийн эрхтэй 7 хүн байдаг. Тэгэхээр зах зээлийн системтэй орнуудад сорьцын баталгааны тэмдэг дардаггүй боловч үйлдвэрлэгчийн барааны болон сорьцын цифртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг гэсэн үг юм. Зах зээлийн системтэй орнуудын өөрсдөө сорьцын цифр дарах гол нөхцөл нь үнэт эдлэлийн худалдаа арилжаа эрхлэх зах зээлийн багтаамж ихтэй, үйлдвэрлэгчид нь өөрөө техник технологийн хувьд хүчин чадал сайтай, өөртөө дотоод хяналтын лабораторитой, дотоод хяналтын лаборатори нь өөрийн үйлдвэрийн дамжлагуудаа бүрэн хянаж зохих сорьцдоо хүрч байгаа нөхцөлд бүтээгдэхүүндээ сорьцын цэврийн цифр дардаг. Ер нь үйлдвэрлэгч өөрийн үйлдвэрийн барааны тэмдгээ дарахгүй байх нөхцөл нь хэрвээ үнэт металлын цэврийн цифр зохих хэмжээндээ хүрэхгүй бол / Тухайлбал 585 гэсэн цифр дарагдсан алтан эдлэлийн сорьц 580 байх юм бол/ хариуцлагыг үйлдвэрлэгч хүлээх ёстой. Тиймээс тэрхүү хариуцлагаас зугатах арга нь хэн ч хийсэн нь мэдэгдэхгүй болгох явдал юм. Үнэт металлын сорьцын цэврийн цифр бол үнэт металлын агуулга илэрхийлсэн цифр болохоос биш сорьцын баталгааны тэмдэг биш юм. Хэрвээ сорьцын баталгаатны тэмдэгтэй бүтээгдэхүүний сорьц заасан хэмжээндээ хүрэхгүй бол баталгаажуулсан лаборатори хариуцлага хүлээх ёстой.

3. Манай орны хувьд төвлөрсөн хяналтын тогтолцоотой орнуудын нэгэн адил бүтэц зохион байгуулалттай учир Сорьцын хяналтын хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторит нэгдсэн журмаар сорьцын баталгааны тэмдэг дарж үнэт эдлэлийг баталгаажуулж байна. Манай улсад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны сорьцын баталгааны тэмдэгтэй үнэт эдлэл импортоор бараг орж ирэхгүй байгаа бөгөөд ганзгын наймаачдын оруулж ирсэн үнэт эдлэлүүд нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй, зөвхөн сорьцын цэврийн цифр дарагдсан байдаг тул хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тэдгээрийг манай лаборатори байнга шалгадаг. Шалгалтаар зохих сорьцдоо хүрч байвал өөрийн сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулдаг. Сорьцын цифртээ хүрэхгүй тохиолдолд хамгийн ойр байгаа доод сорьцоор баталгаажуулах, эсвэл Монгол улсад худалдан борлуулж болохгүй гэсэн шаардлага тавьж буцаадаг. Сорьцын баталгааны албан ёсны тэмдэгтэй эдлэлийг бид зарчмын хувьд шалгаж болохоос биш сорьцын баталгааны тэмдэг дарахгүй.

4. Үнэт эдлэл үйлдвэрлэгчийн хувьд Сорьцын баталгааны тэмдэг дарахын тулд аль ч оронд дараах хэд хэдэн нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Тухайлбал :

а. Тухайн орон өөрөө үнэт металл олборлодог, түүнийгээ цэвэршүүлэн, зохих стандартын сорьцын хайлш бэлтгэж чөлөөтэй худалдан борлуулдаг байх.

б. Тухайн орны Үнэт эдлэлийн худалдаа арилжааны зах зээл багтаамж сайтай байх.

в. Сүүлийн үеийн нарийн мэдрэмж, хүчин чадал сайтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, жилдээ биш өдөртөө хэдэн арван килограмм үнэт металл боловсруулах хүчин чадалтай байх.

г. Өөрийн дотоод үйл ажиллагаа, дамжлагуудаа бүрэн хянаж байх сорьц тогтоох шинжилгээ хийх лабораторитой байх

д. Сорьц тогтоох лаборатори нь итгэмжлэгдсэн байх

е. Тухай үйлдвэрийн удирдлага нь ёс зүйн хувьд хэрэглэгчийг хохироохгүй гэсэн өндөр ухамсар, чадамжтай байх. Эдгээр нөхцөлийг бүрдүүлсэн үед үйлдвэрлэгч өөрөө сорьцын баталгааны болон цэврийн цифрийн тэмдгээ дарж баталгаажуулж болно. Гэхдээ тухайн үйлдвэрлэгч нь зөвхөн өөрийхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л баталгаажуулдаг.

