УИХ-ын 2022 оны Хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ 10.00 цагт нээлтээ хийнэ. Харин чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөх юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор ийн мэдээлэл өгөх аж.
Хаврын чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.
Дашрамд дурдахад, УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг УИХ-ын дарга онцолж байв.
"ҮНДЭСТЭН ДАЯАРАА ХАМТАРЧ ТУУШТАЙ ЗҮТГЭХ ЦАГ БОЛЖЭЭ"
Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлдээ эв нэгдэлтэй байж дайны хажуугаар гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх учрыг нь ололгүй яарч дүгнэлт хийж нийгмийн өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна.
Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувиар буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Судалгаанд оролцсон иргэд хүнсний барааны өсөлт, шатахууны үнийн өсөлт, эмнэлгийн байгууллагын хүртээмж үйлчилгээний чанар, Covid-19 халдвараас бусад өвчинд анхаарал хандуулах нь муу, түгжрэл, ядууралд санаа зовж байгаагаа хэлжээ.
Монголын ард түмэн үнийн өсөлтөөс гадна шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал. Тиймээс УИХ-аас тусгайлсан ажлын хэсэг байгуулсан. Тус банкинд хяналт шалгалт хийж байгаа. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр хяналтын сонсгол хийхээр товлосон.