Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд “Ардчилал ба оролцоот эдийн засаг” сэдэвт чуулган Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганыг Ардчилсан нам, АЭХ, “Конрад Аденауэр” сантай хамтран зохион байгуулсан юм. Чуулганд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан намын Дэд дарга Р.Амаржаргал, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, “Христийн Ардчилсан холбоо” намын эдийн засгийн зөвлөлийн инновац, дигиталчлал хариуцсан дарга Паул Ковиц, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн С.Жавхланбаатар, Б.Бямбасайхан нарын 100 гаруй төлөөлөгч оролцож, сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. Чуулганы оролцогчид “Гадаад хөрөнгө оруулалтын туршлага”, “Олон улсын валютын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүн, сургамж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, өнгөрсөн 30 жил явж ирсэн Монголын эдийн засгийг агуулгаар нь ярилцсан юм.
З.Нарантуяа: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой бол монголчуудын хувьд онцгой үйл явдал
-Монгол Улс Үндсэн хуулиндаа хуулийн засаглал, хүний эрх, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнийг тунхаглаж, энэ чиглэлээр улс орноо хөгжүүлж эхэлсний 30 жилийн ой болох гэж байна. Ардчиллын үнэт зүйлсийг Монгол Улсад нутагшуулж, хөгжүүлэхэд тэргүүлэн оролцож, санаачлагатай ажилласан Ардчилсан намын хувьд энэ бол маш чухал зүйл. Энэ түүх бол Ардчилсан намын төдийгүй Монголын нийт ард түмний хөгжлийн чиг баримжаа болсон Үзэл баримтлалыг дэлгэрүүлсэн гэдэг утгаараа маш чухал үйл явдал юм. Өнгөрсөн он жилүүдэд Ардчиллын оролцоотой эдийн засгаа хэрхэн хөгжүүлсэн бэ, эдийн засгийн хөгжлийн зорилт, бодлого, бидний туулж ирсэн зам зөв байсан уу гэдгийг эргэн харж, хэлэлцэж байна. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам 2020 онд төрийн эрхийг барихад юуг анхаарах вэ, ямар сургамж бидэнд үлдээв гэдгийг дүгнэн ярилцаж байгаагаараа онцлог. Тиймээс ч өнөөдрийн чуулганд би “Олон улсын валютын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүн, сургамж” сэдвээр илтгэл тавилаа.
Р.Амаржаргал: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн
-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас санаачлан хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээрийн нэг нь “Ардчилал ба оролцоот эдийн засаг” сэдэвт чуулган юм. Ардчилсан намын Үзэл баримтлалд оролцооны талаар тусгагдсан байдаг. Нийгмийн бүхий л давхаргад иргэдийнхээ оролцоог хангаж байж Ардчилал утга төгөлдөр болно. Тиймээс ч бид чуулганыхаа нэрэнд оролцоо гэдэг үгийг багтаасан юм. 1990-ээд онд бидний эхлүүлж байсан Ардчиллын талаарх ойлголт өнөөдөр өөрчлөгдсөн байна. Тухайн үед бид чөлөөт сонгууль явуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг эрх чөлөөтэй болгох хэмжээнд л Ардчиллыг ойлгож байлаа шүү дээ. Харин өнөөдөр энэ ойлголт өөрчлөгдсөн байна. Дүр эсгэсэн, хэлбэр төдий Ардчилалтай байх юм уу эсвэл агуулгын талаар ярих юм уу гээд олон асуулт ургаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улам өргөжсөн, гүнзгийрсэн агуулгатай Ардчилал болж хувирчээ. Нийгмийн баялгийн хуваарилалтад иргэдийн оролцоо аль болох тэгш байх нь чухал.
С.Одонтуяа: Ардчилалд суурилсан эдийн засгийн оновчтой тогтолцооны тухай хэлэлцлээ
-АЭХ, КАС хамтраад энэ чухал сургалтыг зохион байгуулж байна. Ардчиллыг хөгжүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд КАС-ын хувь нэмэр их бий. Ардчилсан нам бодлогын нам болсонтой холбогдуулж, бодлогын шинэчлэлийн олон чухал зүйлүүдээ гишүүддээ зааж, сургах, ярилцах, хэлэлцэж байна. Үүний нэг нь өнөөдрийн чуулган юм. Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд хувийн өмч, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, чинээлэг дундаж давхаргатай улс орон болох зорилтыг тавьж байсан. Гэтэл өнөөдөр Ардчиллын хөгжлийн гажуудлууд бий болсон байна. Тиймээс Ардчилалд суурилсан эдийн засгийн тогтолцоо ямар байх юм, бусад орны туршлага ямар байдаг юм, яавал бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах вэ гээд олон талаас нь ярилцаж байна. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжил нь эмэгтэйчүүд бидэнд, иргэн, өрх бүрийн амьдралд хэрхэн бодит өгөөжөө өгөх вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Эрх баригчид өнөөдөр эдийн засаг өссөн тухай байнга мэдээлж байна. Тэгвэл ард түмний амьдралд бодит өөрчлөлт яагаад гарахгүй байгаа юм бэ. Нэг л их уул уурхай, төмөр зам ярьсан хүмүүс. Гэтэл хувь хүний хөгжил рүү чиглэсэн бодит үр дүн огт харагдахгүй байна.
Йоханн Фурманн: Эрдэс баялгийн салбарын үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх нь чухал
-Монгол Улсын эдийн засгийн бүтэц маш энгийн. Өөрөөр хэлбэл, экспортын 90 гаруй хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Гэвч уул уурхайн салбар Монгол Улсын хэмжээнд харьцангуй бага ажлын байрыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, нийт ажлын байрны ердөө дөрвөн хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Эрдэс баялгийн салбарын үр өгөөжөөс Монгол Улсын иргэн бүр тэгш хүртэх нь чухал. Тиймээс ч КАС-ын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь үүнд чиглэдэг. Германы эдийн засаг хувийн хэвшилд тулгуурладаг учраас өрсөлдөөн их. Эдийн засагт төрийн оролцоо харьцангуй бага. Хувийн хэвшил өрсөлдөөний зарчмаараа ажилладаг, энгийн бүтэцтэй.