Бэлэнчлэх сэтгэлгээ биднийг үгүй хийх нь

Бэлэнчлэх сэтгэлгээ биднийг үгүй хийх нь


7 жил

Гол усны бохирдол, ан амьтны мөхөл, цөлжилт, агаарын бохирдол зэргийг экологийн асуудал гэж үздэг. Харин өнөө цагт бидний идэж буй хоол хүнс шаардлага хангаж чадахгүй байгаа нь байгаль ертөнц төдийгүй хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудал болж байна. Энгийнээр хэлбэл эрүүл, зөв, “ногоон” хооллолт буюу хүнсний экологи алдагдаж байгаа юм.

Саяхан цахим сүлжээгээр Италийн “Ферреро” компаний үйлдвэрлэдэг Киндер өндгөн шоколад техникийн тос агуулдаг тухай мэдээлэл шуугиан тарьсан билээ. Үүнээс үүдэн бидний идэх дуртай хоол, өдөр бүр хэрэглэдэг хүнс биед хоргүй байж чаддаг болов уу гэсэн эргэлзээ төрөв. Учир нь хүнсний экологиос хүн төрөлхтөний эрүүл мэнд, цаашлаад хүн амын өсөлт, дундаж наслалт зэрэг хэд хэдэн зүйл хамаардаг.

Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн өвс ногоо, үр жимс түүж, өөрөөр хэлбэл цэвэр “байгалиар” хооллодог байсан бол хөгжлийн түвшин өөрчлөгдөх тусам идэх хоол нь төрөлжсөөр, өнөөдөр бид аль ч дэлгүүрээс хиам, бэлэн гоймон, даршилсан ногоо, боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг хэрэглэхэд хялбар бүхнийг сонгон худалдан авч байна.

Зах зээлийн нийгэмд өрсөлдөж буй байгууллагууд хэрэглэгчдийн таашаалд нийцэх гэж бүтээгдэхүүнийхээ амт, үнэр, өнгийг сонирхол татахуйц олон янзаар хувиргадаг нь экологийн сөрөг  шинжтэй байдаг.

Хүнсний бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хадгалалтын хугацааг уртасгах, амт, үнэр, үзэмжийг сайжруулах, өнгө оруулах зорилгоор үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисыг хүнсний нэмэлт гэж нэрлэнэ. Чухам эдгээр нь хүний биед ямар нөлөөтэй вэ гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас татгалзах шаардлагатай хүнсний нэмэлт буюу Е кодтой бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг. ОХУ, АНУ, ХБНГУ зэрэг томоохон улсад байдаг “Хүнсний нэмэлтийн хороо” гэх байгууллага Монголд харин байхгүй. Энэ бол өргөн хэрэглээний хүнсний орцонд дэлгэрэнгүй судалгаа хийж, найрлагыг тодорхойлдог газар бөгөөд улс болгонд янз бүрээр зохицуулагдсан байдаг.

Химийн өөрчлөлттэй хүнс хэрэглэснээр бие махбодийн дархлаа сулрах, таргалах, цаашлаад хавдар үүсэх шалтгаан болдог аж. Нэг жишээ дурдья. Өнөө цагт бод малыг эрүүл өсгөж, түргэн үржүүлэхийн тулд тэжээлд нь олон төрлийн химийн бодис хийдэг болжээ. Тухайлбал диэтилстиль гэх гормоны нэмэлттэй тэжээл идсэн малын мах хүнд хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон.
Өөр нэг жишээ. Хорьдугаар зуунд харшилтай, астматай, чихрийн шижинтэй хүн маш цөөн байсан бол өнөөдөр энэ өвчин дэлхий нийтийн ½-ийг хэдийнээ хамарсан байна. Хүн төрөлхтөний амьдралын хэвшил өөрчлөгдөж, хүнсний экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас дээрхи өвчин үүсчээ. Өнгөрсөн гурван зуугаад жилийн турш дэлхий дахинд идэж буй хоолноосоо хордох тохиолдол эрс нэмэгдсэн. АНУ-ын хүн амын нас баралтын 2/3 нь чанаргүй хүнснээс шалтгаалж буйг тус улсын Эрүүл Мэндийн Яам онцолж байна. Хүний их эмч, Доктор Р. Аткинс  эмнэлгээр нь үйлчлүүлж буй иргэдийн 95 хувь буруу хооллолтоос болж өвчилсөн тухай “Эрүүл мэндийн хувьсгал” номондоо бичсэн байдаг.

Хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулж, эд эрхтэнд өөрчлөлт оруулж, цаашлаад гениэр дамжин хойч үед нь халдварладаг. Тэгэхээр одоо идэж буй бүхний сөрөг нөлөө  бидний үр хүүхдэд ч очно гэсэн үг. Пестицид, тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадми, марганц, нефть зэрэг химийн бодис хүнсний ногооноос илрэх тохиолдол байдаг ба эдгээр нь бордоо, бохирдолтой хөрсөөр дамждаг байна.

Бид “органик”, “эко” гэх тодотголтой бүтээгдэхүүнийг биед сайн гэсэн ерөнхий ойлголттой байдаг, үүнийг дагаад дийлэнх бараа “ногоон” шошготой болсон. Харин манайд шалгуур тогтоодог мэргэжлийн байгууллага байхгүй тул тухайн бараа үнэхээр цэвэр байгалийн гаралтай, эсэх нь баталгаагүй. Хүмүүс худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний орц, найрлагыг тэр бүр анхааралтай хардаггүй, үргэлж хэрэглэж заншсанаа л авчихдаг. Эрүүл мэндэд маань сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсээр байж будагтай хийжүүлсэн ундаа, элдэв амтлагчаар баялаг түргэн хоолонд бид шунан дурласаар л байна. За биеэ бодьё, ногоо цагаагаа л идье гэхэд эд ч мөн химийн нэмэлттэй байдаг нь харамсалтай.

Хоол бол хүн байгаль хоёрын хамгийн ойрын харилцаа гэхэд хилсдэхгүй. Бүх зүйл нь бэлэн болсон энэ нийгэмд цэвэр, байгалийн гаралтай хүнс бүр мөсөн устах аюулд дөхөж байна. Үүний гол шалтгааныг хүмүүс бид өөрсдөө бий болгодог нь хяслантай. Ийм учраас эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөнийг эргээд байгалиар хооллогч болохыг уриалж, хүнсний хэрэглээндээ консервантгүй, натурал хоол хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Харин бид хэдий болтол мэдсээр байж эрүүл мэндээрээ хохирсоор байх вэ?

Б. Билигжаргал

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү