Засгийн газраас Ганга, Өгий нуурын хамгаалах шийдвэрийг гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд энэ сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор А/126 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийлээ. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Х.Ганбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, “Өгий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал н. Мөнхсайхан, Өгий нуурын сумын Засаг дарга Л.Алтангэрэл, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Гидроком байгууламж ХХК-ийн захирал Г.Чулуун, ШУТИС-ийн багш доктор Т.Улаанбаатар, Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор С.Гомбобаатар болон яамнаас гаргасан ажлын хэсгийн бусад гишүүн оролцсон юм.
Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг л зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа аж.
Л.Алтангэрэл: Өгий нуурыг хамгаалахын тулд олон улстай хамтарч ажиллаж байна
Өгий нуурын сумын Засаг дарга энэ үеэр “Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл нөлөөлж ган, зуд, цөлжилт, шар шороон шуурга байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, Гадаргын усны тэжээлийн хомсдол, ууршилт явагдаж нуурын усны түвшин багасаж гаралтгүй болж экосистем алдагдаж хөрс, ус бохирдох, ургамал бүрхэвч доройтож олон салаа зам гарч нүүдлийн шувууд болон ан амьтдын үржих орчин хязгаарлагдаж усны оролт багасаж гаралтгүй болоод байна.
Өгий нуурын экосистемийг хадгалахын тулд 2006 оны 4-р сарын 27-ны өдрийн Сумын ИТХ-ын тогтоолоор Орон нутгийн хамгаалалтанд авч Өгийнуурыг хамгаалалтын 3 бүсэд хувааж бүсийн журмыг батлан хэрэгжүүлж байна.Өгийнуур сум нь цөлжилтийг сааруулах, хөрсний доройтлоос хамгаалах зорилгоор Солонгос улсын хөрөнгө оруулалттай Ногоон Ази Төрийн Бус Байгууллагатай хамтран 50 га газрыг хашиж, 2015, 2016 онуудад 70000 ширхэг мод тарьж ногоон төгөл байгуулсан. Өгийнуурын эрэгт “Өгий сан” ТББ хамтарч 1000 ш модыг тарьж цаашид Өгийнуурын эргэн тойронд тухайн орчинд амьдрах чадвартай мод бут сөөгийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Өгий нууранд жилд дундажаар нийт 9000 орчим жуулчид ирдэгээс 8000 нь дотоодын жуулчин, 1000 орчим гадаадын жуулчид ирж амарч байна. Өгийнуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа 4 жуулчны бааз, 18-21 эко гэрүүд үйл ажиллагаа явуулж байна.Өгийнуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор “Өгий сан” ТББ, Өгийнуур сумын ЗДТГ хамтран нуурны оролтыг сайжруулах үүднээс Хөгшин Орхон голын оролтыг нэмэгдүүлж гаралттай болгох суваг татах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.
Ч.Эрдэнэтуяа: Хүн, малын төвлөрлөөс болж нуурын ан амьтан дайжиж байгаа
Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа ярихдаа “Өгий нуур онцгой хамгаалалтын, хамгаалалтын, аялал жуулчлалын 3 бүстэй. Дэлхийн 100 гаруй орны хамтарсан IBA байгууллагаас сонгосон жишгээр Нүүдлийн шувуудад чухал газарт тооцогдсон байгаа.
Ази номхон далайн бүс нутгийг хамарсан нүүдлийн шувуудыг хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжиж буй Галуу нугасны хувьд Олон улсын ач холбогдолтой газар юм. Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байна” гэлээ.
Г.Чулуун: Өгий нуурийн усыг тэжээх 3 хувилбар боловсруулсан
Гидроком байгууламж ХХК-ийн захирал
Сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, хуурайшилт, Хархорины сувгийн уснаас тэжээгдэхээ болисон зэргээс шалтгаалаад Хөгшин Орхон голын урсац зарим үед тасарч нуур тэжээгдэлгүй болдог байна. Тиймээс Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх 3 хувилбараар нуурыг тэжээх боломжтой гэж үзэж байна.
Нэгдүгээрт Хархорин сумын төвийн хойноос Хөгшин Орхон голруу чиглэсэн хуучин голдрилыг сэргээж урсацтай болгох
Хоёрдугаарт Одоо байгаа услалтын системийн гол суваг болон аж ахуйн сувгийн урсацыг нэмэгдүүлж Хөгшин Орхон голын усны хэмжээг нэмэгдүүлэх
Гуравдугаарт Өгийнуур сумын орчмоос Орхон голоос Хөгшин Орхон голруу 15-16 км шороон суваг байгуулж Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
Т.Улаанбаатар: Нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон
ШУТИС-ийн багш доктор
Тайванийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаагаар нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон гэдэг дүгнэлт гарсан. Замаг тодорхой хэмжээгээр нуур, цөөрөмд байх ёстой ч ихэсвэл аюултай. Өгий нуурын хувьд замаг ихтэйд тооцогдож байна. Нутгийнхны ярьж байгаа шиг хогноос болж хөрс бохирдож, хөрснөөс болж нуурын ус бохирдож байна. Үүнээс ньболоод янз бүрийн нян бактери илэрч байна. Тиймээс хогны асуудлыг шийдэхийн тулд хог хаясан иргэд, аж ахуйн нэгжүүдийн төрийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарлах аргаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын жишээ шүү дээ, энэ бол.
С.Гомбобаатар: Шувууны үржлийн үе буюу 5-9 сард загасчлалыг хорих хэрэгтэй
Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор
Нуурын баруун хэсэгт шувууд их ирдэг. Нүүдлийн шувуудаас эхлээд дэлхийд ховорхонд тооцогдох шувууд маань сүүлийн үед дайжих болсон шалтгаан нь мэдээж хүний хөл их байгаагаас болсон.
Жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж байна. Монголдоо ганцхан Өгий нуурт л байдаг шувуу. Гэтэл энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байна. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг тогтоосон. Энэ мэтчилэнгээр хүний нөлөөнөөс болж ховор шувууд маань “дүрвэж” байна. Үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нуурын баруун талыг хашаалахаас эхлээд шувуудад зориулалтын амьдрах орчин бий болгох ёстой.
Эх сурвалж: БОАЖЯ