5. Манай улсын гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд эдгээр шаардлагыг хангасан үйлдвэр одоогоор байхгүй. Хэдэн жилийн өмнө “Эрэл” ХХК ийм үйлчилгээ эрхэлж байсан. Бидний зүгээс ямар нэгэн хориг саад хийгээгүй боловч өөрөө дампуурсан. Шалтгаан нь дээр тавигдаж байгаа шаардлагыг хангах нь манай орны нөхцөлд их хүндрэлтэй асуудал бөгөөд манай үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл дэндүү жижигхэн, зах зээл маш бага, бүтээгдэхүүнээ экспортод гаргах чадамж муу, үнэт металл цэвэршүүлэх, стандартын хайлш худалдаалах чөлөөт зах зээл байхгүй, өдөртөө биш жилдээ 1 килограмм алт боловсруулдаггүй, дотоод хяналтын лаборатори байгуулах нь бүү хэл үйлдвэрлэлээ өргөтгөх хөрөнгийн боломж хязгаарлагдмал, тухайн үйлдвэрлэлд ажиллагсдын ёс зүйн хэм хэмжээ хараахан бүрэлдэн тогтоогүй байгаа зэргээс шалтгаалан одоохондоо үйлдвэрлэгчид маань өөрсдөө сорьцын баталгааны тэмдэг дарах нөхцөл хараахан бүрэлдээгүй байна.

Бидний гол зорилго бол дотоодын үйлдвэрлэгчдээ ийм хэмжээнд хүргэхэд оршино. Сорьцын цэврийн цифр нь баталгааны тэмдэг биш учир түүнийг дарах нь тийм ч зөв ойлголт, зохицуулалт биш юм. Учир нь сорьцын цифрийн тэмдэг/клейм/-ийг (тухайлбал 585 эсвэл 925 гэсэн цифрийг) БНХАУ-ын захын дэлгүүрт худалдаж байдаг тул манайд импортоор орж ирсэн гээд байгаа 585 гэсэн цифртэй алтан, 925 гэсэн цифртэй мөнгөн эдлэлүүд нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй учир хэн хийгээд, хэн цифр дараад байгаа нь тодорхой бус, тэгээд ч нилээд тохиолдолд сорьцын цэврийн цифртэй хүрдэггүй учир эрсдэл ихтэй юм. Тухайн үнэт эдлэл сорьцдоо хүрэхгүй бол зөвхөн хэрэглэгч та хохирогч болох тул Сорьцын хяналтын хэлтсийн зүгээс сорьцын цифртэй бүтээгдэхүүнийг заавал шалгаж өөрийн сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулж энэ талаар хэрэглэгчдэд мэдээлж байх нь бидний үүрэг гэж үзэж байгаа юм.

Ер нь олон улсад үнэт эдлэлийн сорьцын баталгааны тэмдгийг хэрэглэгч хараад шууд утгаар нь ойлгогдохоор хийгдсэн байдаг. Тухайлбал : Үнэт металлын төрөл бүрээр сорьцын баталгааны тэмдгийн загвар болон үнэт металлын агуулгыг өөр өөрөөр хийдэг. Жишээ нь Монгол улсад алтан эдлэлийн сорьцын баталгааны тэмдгийн гаднах хүрээ нь зууван дугуй, мөнгөн эдлэлийнх 6 талтай призм, платина эдлэлийнх ромбо хэлбэртэй, алтан эдлэлийг 960, 916, 750, 585 375, 333 сорьцоор, мөнгөн эдлэлийг 925, 875, 830 гэх мэтээр өөр өөр сорьцтой үйлдвэрлэж байна. Түүнчлэн улс бүрийн сорьцын баталгааны тэмдгийн үндсэн загвар уламжилалт ёсоо хадгалж, билэгдсэн шинжтэй дүрс зураг байдаг. Тухайлбал : Монголын сорьцын баталгааны тэмдэг нь хатан сүйх дүрстэй бол Английнх ирвэсийн толгойтой, Швейцарийнх сембернар нохойн толгойтой, ОХУ-ынх эмэгтэй хүний толгойн дүрстэй гэх мэт.

Үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дардаг хоёр үндсэн арга байдаг.

а. Сорьцын баталгааны тэмдгийг маш хатуу хайлшин дээр маш жижиг хэмжээтэй сийлээд үнэт эдлэл дээр цохиж ором гаргах замаар тавидаг. Энэ арга нь нарийн хийцтэй эдлэлийг эвдэх аюул ихтэй боловч баларч арилах тухай ойлголт байхгүй.

б. Сүүлийн жилүүдэд нилээд оронд лазерийн туяагаар сорьцын баталгааны тэмдэг дардаг технологи нэвтэрсэн. Энэ арга нь хэрвээ бүдэг дарагдвал арилах магадлалтай. Манай улсын хувьд 1978 оноос эхлэн сорьцын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд анхнаасаа металл /клейм/-аар цохих аргыг хэрэглэж ирсэн. 2012 оноос эхлэн ялангуяа импортын алтан эдлэл дээр лазерийн туяагаар сорьцын баталгааны тэмдэг дарж байна.

