Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ


7 жил

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.06.29) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа аж.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн. Одоо Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 152 хороотой, хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 байгаа агаад нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь манай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувь нь юм. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлж тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрээд байгаа аж.

Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Нөгөө талаас 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн удирдлагаас нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, нийслэлийн бүх нөөц, бололцоо, төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг энэхүү зорилтыг хангахад чиглүүлж удирдах; суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, урлаг, соёлын төв Улаанбаатар хотыг үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэх; хот байгуулалт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах; төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, төвлөрлийг сааруулах, оновчтой бүтэц, зохион байгуулалтын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, хотыг бүсчлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төвд байршиж байгаа төр, захиргааны байгууллагууд /яамдууд болон Засгийн газрын агентлагууд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргийн Засаг даргын Тамгын газар гэх мэт/-ыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэн байршуулах ажлыг удирдан зохион байгуулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.

Мөн нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолж тусгасны зэрэгцээ нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулсан байна. Ингэснээр нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасны зэрэгцээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.        

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгажээ. Ингэснээр дүүргийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчилж, нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх эерэг талтай гэж үзэж байгаа аж.

Мөн нийслэлийн дагуул хот болон нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг тодорхой хугацаанд тодорхой хувиар хөнгөлөх, нийслэлийн дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг хөнгөлөх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс www.ulaanbaatar.mn цахим хуудаст байршуулж иргэдээр хэлэлцүүлж, санал авах ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг хуулийн төслөөр хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналуудыг төсөлд тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Б.Ундармаа нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, Б.Батзориг, Б.Ундармаа нар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах орчин бүрдүүлэх нь төрийн нэн тэргүүний үүрэг учраас нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дагуул хотууд бий болгох замаар төвлөрлийг сааруулах, дүүргийн бие даасан байдлыг хангаж, төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болж буйг онцлоод энэ хуулийн төсөл нь зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй улс орны хөгжлийн ирээдүйтэй холбоотой чухал асуудал тул төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатайг хэлж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төслийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж ирээдүйгээ харж шийдвэрлэх үүднээс энэ асуудал шийдэгдсэний дараа намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй, түүхийн зүйл ч их байна, хотын дүрмээр зохицуулах боломжтой асуудлуудыг заавал хуульчлах гэх шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээхгүйгээр одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд гарц боломжийг нь нээх боломжтой учраас хуулийн төслийг сайн нягталж хэлэлцээд намрын чуулганаар батлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү