Ирэх онд улс төрийн намуудад 7.8 тэрбумын санхүүжилт олгоно


6 цаг

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.09.09)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоосон байна.Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.

Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.

Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны тавдугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.

Нам, эвсэлд 2026 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг СЕХ-ноос танилцууллаа. Тухайлбал, ирэх 2026 онд МАН 3.363.948.720 төгрөг, Ардчилсан нам 2.568.083.760 төгрөг, ХҮН нам 756.799.560 төгрөг, Үндэсний эвсэл 376.976.160 төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 275.940.720 төгрөг, Үнэн ба зөв нам 161.500.680 төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс авах нь. Өөрөөр хэлбэл, дээрх 7 улс төрийн нам нийт 7.871.553.360 төгрөгийн санхүүжилт төрөөс авах аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү