Монголын поп хөгжмийн амьд домог, МУГЖ, ХХ зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" бие даасан тоглолтоо анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна.
Монголын поп урлагийн хатан хаан хэмээн хүндлэгддэг түүний хувьд 40 жилийн хугацаанд 600 гаруй уран бүтээлийг туурвиж, 23 цомог гаргасан бөгөөд 60 орчим бие даасан тоглолтоо хийжээ.
Мөн 21 аймгаар 5 удаа бүрэн хэмжээний аялан тоглолтоо хийснээс гадна Европ, Азийн олон улсад бие даасан тоглолтоо амжилттай хийсэн Монголын хөгжмийн зах зээлийн хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлчдийн нэг билээ.
1986 онд 16 настайдаа урлагийн замналаа эхлүүлсэн түүний хувьд 2026 оны 6 дугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд уран бүтээлийнхээ оргил үеүдийг багтаасан 40 дууг амьд хөгжмийн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах гэж байна.
"Хайрын бурхан” тоглолтын ерөнхий продюсероор М.Даваасүрэн, ерөнхий найруулагчаар С. Ононбат, хөгжмийн найруулагчаар Н.Халиун, тайзны найруулагчаар Б.Батцэрэн, хөтлөгчөөр Э.Цолмонбаяр ажиллах юм. Мөн зочин артистаар "Харанга" хамтлагийн дуучин Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн хэвлэлийн бага хуралд оролцож байгаа юм.
Тоглолтын үеэр түүний хамгийн хит, олон нийтийн сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэхээс гадна шинэ найруулга, тусгай тайзны шийдэл, зочин уран бүтээлчдийн хамтын оролцоотойгоор илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдана.
Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ төдийгүй хайр, дурсамж, талархлын илэрхийлэл болж Б.Сарантуяагийн уран бүтээлийг хайрлан дэмжигч бүх хүнд зориулсан сэтгэл хөдөлгөм үдэш байх болно.
0
0
0
0
0
0