Үнэт эдлэлд үйлдвэрлэгчийн болон сорьцын баталгааны тэмдэг дарагдснаар үйлдвэрлэгч болон хэрэглэгч та дараах ач холбогдлыг мэдрэх болно.

1. Юуны өмнө сорьцын цэврийн цифр нь энхэүү эдлэлийг төдөн хувийн агуулгатай, тийм үнэт металлаар хийсэн гэдгийг батлах болно.

2. Үйлдвэрлэгчийн болон ивээн тэтгэгчийн барааны тэмдэг дарагдснаар тухайн бүтээгдэхүүнийг хэн хийсэн юм бэ гэдэг нь танигдах бөгөөд барааны тэмдэг нь олон улсын бүртгэлтэй байдаг тул хожим таны хийсэн бүтээгдэхүүн түүх, соёлын дурсгалт зүйл болоход таныг гэрчлэх баталгаа болно. Жишээ нь Өндөр гэгээн Занабазарын хийсэн түүх соёлын хосгүй дурсгалд багтах цутгуурын бурхадыг түүний тэмдгээр таниж байгаа бөгөөд хэрвээ та барааны тэмдгээ дараагүй бол хэн нэгэн шуналтан таны бүтээгдэхүүн дээр өөрийнхөө барааны тэмдгийг дарчихаад би хийсэн юм гэвэл та хуулийн өмнө батлах баримтгүй учир хохирч үлдэх болно.

3. Сорьцын хяналтын баталгааны тэмдэг нь дээрх хоёр тэмгийг давхар баталгаажуулж байгаагаараа онцлогтой юм.

4. Сорьцын баталгааны тэмдэг нь хугацаагүй буюу зөвхөн тухайн эдлэлийн хэлбэр, загварыг өөрчилсөн үед л түүний хугацаа дуусгавар болно.

Аль ч улс оронд үнэт эдлэлийг хүмүүс маш өндөр үнээр урлан бүтээдэг, түүнээс ч өндөр үнээр худалдан авдаг учраас хойч үедээ уламжилан өвлүүлж, үе дамжин хэрэглэж, хадгалж явдаг боловч хэзээ ч үнэ цэнээ алддаггүй тухайн цаг үеийнхээ үнийн ханшинд хэлбэлзэж байдгаараа онцлогтой.

Тийм ч учраас хүн төрлөхтөн эдийн засгийн хямрал, мөнгөний ханш уналтаас болгоомжлохдоо үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн хамгийн уран нарийн, чамин тансаг хийцтэй, орц ихтэй эдлэлийг худалдан авч хадгалдаг бөгөөд энэхүү чанар ялангуяа Монголчуудад маш тодорхой илэрдэгийн жишээ нь юмаа “чулуу”, “хатуу” юм болгоно гэж яридагтай холбоотой.

Сорьцын хяналтын хэлтсээс 2012 онд хийсэн сорьц тогтоох шинжилгээний дүнд дотоодын үйлдвэрлэгч 8 байгуулага, иргэний 669 ширхэг алтан эдлэлийн сорьц зохих сорьцдоо хүрэхгүй байсан тул хэвийг нь өөрчлөн эздэд нь эргүүлэн өгсөн. Импортоор орж ирсэн Солонгос, Турк улсад үйлдвэрлэсэн 546 ширхэг алтан эдлэлийн сорьц мөн зохих сорьцдоо хүрэхгүй байсан тул 316 ширхэг эдлэлийг Монгол улсад худалдан борлуулахгүйгээр буцаах үүрэг өгч, 248 ширхэг эдлэлийг 375 сорьцоор баталгаажуулсан байна. Мөн ОХУ-аас импортоор орж ирсэн үнэт чулуун шигтгээтэй эдлэл дээрх зарим шигтгээнүүд нь тухайлбал 6 ширхэг эдлэлийн 13 ширхэг шигтгээ доржпалам /алмаз/ биш болох нь тогтоогдсон. Ер нь тус хэлтсээс өнгөрсөн жилүүдэд импортын үнэт эдлэлийг сорьцын баталгаажуулалтад хамрагдсан эсэх чиглэлээр хяналт шалгалтыг түлхүү хийж байсан бол энэ оноос дотоодын үйлдвэрлэгчдийн үнэт эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг, түүнчлэн мөнгөн аяганы жингийн байдалд илүү хяналт тавих болно.

Иймээс та үнэт эдлэлийг худалдан авахдаа өнгө үзэмж, чанар, хийцээс гадна үнэт металлын сорьцын баталгаа, эрдэнийн чулууны гэрчилгээг нь сайтар шалгаж авах ёстой гэдгийг ямагт санаж бай.

СХЗГ-ын Сорьцын хяналтын хэлтсийн Улсын байцаагч Ш. Бямбасүрэн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү