Буурал Европын зүүн хаяаг дэрлэн орших Орос орны зулай нь болсон Санкт-Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад түүнийг дайран өнгөрөх Приморский Проспект (хуучин нэр нь Благогородная улица) хэмээх өргөн чөлөөнд Нева мөрний хөвөөнөөс холгүй дорнын нэгэн элгэн хүрэн эмжээртэй бор саарал дуган сүм намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн түүхийг хүүрнэхээс эмээх мэт дүнсийн харагдахыг түүгээр зөрөн гарсан хэн хүн үл анзаарах ажээ. Үнэн алдартны шашны өлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхүү Бурханы сүм тодрон харагддаг билээ. Хэн хүний үр хэдий үед түмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсүү номын тэр газар сүм дуган босгодог байна аа ?!
Тэр хүн болбоос Буриадын соён гийгүүлэгч, ариун сүсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Түвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол юм. Цагаан Оросын хоёрдугаар Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дөрвөн давхар цогчинтой энэхүү Дүйнхорийн дацанг (оросоор Дацан Гүнзэчойнэй) Үнэн алдартны шашны нийслэлд бариулж чаджээ. Эдүгээг хүртэл оршин үлдсэн уг сүмээр цанид хамба Агваан Доржиев хичнээн чадалтай суу билэгтэн байсныг тодорхой гэрчилж болно. Европоос дутахгүй өөрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхүү үнэлж байсныг бодоход бидний бахархах нэгэн монгол бол яах аргагүй Агваан Доржиев юм.
Буриадын нэгэн бөглүү гацаанд хүний хутгийг олон, Да хүрээнд номд гийж, 19 настайдаа Өргөө хотоос жинчин даган Цастын оронд очоод Бэрээвэн хийдэд ном үзэж шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дүүргэн улмаар түвдүүдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар Далай Ламын номын багш (цэншаб, монголоор цанид хамба) болжээ. Хаант Оросоос Түвдэд зэвсэг нийлүүлэх, цэргийн хүч авах төрийн бодлого явуулахын зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж энэхүү түүхт сүмээ барих эрхийг олж авсан байна. Агваан Доржиевын тооцоолж байснаар сүм босгоход 90 мянган алтан рубль орох агаад түүний 50 мянгыг 13 дугаар Далай Лам, өөрөө 30 мянгыг, үлдсэн 10 мянгыг Халимаг, Буриадын сүсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рубль болж Агваан Доржиев Монгол улсын наймдугаар Богд Жавзандамба хутагтад хандсан байна. Ар Өвөр Монголын сүсэгтэн олны хандиваар бүтдэг Богд хааны сангаас үлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дүйнхорийн дацанг босгох зардал ийнхүү Ар Өвөр Монгол, Халимаг, Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бүтэж 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ.
Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, дотоод зургуудыг Осор Будаев, дуганын ерөнхий архитектурыг Гэлэгжамц Цэвгийна нар урлан бүтээжээ. Энэ дуганын гол шүтээн Буддагийн 2.75 метр алтан шуумлыг (1938 оны их сүйтгэлийн жилүүдэд Елагинийн арлын цөөрөмд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын 4 дүгээр Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт өргөн барьсаныг Бангкокт байсан Оросын элчин Г.А.Плансоны өгсөн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дацанд чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большевикууд төрийн эрхийг булаан авч Зөвлөлийн засгийг тогтоолоо. Большевикууд хэдийгээр шашныг үгүйсгэн, үзэн яддаг ч, “шашны эрх чөлөөг” Зөвлөлт оронд зарлаж нөлөө бүхий лам нарыг өөртөө татах бодлого эхэн үедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгүй ёс суртахуун тухайн үеийн коммунистуудын үзэл бодолд ойрхон тусч энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж түүхэнд гардаг. 1929 онд Сталин төрийн тэргүүнд гарч төмөр нударгаар улсын хэргийг зангидах болсоноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас буриадуудаар нь буулгуулж арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэхүү дацан сүүлчийн хурал номоо 1933 онд хурж 1938 онд бүрэн хаагджээ. Монголчуудын атаа жөтөө хэзээнээс барагдахгүй үргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградын Дүйнхорийн дацангийнхаа ойролцоох Олгино дахь хөдөө гэртээ буцан ирж 1937 он хүртэл амьдарч байжээ.
1937 оны одод түгэх анир харанхуй шөнө Ленинград дахь сүмийн гурван гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрүүгийн хэргийн 58 дугаар тоотод зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн өрөөнд тэднийг аваачин, тэр шөнөдөө багтаан ар дагзанд нь “Макаров” буугаа тулгаж тархинд нь тугалга зоосон энэ явдал хэнийг ч цочроосонгүй, ертөнцийн цаг эргэж л байсан байна. Yүр хаяарахаас өмнө цусны үнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дүүрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нүхэнд ёдрын мод ч босголгүй булж хаясан аж.
Цаг төрийн ширүүн байдлаас дальдран нутагтаа түр саатсан Агваан Доржиевт “Пан-Монголын дээрэмчдийн бүлгийг толгойлж байсан” гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрүүгийн хэргийн 58 дугаар тоотоор яллаж буудан алахаар товложээ. Нас сүүдэр 84 шүргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгүй Буриадын нийслэл Улаан-Yд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны нэгдүгээр сарын 29-ний үүрээр зүрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх үед ийм нэгэн бараан сүүдэр хэдэн зуун мянган монголчуудын сор болсон лам харыг нь ялгалгүй дайрч өнгөрсөн гунигт үнэн түүхийн хар толбот хуудас буй нь гунигтай.